Виктор Вембаньяма 100 хувийн саналаар шилдэг хамгаалагч болсон анхны тоглогч боллоо
Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны 2025-2026 оны улирлын шилдгүүд тодорч эхэллээ.
Тус лигийн хэд хэдэн тоглогч 65 тоглолттой холбоотой дүрмийн эсрэг давж заалдсанаар шагналд нэр дэвшигчдийн санал асуулгыг оройтуулсан. Тухайлбал Лука Дончич, Кэйд Каннигхэм болон Энтони Эдвардс зэрэг 65 тоглолтын хязгаарт хүрээгүй тоглогчид янз бүрийн шалтгаанаар лигт хүсэлт тавьсан юм.
NBA-гийн зүгээс улирлын шагналд нэр дэвших эрхийг 65 тоглолтоор хязгаарлаад багагүй хугацаа өнгөрч буй.
Харин Л.Дончич аав болоод хоёр тоглолт өнжсөн бол К.Каннингхэм өвчний улмаас 65 тоглолтод оролцоогүй тул харж үзэхийг лигийн удирдлагуудаас хүссэн юм. Мөн Э.Эдвардс гэмтлийн улмаас 61 тоглолтод оролцсоноо мэдүүлсэн ч лигийн зүгээс түүний хүсэлтийг хүлээж аваагүй аж.
Лигээс дээрх гурван тоглогчийн өргөдлийг хэлэлцсэнийхээ дараа сэтгүүлчдэд саналын хуудсыг хүргүүлсэн нь шүүмжлэл дагуулаад байна.
Тэгвэл улирлын шилдгүүдийг Даваа гарагаас зарлаж эхэллээ. Оны шилдэг хамгаалан тоглогч (Defensive Player of the Year)-оор "Сан Антонио Спөрс"-ийн төвийн тоглогч Виктор Бембаньяма тодров.
Франц төвийн тоглогч эр 20 насандаа энэ шагналыг хүртсэнээр түүхэнд хамгийн залуу хамгаалагчаар нэрлэгдсэн юм. Мөн 100 хувийн саналаар шилдгээр тодорсон анхны тоглогч болж байна. Тухайлбал оны шилдгүүдийг тодруулсан санал асуулгаар 100 сэтгүүлчид бүгд түүнийг нэгт нэрлэсэн тул боломжит 500 оноог авчээ.
"Оклахома Сити Тандер"-ын том тоглогч Чет Холмгрен 239, "Детройт Пистонс"-ын довтлогч Аусэр Томпсон 60 оноогоор удаалав.
Өмнө нь "үнэмлэхүй ялалт" байгуулахад хамгийн дөхсөн тоглогч 2001-2002 онд "Детройт"-ын Бэн Уоллес байв. Түүнийг 120 саналаас 116 нь нэгт бичсэн удаатай. Багаа долоон жилийн дараа хасагдах шатанд шалгаруулсан Виктор улирлын үнэ цэнтэй тоглогчийн шагналд ч өрсөлдөж буй. Тухайлбал Шэй Гилжис Александр, Николай Йокич нарын хамт эхний гуравт тунаж үлдээд байна.
Эх сурвалж: ESPN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
