АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп: Израил намайг Ирантай дайтуулах гэж хэзээ ч ятгаж байгаагүй
Сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн Ираны эсрэг дайныг шүүмжлэх явдал улам нэмэгдэж байгаа.
Түүний дэмжигчдийн хүрээлэл дотор ч энэ хандлага нэмэгдэж байна. Ингэхдээ Израилийн ятгалгаар АНУ-ыг уг дайнд татан оруулсан гэх сэжиг нэлээд яригдах болсон юм.
Тэгвэл Даваа гарагт Трамп сошиал хуудсандаа “Израиль улс намайг Ирантай дайтуулах гэж хэзээ ч ятгаж байгаагүй. Аравдугаар сарын 7-ны үр дүн ИРАН ХЭЗЭЭ Ч ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ БОЛЖ БОЛОХГҮЙ гэсэн миний насан туршийн итгэл үнэмшлийг улам бүр нэмэгдүүлсэн юм” гэж бичжээ.
Гэхдээ 2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр Хамас зэвсэгт байгууллага Израильд халдахад Иран улсын оролцоо дэмжлэг байсан гэх нотолгоо олдоогүй байгаа.
Трампын засаг захиргааны тагнуулын албадын тэргүүн Тулси Габбард бас гуравдугаар сард Конгрессын сонсголд оролцохдоо Иран улс цөмийн зэвсэг бүтээгээгүйг баталж байв.
Энэ дайныг эхлэхээс найман сарын өмнө АНУ-ын зэвсэгт хүчин Иранд агаарын довтолгоо явуулсны дараа Трамп тус улсын цөмийн хөтөлбөрийг бүрмөсөн “устгасан” гэж удаа дараа мэдэгдэж байсан юм.
Трампыг шүүмжлэгчид Иран улс АНУ-д шууд аюул занал учруулаагүй, энэ дайн нь Америкчуудын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хохироож, зөвхөн Израилийн ашиг сонирхлыг хамгаалж байна гэж маргадаг.
Таван долоо хоног үргэлжилсэн дайн хэзээ дуусах нь тодорхойгүй, зах зээлд газрын тосны үнэ ханшийг өсгөж, дэлхий даяар эдийн засгийн хямрал үүсгээд байгаа.
Дайны өмнө галлон нь (3.8 литр) $3 хүрдэггүй байсан бензиний үнэ АНУ-д өнөөдөр $4-өөс буухгүй байна.
NBC News сувгаас саяхан зохион байгуулсан санал асуулгад оролцсон америкчуудын гуравны хоёр нь дайныг удирдаж буй Трампын арга барилд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.
Израилийн ятгалгаар дайныг эхлүүлсэн гэсэн яриа нь Трампыг гадаад улсын нөлөөнд ордог сул дорой удирдагч мэтээр харагдуулж байна.
“Тэр Биби Нетаньяхугийн ятгалгаар дайнд орсон. Үүнийг тодорхой хэлье. Тэр Америкийн ард түмний хүсэхгүй байгаа дайнд орсон” гэж 2024 оны сонгуульд Ардчилсан Намаас Трамптай өрсөлдөж байсан Камала Харрис өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв.
2024 оны сонгуулийн үеэр Трамп өөрийгөө “энх тайванч” нэр дэвшигч хэмээн тодорхойлж, өмнөх засаг захиргааны эхлүүлсэн бүх дайныг зогсоохоо амлаж байлаа.
Өнгөрсөн онд нийтлэгдсэн Трампын засаг захиргааны Үндэсний Аюулгүй Байдлын Стратегийн баримт бичигт АНУ нь гадаад бодлого, цэргийн хүчээ Ойрх Дорнодоос дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст чиглүүлэх тухай заасан юм.
Гэвч сүүлийн нэг жилийн дотор АНУ-д зургаан удаа айлчилсан Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху үүнийг өөрчилж, Трампыг Ираны эсрэг хатуу чиг шугам баримтлахад нөлөөлж чадсан бололтой.
АНУ, Иран улсууд дайны галыг 14 хоногийн хугацаанд түр зогсоохоор тохиролцсон нь маргааш дуусаж байгаа. Гал зогсоох хугацааг сунгах эсэх нь бүрхэг хэвээр байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
