USS Abraham Lincoln дээр нөхцөл байдал хүндэрсэн тухай мэдээтэй зэрэгцэн АНУ өөр нэг хөлгөө Ойх Дорнодод илгээжээ
Номхон далайд үүрэг гүйцэтгэдэг USS George Washington нисэх онгоц тээвэрлэгч хөлгөө АНУ-ын зэвсэгт хүчний удирдлага Ойрх Дорнод руу илгээснийг эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.
Ойрх Дорнодын бүс нутагт есөн сар орчим хугацаанд тасралтгүй байрласны улмаас хүнд нөхцөл байдалтай байгаа USS Abraham Lincoln хөлгийн тухай мэдээ тарсан цаг үетэй давхцан ийм арга хэмжээ авч байна.
Ираны ойролцоо тэнгисийн усанд байрлаж буй уг нисэх онгоц тээвэрлэгч дээрх нөхцөл байдал хүндэрсэн нь усан цэргүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж, амиа хорлох оролдлого гарах болсон гэдэг.
USS George Washington хөлөг өнгөрсөн долоо хоногт Вьетнамын Да Нан боомтоос хөдөлснийг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин мэдээлжээ.
Тус хөлгийг өөр байлдааны хөлгүүдийн хамт Сингапурын хоолойгоор нэвтрэхийг харснаа гэрчүүд бас мэдээлсэн байна.
Wall Street Journal сонин тус хөлгийг USS Abraham Lincoln хөлгийг “орлох зорилготой” гэж мэдээлжээ.
Ираны боомтуудын тээврийн урсгалыг хаахын тулд Ормузын хоолойн гадна АНУ-ын үүсгэсэн тэнгисийн бүслэлтэд хоёр нисэх онгоц тээвэрлэгч оролцож байгаагийн нэг нь USS Abraham Lincoln юм.
Тус хөлөг анх арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Сан Диегогоос гарсан бөгөөд Ираны дайн эхлэхийн өмнөхөн буюу нэгдүгээр сард Ойрх Дорнодод ирж байжээ.
Өчигдрийн мэдэгдэлдээ АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Ойрх Дорнодын мөргөлдөөн USS Abraham Lincoln хөлгийн хангамжийг тасалдуулж, ноцтой нөхцөл байдалд хүргэснийг хүлээн зөвшөөрсөн байна.
“Хөлгийн хангамжийг нэн тэргүүнд тавьж, эхлээд хоол хүнс, дараа нь эрүүл ахуйн хэрэгсэл, дараа нь шуудан илгээмж гэсэн ач холбогдлын дарааллаар сайжруулах арга хэмжээ авч байгаа. Далайчид одоо цэвэр ус, эрүүл хоолны сонголттой болно” гэж уг мэдэгдэлд дурджээ.
Ардчилсан Намын хэд хэдэн хууль тогтоогч USS Abraham Lincoln хөлөг онгоц дээр үүссэн нөхцөл байдлын талаар мөрдлөг явуулж, илүү их мэдээлэл өгөхийг зэвсэгт хүчнийхэнд уриалсан байна.
Тэнгисийн цэргийн хүчний удирдлага өнгөрсөн долоо хоногт USS Abraham Lincoln хөлгийн алба хаагчдын ар гэрийнхэнтэй Сан Диего хотод уулзалт зохион байгуулсан юм.
Энэ үеэр тэд хөлөг дээрх нөхцөл байдлыг сайжруулахын тулд чадах бүхнээ хийхийг амлаж байв.
Хөлөг дээр хүнсний хомсдол үүссэн тухай мэдээлэл анх дөрөвдүгээр сард гарсан ч Пентагон үүнийг эрс үгүйсгэж байжээ.
Дэлхийн өөр өөр хэсэгт урт хугацаагаар үүрэг гүйцэтгэсэн бусад байлдааны хөлгүүд дээр ч бас ижил асуудал яригдаж байлаа.
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах ажиллагаа, дараа нь Ираны дайнд оролцсон USS Gerald R.Ford хөлөг 11 сар үүрэг гүйцэтгэсний дараа тавдугаар сарын дундуур эх орондоо буцаж байв. Энэ нь Вьетнамын дайнаас хойш далайд хамгийн удаан хугацаагаар үүрэг гүйцэтгэсэн тохиолдол болж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
