Японы эрх баригчид газар нутгийн маргаантай Курилийн арлуудад анх удаа зочилсон Путинд эсэргүүцэл илэрхийлэв
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин саяхан газар нутгийн маргаантай Курилийн арлуудад анх удаа хөл тавьсан нь Японы эрх баригчдыг хилэгнүүлжээ.
Японы гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги тус улс дахь ОХУ-ын элчин сайд Николай Ноздревийг дуудаж, эсэргүүцэл илэрхийлсэн бол ерөнхий сайд Санае Такаичи хатуу үгтэй мэдэгдэл хийсэн байна.
Японы тал Умард нутаг дэвсгэр, Оросын тал Өмнөд Курилийн арлууд гэж нэрлэдэг дөрвөн арал нь дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл хэсэгт Зөвлөлтийн улаан армид эзлэгдсэн нь одоог хүртэл хоёр улсын хооронд газар нутгийн маргаантай байдаг.
Уг маргааны улмаас хоёр улс өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулж чадаагүй юм.
Өчигдөр Токио хотод сэтгүүлчидтэй уулзахдаа Такаичи эдгээр арлуудыг “түүхийн хувьд ч тэр, олон улсын хууль дүрмийн хувьд ч тэр” Япон улсын газар нутгийн салшгүй хэсэг болохыг мэдэгдээд Оросын ерөнхийлөгчийн айлчлалыг “хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй” гэж анхааруулжээ.
Японы телевизүүд өчигдөр Эторофу буюу оросоор Итуруп арлын оршин суугчидтай уулзаж, эмнэлгээр зочилж, үйлдвэрт түрс амталж байгаа Путиний дүрс бичлэгийг харуулсан байна.
Эдгээр арлууд дээр дайн дуусахаас өмнө 17,000 орчим япон хүн амьдарч байсан гэдэг. Харин одоо 20,000 орчим орос хүн амьдардаг болжээ.
Хоккайдо арлын хойд талд оршдог Эторофу, Кунашири, Шикотан, Хабомай арлууд нь стратегийн ач холбогдолтой байрлалтайгаас гадна эрдэс баялаг, загасны их нөөцтэйд тооцогддог.
Лхагва гарагт Сахалины аралд зочилсон Путин тэнгисийн цэргийн сургуулилалттай танилцаж, маргаантай дөрвөн арал олон улсын баримт бичигт Оросын харьяанд тэмдэглэгдсэн байдгийг мэдэгдэж байжээ.
Японы ерөнхий сайд агсан Абэ Шинзо тус арлуудын асуудлаар Путинтэй тодорхой хэмжээний тохиролцоонд хүрч, арлын хуучин япон иргэдэд гэр бүлийнхээ булшийг эргэж очих боломж олгож байв.
Гэсэн хэдий ч 2022 онд Орос улс Украины нутаг дэвсгэрт халдан довтолсноор хоёр улсын харилцаа эрс муудсан юм.
Маргаантай арлууд дээр Путин анх удаа хөл тавьсан нь энэ бөгөөд үүнээс өмнө Дмитрий Медведев ерөнхийлөгч байхдаа 2010 онд Кунашир аралд нэг удаа зочилж байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
