Билл Гэйтсийн хувийн нисэх онгоц өчигдөр орой Сөүлд газарджээ
Америкийн тэрбумтан, TerraPower компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн хувийн нисэх онгоц өчигдөр орой 9:20 цагийн үед Сөүлд газардсаныг эх сурвалжууд мэдээлжээ.
Тэрбээр хамгийн сүүлд нэг жил орчмын өмнө Сөүлд ирж байсан гэнэ.
Гэйтс өнөөдөр буюу Баасан гарагт бага оврын модульчлагдсан реактор (SMR) зохион бүтээх чиглэлд хамтран ажиллах асуудлаар Өмнөд Солонгосын улс төр, бизнесийн хүрээний гол хүмүүстэй уулзах юм байна.
Тухайлбал тэр тус улсын ерөнхий сайд Хан Сон Сук, SK Group-ийн ерөнхийлөгч Чэй Тэ Вон, HD Hyndai компанийн ерөнхийлөгч Чун Ки Сун зэрэг хүмүүстэй уулзахаар төлөвлөжээ.
2006 онд Гэйтсийн үүсгэн байгуулсан TerraPower компани нь хиймэл оюуны технологийн хөгжлөөс үүдэлтэй эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан илүү найдвартай, аюулгүй, зардал багатай цөмийн эрчим хүчний реактор бүтээхээр ажиллаж байгаа.
SK Group нь TerraPower компанид $250 саяын хөрөнгө оруулсан томоохон хувь эзэмшигчдийн нэг юм байна.
Үүнээс гадна тэнгисийн хөлөг онгоц үйлдвэрлэгч HD Hyundai компани мөн тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, SMR зохион бүтээх чиглэлд TerraPower компанитай хамтран ажилладаг.
TerraPower-ийн хөгжүүлж буй натрийн реакторыг одоогоор хамгийн дэвшилтэт SMR-үүдийн нэг гэж үздэг байна.
Энэ нь үр ашигтай ажиллагаа, аюулгүй байдлаараа онцгойрдог бөгөөд уламжлалт реакторуудтай харьцуулахад 40 орчим хувиар бага цөмийн хаягдал ялгаруулдаг гэнэ.
TerraPower компани АНУ-ын цөмийн эрчим хүчний зохицуулах хорооноос энэ оны гуравдугаар сард Виоминг мужид SMR станц байгуулах зөвшөөрөл аваад ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
