Төмөр замын дээрмийн асуудлаар тээвэр ложистикийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд өнөөдөр /2022.4.06/ мэдээлэл өгөв. Тодруулбал, Улаанбаатар төмөр замын ХНН-ийн зүгээс тээвэр ложистикийн үйлчилгээ эрхлэгч Southgate гэх компаниас гурван сарын түрээс 2.3 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн байна.
Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батболд "Манай компани Замын-Үүд сумын төвөөс найман километрт үйл ажиллагаа явуулж, тодорхой гэрээ байгуулсны үндсэнд үйлчилгээгээ эрхэлж байгаа. Урд нь оффис, газрын түрээстэйгээ нийлээд сард 13 сая орчим төгрөгийн түрээс төлдөг байсан. Тухайн газарт бид 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл өчигдөрхөн эхний гурван сарын талбайн түрээс гэж 2.3 тэрбум төгрөг нэхэмжиллээ.
Хамгийн багадаа гурван жил, ихдээ зургаан жил зарцуулж олохоор төлөвлөж бизнесээ эхлүүлсэн хөрөнгийг гуравхан сарын дотор талбай ашигласан түрээст тооцож, их хэмжээний мөнгө нэхэмжилж байна.
Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайд болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Улаанбаатар төмөр замын хяналтын зөвлөлд албан бичиг хүргүүлэх хүсэлтэй байгаа" хэмээн хэллээ.
Мөн тэрбээр "Төрийн байгууллагууд хувийн хэвшлийг дээрэмддэг үйл ажиллагаагаа зогсоож өгөөч ээ. Тухайн түрээсийн талбай дээр хөрөнгө оруулалт хийсэн 2.1 тэрбум төгрөг дээр нэмээд ид шид хэрэглээд мөнгө босгосон ч цаана нь хэдэн зуун сая төгрөг дутна шүү дээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд манайхаар дамжин өнгөрдөг арав орчим байнгын харилцагчтай болсон. Мөн энэ хугацаанд 11,800 орчим вагон ирж манай дээр буусан тоон мэдээлэл бий. Тодруулбал, 770 мянган тонн нүүрсийг Замын-Үүдээр дамжуулж автомашинаар Эрээн рүү гаргасан. Эрчим хүчний нүүрсний үнэлгээгээр бодоход 90 сая орчим долларын экспортыг харилцагч арван компани маань Монгол Улсын эдийн засгийн оруулсан байгаа. Манайх шилжүүлэн ачих чиглэлд нь тус дэмээ оруулж байгаа шүү дээ. Тиймээс хувийн байгууллагыг дээрэмддэг энэхүү үзэгдлийг зогсоох хэрэгтэй байна" хэмээн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|