Мягмар гарагт Оросын тал Киев, Чернихов хотуудын ойролцоо явуулж буй байлдааны ажиллагаагаа эрс бууруулах болсныг зарлаж байв.
Гэвч энэ амлалт биелээгүй байна. Лхагва гарагт Украины олон хотод Оросын агаарын цохилт үргэлжилснийг Киевийн албаны эх сурвалж мэдээлжээ.
Тухайлбал нийслэл Киев болон Чернихов хотуудаас гадна фронтын шугам дагуу байрладаг бараг бүх хотод Оросын талаас цохилт өгсөн байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн зөвлөх Олексий Арестовичийн мэдээлснээр одоо Оросын тал тус улсын умард хэсгээс дорнод хэсэг рүү хүчээ татаж, тэнд байлдаж буй Украины зэвсэгт хүчнийг бүслэх оролдлого хийж байгаа гэнэ.
Ингэхдээ Киевийн ойролцоо цэргийнхээ зарим хэсгийг үлдээсэн нь Украины цэргийн хүчийг зүүн фронт руу хүч нэмэгдүүлж шилжихээс сэргийлэх зорилготой ажээ.
“Оросын тал Киев орчмоос цэргийн хүчээ татаж байгаа ч манай цэргүүдийг энд тогтоож байхын тулд зарим хэсгээ үлдээсэн байна” гэж Арестович телевизээр хийсэн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Өчигдөр Истанбулд үргэлжилж байгаа Орос-Украины яриа хэлэлцээ өндөрлөжээ. Украины төлөөлөгчид саналаа бичгээр Оросын талд хүлээлгэж өгсөн нь уулзалтын гол үр дүн болсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлсэн байна.
Гэхдээ тэр уулзалтаас нааштай үр дүн гарах эсэхийг хэлэхэд эрт байгааг хэлсэн юм.
Украины талаас гаргасан саналд тус улс эвсэлд үл нэгдэх бодлого баримталсныхаа хариуд АНУ, Их Британи, Франц, Турк, Хятад, Польш зэрэг гуравдагч орнуудаар аюулгүй байдлын баталгаа гаргуулахаар тусгажээ.
Үүнээс гадна Крымийн хойгийн хувь заяаг 15 жилийн хугацаанд хэлэлцэж шийдэх санал гаргасан байна.
Оросын төлөөлөгчдийн ахлагч Владимир Мединский уулзалтын үр дүнг ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулсан тухай Песков мэдээлжээ.
Украинд дайн эхэлснээс хойш эх орноосоо дүрвэсэн хүний тоо 4 сая гаруйд хүрснийг НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллага өчигдөр мэдээлсэн байна.
Энэ нь Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш Европ тивд нүүрлэсэн хамгийн том дүрвэгсдийн хямралд тооцогдож байгаа юм.
Дайн эхлэх үед гаргасан хамгийн муу төсөөллөөр ч ийм тооны хүн Украинаас дүрвэх тооцоо гарч байгаагүй аж. Гэхдээ энэ нь зөвхөн гадаадад дүрвэсэн хүмүүсийн тоо юм. Дайны улмаас орон гэрээ орхин явсан хүний тоо Украинд нийтдээ 6.5 сая хүрээд байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!