ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын тал Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ныхаа хүрээг хумих болсноо мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа” нь зорилгодоо хүрч, нэгдүгээр шат нь өндөрлөсөн тул Донбассын бүс нутгийг чөлөөлөх дараагийн шатны ажиллагаанд шилжих болсноо ОХУ-ын батлан хамгаалах яам Баасан гарагт мэдээлжээ.

Донбассын бүс нутагт Украинаас салан тусгаарласан Донецк, Луганск мужууд багтдаг.

Уг мэдэгдлээс харвал нэг сарын турш Украинчуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан Оросын зэвсэгт хүчин ажиллагааныхаа хүрээг хумихаар болсон нь тодорхой боллоо.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр бол одоо Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид Луганск мужийн газар нутгийн 93 хувь, Донецкийн 54 хувийг хяналтдаа байлгаж байгаа гэнэ.

“Тусгай ажиллагааны нэгдүгээр шатны үндсэн зорилго ерөнхийдөө биелсэн гэж үзэж байна” гэж ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын оператив удирдлагын газрын дарга Сергей Рудской ярьжээ.

“Украины зэвсэгт хүчний байлдах хүчин чадал эрс буурсан нь бидэнд Донбассыг чөлөөлөх гол зорилгодоо төвлөрөх боломжийг олгож байна” гэж тэр нэмж хэлсэн байна.

ОХУ-ын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд хоёрдугаар сарын 24-нд Украин улсын өмнөд, умард, дорнод гурван талаас зэрэг халдан довтолж байсан юм. Гэвч сар орчим хугацаанд ганц ч том хотыг эзэлж чадаагүй байгаа.

Тиймээс Оросын талын уг шийдвэр нь нэр нүүрээ хамгаалах гэсэн арга гэж ажиглагчид үзэж байна.

“Тэдний дайн эхлүүлсэн зорилго нь Донбассаас хамаагүй өргөн хүрээтэй байсан ч олон фронтоор бэлтгэлгүй довтолсон ажиллагаа нь бүтэлгүйтсэн тул ийм шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Гэхдээ Путиний дайсагнасан үр яриа хэвээр байгаа тул бодит байдал дээр ямар өөрчлөлт гарахыг харах хэрэгтэй” гэж Москвад суудаг Өрнөдийн дипломат эх сурвалж ярьсан юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин анх дайн эхлүүлэхдээ “тусгай ажиллагаа” нь Украины зэвсэгт хүчнийг чадваргүйдүүлэх (demilitarise), нацист үзэл суртлаас Украиныг ангижруулах (denazify) зорилготой гэж байлаа.

Харин Өрнөдийнхөн болон Киевийн эрх баригчид Оросын түрэмгийллийг Украины ардчиллыг устгах, засгийн эрхийг булаах зорилготой гэж үзэж байв.

Сүүлийн үед талуудын хооронд үргэлжилж буй яриа хэлэлцээний үеэр Оросын тал 2014 онд өөртөө нэгтгэсэн Крымийн статусыг хүлээн зөвшөөрөх, найман жилийн турш салан тусгаарлах дайн явуулж буй Донбассын бүс нутгийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг Украинаас шаардаж байгаа.

Харин Украины тал дайныг зогсоох асуудлаар хэлэлцэхэд бэлэн байгаа ч бууж өгөх болон ямар нэг тулган шаардалтыг нь хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.

Өчигдөр бас Оросын тал Украинд амссан хохирлынхоо тоо хэмжээг шинэчилж зарласан байна. Рудскойн мэдээлснээр сарын хугацаанд Оросын 1,351 цэрэг алагдаж, 3,825 цэрэг шархадсан гэнэ.

Хэдхэн хоногийн өмнө Украины батлан хамгаалах яам Оросын талаас амь үрэгдсэн цэргийн тоог 15,000 орчим хэмээн мэдээлж байсан юм. Хэрвээ энэ тоо баримт үнэн бол Украинд амь үрэгдсэн Оросын цэргийн тоо Афганистаны дайны 10 жилийн хугацаанд Зөвлөлтийн цэргийн амссан хохирлын хэмжээтэй тэнцэж байна.

 

Эх сурвалж: Reuters