Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан арьст Америкчууд Сибирьт суурьших магадлалтай тухай Жириновский ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Оросын алдартай үндсэрхэг үзэлтэн, Либерал Ардчилсан Намын дарга Владимир Жириновский саяхан Телеграм сувагт өгсөн ярилцлагадаа Сибирийн өргөн уудам нутагт цагаан арьст Америкчууд ирж суурьших боломжтой талаар ярьжээ.

Түүний үзэж байгаагаар өнөөдрийн АНУ нь хуучин Зөвлөлт Холбоот Улс шиг задралын ирмэг дээр ирээд байгаа гэнэ.

“Зөвлөлт Холбоот улс 70 жилийн турш Оросуудыг золиослон байж зах хязгаар нутагт суудаг үндэстнүүдээ тэжээж ирсэн. Гэтэл 1991 онд тэд үймэлдэж, ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарлаа гэж орилолдож эхэлсэн. Өөрийн газар нутгаа алдаж байгааг ухаараагүй Оросууд тэр үед юу ч хийж чадаагүй” гэж Жириновский ярьжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “АНУ-ын хувьд ийм олон үндэстнүүд байхгүй. Гэхдээ тэнд Африк гаралтай Америкчууд, Мексикчүүд буюу ерөнхийдөө өнгөт арьстнууд байгаа. Тэд өнөөдөр хүсэл сонирхлоо чанга илэрхийлдэг болж, харин цагаан арьстнууд өөрийн эрх, соёл, түүхийг ярих нь улам бүр хориотой болж байна” гэж хэлсэн байна.

Ирэх 10 жилийн хугацаанд цагаан арьстнууд АНУ-д цөөнх болж, Канад, Австрали зэрэг дэлхийн бусад улсууд руу цагаачлах магадлалтайг Жириновский хэлжээ.

Тэр ч байтугай Сибирьт ирж суурьших ч магадлалтай гэнэ.

“Тэднээс цөөн хэдэн сая нь Сибирьт суурьшихаар бидэнд хандахыг үгүйсгэх аргагүй юм” гэж Жириновский ярьсан байна.

Сибирь нь бараг 10 сая хавтгай дөрвөлжин километр талбайтай газар нутаг юм. Энд хүн ам маш сийрэг, Оросууд, Украинчууд, Татаруудаас гадна хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудаас гаралтай хүмүүс, нутгийн уугуул 40 орчим угсаатны төлөөлөл оршин суудаг.

Одоо 75 настай Жириновский 2015 онд жижиг гэмт хэрэг үйлдэж, ял сонссон иргэдийг шоронд хорихын оронд Сибирьт нутаг зааж суулгах санааг гаргаж байжээ.

“Бидэнд асар уудам газар нутаг байна. Ийм хүмүүсийг гэр бүлтэй нь тэнд суурьшуулах хэрэгтэй. Энэ бол хэн хэндээ ашигтай шийдэл” гэж тэр тухайн үед ярьж байв.

 

Эх сурвалж: Russia Today