Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

"5,600 орчим километр төмөр замын сүлжээ бий болгож, тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50%-аас доошгүй бууруулна"

Т.Саран, iKon.mn
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, эцэслэн баталсан.

Ингэснээр боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот, хөдөө, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийн тухай зургаан бодлогыг хэрэгжүүлэхээр болов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан зургаан багц асуудлыг хүргэж байна. 

Алтанбулаг-Замын-Үүд боомтыг холбосон 987 километр хурдны зам барина

Нэг. Боомтын сэргэлтийн тухай

Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөв. Түүнчлэн Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтыг төмөр замаар холбох ажлыг эхлүүлэхээр болжээ. Ингэснээр 5,600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх аж. 

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд багтаж байгаа. Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхэлнэ. 

Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулахаар төлөвлөжээ. 

Шинэ нисэх онгоцны буудлыг Ази, Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болгон өргөжүүлнэ. Агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг идэвхжүүлж, дэлхийн хэмжээний иргэний болон ачаа тээврийн компаниудтай нээлттэй, харилцан ашигтай түншлэн ажиллахыг Ерөнхий сайд уриалав. 

Хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина

Хоёр. Эрчим хүчний сэргэлтийн тухай

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлэв. 

Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах нь эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой билээ. 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо Засгийн газраас дайчилна гэв. 

Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна

Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухай

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулахаар болов. 

Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна. 

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалаас хоцрохгүй, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн аж үйлдвэржилтийн бодлогоо шинээр тодорхойлох шаардлагатай. Аж үйлдвэржсэн, ажилсаг Монголыг бий болгох нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын цөм асуудлуудын нэг гэдгийг тодотгосон юм. 

Атрын дөрөвдүгээр аяныг үндэсний хэмжээнд өрнүүлнэ

Дөрөв. Хот, хөдөөгийн сэргэлтийн тухай

Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ суурьшлын бүсийг эртний нийслэл Хархорум хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч, 2022 онд багтаан эхлүүлэх аж. Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ хот байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг ч мөн энэ онд эхлүүлэхээр тусгажээ. 

Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг нээж, орон нутгийн удирдлагуудын эрх мэдэл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх юм байна. 

Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжих аж. Хүнсээ дотооддоо бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлнэ. 

Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн нь нийслэлээс төсвөөс түгжрэлд зарцуулсан 10 жилтэй дүйцэж байгаа нь бид энэ асуудалд хэрхэн хайнга хандаж ирсний бас нэгэн илэрхийлэл гэдгийг хэлэв.  

Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг гурван чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байгаа аж.

Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон худалдааны томоохон төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдэх учиртай хэмээв. 

Нийслэл Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 километр Их тойруу хурдны зам барих ажлыг ирэх оноос эхлүүлэхээр тусгажээ. 

Төсвийн захирагч нарын ажлын үнэлгээнд мод ургуулах, арчлах ажлыг нэмж тусгана

Тав. Ногоон хөгжлийн сэргэлтийн тухай

Төсвийн захирагч нарын ажлын үнэлгээнд мод ургуулах, арчлах, байгаль орчныг хамгаалах ажлыг нэмж тусгахаар болов. 

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг өрнүүлэх аж. 

Цөлжилт, бэлчээрийн доройтол, хүн малын ундны усны нөөц шавхагдсан нь малчдыг хэдэн аймаг дамжсан отор нүүдэл хийх, нийслэл хот руу шилжин суурьших гол шалтгаануудын нэг болж байна. 

Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулах шаардлага гэж үзэв. 

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ

Зургаа. Төрийн бүтээмжийн сэргэлтийн тухай

Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-аас доошгүй хувиар бууруулахаар тус хөтөлбөрт тусгажээ. 

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм байна. 

Авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавин, хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулахаар тусгажээ.