Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг байгуулжээ.
Протоколд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оросын Холбооны Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн дэд сайд Токарев Владимир Александрович нар гарын үсэг зурлаа.
Ингэснээр Монгол, Оросын хилийн “Боршоо-Хандгайт”, “Ханх-Монд” хоёр талын боомтыг олон улсын зэрэглэлд шилжүүлэв.
Монгол Улсын Засгийн газраас үлдсэн боомтуудын өргөтгөл шинэчлэлийг эхлүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Алтанбулаг, Боршоо, Сүхбаатар боомтын бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, Ханх, Цагааннуур, Ульхан боомтуудыг “Хилийн зарим боомтуудыг хөгжүүлэх төлөвлөгөө”-нд багтаажээ.
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!