Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

120-150 жилийн тэртээх монгол нутгийн газрын зураг гурван боть болж хэвлэгдлээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Барилга, хот байгуулалтын яам

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын архивт Монгол орны 200 гаруй нэр төрлийн түүхэн газрын зураг, холбогдох материалууд хадгалагдаж байдаг аж. Энэ нь манай улсын 120-150 жилийн тэртээх зураглалууд юм байна.

"Тухайн үед Манжийн засгаас өгсөн үүрэг даалгаврын дагуу монгол ноёд удирдан хийлгэсэн энэхүү түүхэн үнэт бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, эрдэм шинжилгээний нээлттэй эх сурвалж болгох ажлыг санаачлан, эрдэмтэн судлаачдынхаа хамтаар амжилттай хэрэгжүүллээ" хэмээн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Энхманлай хэлсэн юм.

Архивт хадгалагдаж байсан дээрх түүхэн бүтээлүүдийг олны хүртээл болгох нөр ажлын үр дүнд хэвлэгдсэн "Монгол нутгийн зураг" хэмээх түүхэн газрын зургийн гурван ботийн нээлт өнөөдөр болж, дээжээс нь Үндэсний Төв архив, Үндэсний номын сан, 21 аймгийн болон зарим их сургуулийн номын санд хүлээлгэн өглөө. 

Гурван боть цомогт дээр дурдсан хугацаан дахь уул ус, гол мөрөн, хошууны ноёдын өргөө болон харуулын байрлаж байсан газар, байгалийн олдвор бүхий газрууд, газар тариалан эрхлэх боломжтой шимт байршлууд зэрэг нийт 5,000 гаруй газрын байршил, 16,000 гаруй газрын нэршлийг галиглан оруулжээ.

Сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу "20 гаруй оронд Монгол Улсын хуучин газрын зургууд хадгалагдаж байна. Түүнээс гаднынхан их сонирхон судалдаг. Газрын зургийг нэг удаа судлаад өнгөрөх биш дахин дахин нягтлах, харьцуулж судлах шаардлагатай байдаг. Монголд олон зураг хадгалагдаж байгаа нь туйлын чухал" хэмээн нээлтийн үйл ажиллагааны үеэр онцоллоо.