Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батдаваа: Сансрын зураг ашиглан хэр хэмжээний талбайд ямар ургамлын төрлийг тариалж байгааг тооцож байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
ҮСХ

НҮБ-ын Ази-Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын хурал өнөөдөр эхэллээ. 29 дэх удаагийн тус хурал арваннэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдаж байна. 

Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү хурлыг НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллага болон Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн хурлаар байгаль орчин, мал амьтан, газар тариалан, ойн аж ахуй, загас, ан агнуур, хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд бодлого, шийдвэрт шаардлагатай тоон мэдээллийг тооцоход олон улсын туршлага, шинэлэг арга аргачлалыг хэлэлцэх аж.

Манай Улсын хувьд зайнаас тандан судлах арга зүйн туршилтыг газар тариалангийн статистикт ашиглах туршилт хийж байгаа талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тухайн газар тариалан эрхлэгчдийн мэдээллийг цаасаар цуглуулдаг байсан бол сансрын зураг ашиглаад хэр хэмжээний талбайд ямар ургамлын төрлийг тариалж байна вэ гэдгийг тооцох үйл ажиллагаа явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл ургамлын гэрлийн урвалыг ашиглаад тэдэн га талбайд ийм хэмжээний улаанбуудай, төмс, лууван тариалж байна гэдгийг таних үйл явц юм. Туршилт судалгааг өнгөрсөн зургаадугаар сараас эхлүүлэн бөгөөд 90 хувьд дөхөж байна.

Хөдөө аж ахуйн салбар техник, тоног төхөөрөмж, ус их ашигладаг. Газрын зураг ашиглан талбайн аль хэсэгт усалгаа шаардах вэ гэсэн тухайн аж ахуйн нэгжийн микро мэдээллийг гаргах боломжтой болно. Ингэснээр хөдөө ахуйн салбарын хүртээмж сайжирна гэсэн хүлээлт байна" гэлээ. 

Манай улс хөдөө аж ахуйн салбарын ялангуяа малын тоон мэдээллийг 1918 оноос эхлэн цуглуулсан, мал тооллогыг жил бүр зохион байгуулдаг. Мөн газар тариалангийн салбарын мэдээллийг албан ёсны статистикийн дагуу жил бүр тооцон гаргадаг бөгөөд Хөдөө аж ахуйн тооллогыг 2022 онд зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. 10 жил тутамд зохион байгуулдаг энэхүү тооллогын бэлтгэл ажлыг хангаж байгаа энэ цаг үед тус хурлыг манай улс хариуцан зохион байгуулж буй нь онцгой ач холбогдолтой хэмээн хурал зохион байгуулагчид хэлж байлаа.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгууд бусад улс орнуудаас түрүүлэн биелж байгаа ч зарим талаараа хоцрогдолтой

Хурлын үеэр НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа "Энэхүү дөрвөн өдөр үргэлжлэх хуралд бүс нутгийн бүх орнуудын төлөөлөл болох 200 орчим хүн оролцоно. Тогтвортой хөгжлийн зорилгууд, Алсын хараа-2050 зорилт биелэхэд маш сайн хяналтын систем хэрэгтэй.

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хувьд тогтвортой хөгжлийн зорилгууд, гүйцэтгэлийг хянаж байгаа. Маш сайн судалгаа бий ч зарим талаар зорьсон зорилгоосоо хоцрогдсон мэдээллүүд байна. Манай байгууллагын хувьд Үндэсний статистикийн хороотой нягт хамтарч ажилладаг. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зарим зорилгууд бусад улс орнуудаас түрүүлэн биелж байгаа бол зарим талаараа хоцрогдолтой байна. 

Бодлого боловсруулах чиглэлд тоон мэдээллийг ашиглах, ямар арга шийдэл байна гэдгийг олохын тулд энэхүү хурлыг зохион байгуулж байгаа" гэдгийг хэллээ. 

Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын ДНБ-ий 13 хувь, экспортын зургаан хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 24 хувь нь ажилладаг хөгжлийн түлхүүр салбар гэж үздэг. Мөн хүн амын 32 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна. Иймд энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах замаар бүтээмжийг нэмэгдүүлж, байгаль цаг уурын өөрчлөлтийг даван туулах чадварыг сайжруулах, хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд хөгжлийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг илүү богино хугацаанд гаргасан, нарийвчилсан тоон мэдээллийн эрэлт улам бүр нэмэгдэж байгаа аж. 

“Тогтвортой хөгжлийн зорилго” болон “Алсын хараа 2050” хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтийг тооцох, үнэн зөв, бодит мэдээллээр бодлого боловсруулагч нарыг хангахад статистикийн байгууллагын үүрэг нэмэгдэж байгаа өнөө үед нэгдсэн аргачлалаар НҮБ-ын харьяа байгууллага, тэр дундаа Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг хэлэв. 

Иймд энэхүү хурлаар улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж байгаа бодлого, төлөвлөлтөд шаардлагатай тоон мэдээллийг бий болгох, тооцооны бодит байдлыг сайжруулах, гүнзгийрүүлсэн судалгаа боловсруулах зэрэгт бүсийн улс орнуудын туршлага, олон улсын нэгдсэн арга зүйг судалж, үйл ажиллагаандаа ашиглах боломжтой хэмээн онцоллоо.