ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тогтвортой санхүүжилт гэж юу вэ? + Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2021

ikon.mn
2021 оны 11 сарын 17
Сурталчилгаа
 
“Тогтвортой хөгжил бол бүх тавцанг өөрчлөх их завсарлагаа юм. Үүнийг ойлгосон байгууллагууд ирээдүйд ноёрхоно.”

Манай Unread-ийн хамт олон үүсгэн байгуулагдсан цагаасаа тогтвортой хөгжлийн сэдвийг анхааран, уншигчдадаа таниулахад анхаарч ирсэн бөгөөд “Тогтвортой хөгжил 2030” цахим товхимлыг хоёр долоо хоног дутам эрхлэн гаргадаг билээ. Тэгвэл энэ нийтлэлдээ бид тогтвортой хөгжлийн нэгэн чухал ойлголт болох тогтвортой санхүүжилт хийгээд тус ойлголтыг Монголд бодитоор нутагшуулан үйл ажиллагаа явуулдаг Монголын Тогтвортой Санхүүгийн Холбооноос тун удахгүй зохион байгуулах гэж буй нэгэн чухал форумын тухай онцолж байна.

Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо буюу “ТоС Холбоо” нь Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэд тогтвортой санхүүтэй холбоотой үүссэн асуудлуудад гишүүдийнхээ үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлж, шийдэл боловсруулан, Монгол Улсын байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд хувь нэмэр оруулан ажилладаг байна. 

Тус холбоо тогтвортой санхүүгийн чиглэлээр гаргасан шийдэл, бүтээл, ахиц дэвшил болоод саад бэрхшээлүүдээ ярилцах зорилгоор хоёр жил тутам гишүүн, хамтрагч байгууллагуудтайгаа хамтран нэгдсэн форум зохион байгуулдаг ажээ. Энэ жилийн хувьд Монголын Тогтвортой Санхүүгийн Форум “Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье!” сэдвийн дор 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр танхим, онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна.

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Тогтвортой хөгжил нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан дэлхийн нийтийн урт хугацааны бодлого бөгөөд үүний нэг чухал бүрдэл нь тогтвортой санхүүжилтийн тухай ойлголт юм.

Тогтвортой санхүүжилт нь ямар нэгэн санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн төсөл, тухайн бизнес нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байна уу гэдгийг нь харгалзан үзэж хөрөнгө оруулах тухай ойлголт юм. Энэ нь санхүүгийн байгуулага хийгээд түүний харилцагчийн эрсдэлийг бууруулдаг бөгөөд тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах нь ногоон эдийн засгийн өсөлтийг бий болгон нийгмийн шударга ёсыг тогтоох, байгаль орчныг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд тогтвортой санхүүжилт хамгийн том гарц болж байна. 

Нөгөө талаар, нийгмийн хариуцлагагүй, байгальд сөрөг нөлөө үзүүлэн үйл ажиллагаа явуулдаг байгуулагуудын өмнө байгальд ээлтэй шинэ шийдлийг нэвтрүүлж, эерэг хандлагыг түгээх шалгуур тавигдаж байна гэсэн үг юм.

“Өнгөрсөн арван жилийн хугацаанд дэлхий дахины хөрөнгө эзэмшигчид, институциуд, биржүүд, зохицуулагчид, бодлого боловсруулагчид их ажил хийсэн. Ирэх жилүүдэд тогтвортой хөрөнгө оруулалтын зах зээлийг бизнесийн загвар, соёл болгон тогтвортой байдлыг бүрэн шингээсэн томоохон зах зээл рүү шилжих шаардлагатай" 

Жеймс Жан

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭ ХЭД ВЭ?

UNCTAD-ийн тооцоолсноор тогтвортой байдлын сэдэвт хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний үнэ 2020 онд 3.2 их наяд ам.доллар болсон нь 2019 оныхоос 80 гаруй хувиар өсжээ.

Зураг 1 – 2010-2020 он хүртэлх тогтвортой байдлын сэдэвт сангийн тоо ба AUM (Тэрбум доллар)

 
“Мөнгөнөөс өөр ашиг олдоггүй бизнес маш хэврэг байдаг.”
Хэнри Форд

ТА МЭДЭХ ҮҮ?

Арилжааны банкууд ногоон ирээдүйн төлөө байгаль орчин, нийгмийн асуудлыг чухалчлан, өөрсдийн үйл ажиллагаандаа харгалзан үзэхээр 2013 онд Тогтвортой санхүүжилт (ТоС) хөтөлбөрт нэгджээ. Ингэснээр аливаа зээл, санхүүжилтийг олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлэн ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлэх бизнес, үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалзахаар болсон юм. Энэхүү санаачилгын хүрээнд тэд байгаль орчинд ээлтэй ногоон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ногоон ирээдүйг бүтээхээр зорин ажиллаж байна.

Тэгвэл Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоог 2017 оны 12 дугаар сард Монголын Банкны Холбооноос салаалуулан үүсгэн байгуулжээ. Тус байгууллага өдгөө Монголын банкны салбарт үйл ажиллагаа явуулж буй арилжааны 12 банк,  банк бус санхүү, бизнесийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудыг тогтвортой санхүүгийн найман зарчим дор нэгтгэн, нийт 23 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

ТоС Холбоо нь Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан (УАНС), Монголын Банкны Холбоо, Хас банк, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI) зэрэг байгууллагуудтай хамтран хамгийн анхны төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан ногоон санг байгуулахаар 2017 оноос хойш ажиллаж буй. Тус үндэсний ногоон санхүүгийн байгууллага нь ногоон сан нь бөөний зээлийг санхүүгийн байгууллагууд олгох, тэдгээр хямд өртөгтэй санхүүжилтээр ногоон төсөл хөтөлбөр, инновацыг дэмжих юм.

ТООГООР ТАЙЛБАРЛАХ НЬ 

1,000,000,000 – Дэлхийн агаарын дундаж хэмийн өөрчлөлтийг хоёр градусаас бага байлгахын тулд эрчим хүчний салбарт дэлхийн хэмжээнд 2012-2050 оны хооронд жил бүр нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.

98% – Монгол Улс ДНБ-ийхээ дөрвөн хувьтай тэнцэхүйц хөрөнгийг ногоон эдийн засагт хөрөнгө оруулснаар 2026 онд хүн амын 98 хувь нь цэвэр усаар хангагдах боломжтой.

88 – Монгол улсын санхүүгийн салбарт банкны эзлэх хувь

16.02 – Монголын банкны салбар сүүлийн 5 жилд байгаль орчны төсөл хөтөлбөрт 16.02 тэрбум төгрөгийг зарцуулсан бол байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, нийгмийн эмзэг бүлгүүдэд 26.21 тэрбум төгрөгийн туслалцаа, хувь нэмэр оруулжээ.

1.3 – Байгаль орчинд эерэг нөлөөтэй төслүүдэд олгосон зээлийн хэмжээ /тэрбум төгрөг/

10,017 – Тогтвортой санхүүгийн сургалтад хамрагдсан ажилчдын тоо, давхардсан тоогоор

7.3 Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж олгогдсон зээлийн хэмжээ /тэрбум төгрөг/

ТоС Холбоо нь мөн барилга, уул уурхай, хөдөө аж ахуй болон текстилийн салбарын  зээлийн үйл ажиллагаатай холбогдон гарах байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлэх салбарын удирдамжийг боловсруулаад буй. Үүнээс текстилийн салбарыг онцлон авч, тус салбарын ногоон зээлийн эрэлтийн судалгаа, байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын аргачлал ба ногоон зээлийн шалгуур зэргийг нарийвчлан боловсруулсан нь уг салбарын санхүүжилтэд “ногоон угаалт” үүсэхээс сэргийлсэн ажил болжээ.

Монгол улсын хүн амын 66 хувь нь гэр хороололд оршин суудаг.

Ногоон инновацгүйгээр тогтвортой хөгжлийг ярих боломжгүй бөгөөд түүнийг бүтээх тогтвортой санхүүгийн механизм амин чухал. ТоС Холбоо нь эрчим хүчний хэмнэлтийг дэмжсэн төслүүд дээр хамтран ажилладаг. Тэдгээрийн нэг нь эрчим хүчний хэмнэлттэй, зуухгүй, пааргүй амины орон сууцны санхүүжилтийн механизмийг бий болгох зорилгоор 30 хувийн урьдчилгаа төлбөртэй моргейжийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох төсөл юм.

Түүнчлэн, Монгол гэрийн халаалт, дулаалгын яндангүй шийдэл ЧИП багцад зориулсан татаастай ногоон зээлийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот болон Баянхонгор, Өмнөговь, Говь-Алтай аймгуудад арилжааны банк болон ББСБ-аар дамжуулан олгох зэргээр олон талын хамтын ажиллагааг хангаж ажиллаж байгаа ажээ.

Түүнчлэн Монголын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниудыг Байгаль орчин, нийгэм, засаглалын нөлөөг тайлагнадаг болгоход  олон улсын байгууллага, бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгч агентлагтай хамтран дүрэм журам, санал зөвлөмжүүд боловсруулах ажлыг эхлүүлжээ.

 

“Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье!”

Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2021

“Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2021”-д Монгол Улсын банк, санхүүгийн салбарын бодлого тодорхойлогчид, бизнесийн байгууллагууд, мэргэжилтнүүд, иргэний нийгмийн төлөөллүүд хуран чуулж, тогтвортой санхүүжилтийн салбарт хийгдэх ёстой ажлууд, шинэ нөөц боломжууд, хүндрэл бэрхшээлүүдийн талаар илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм.

“ТоС Форум” нь тогтвортой санхүүжилтийг Монгол улсад хөгжүүлэх хүчин чармайлтаа эргэн дүгнэх, алсын хараа замын зургаа эргэн нэг харах, амжилт ололтоо тэмдэглэх, ирээдүйн хамтын ажиллагаагаа тодорхойлох, тулгарч буй бэрхшээлийн талаар шийдэл, гаргалгаа гаргах гэх мэт зорилготой бөгөөд дараах сэдвүүдийг хөндөн ярилцах ажээ. Үүнд:

  • Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураглал ба Ногоон сэргэлт
  • Ногоон санхүүжилт
  • Банкны бус салбарт байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлэх
  • Уур амьсгалын эрсдэл ба санхүүгийн салбар
  • Тогтвортой, ногоон бизнесийг хөгжүүлэх зэрэг тус тус багтаад байна.

Бүртгүүлэх: https://docs.google.com/forms/d/e/

Банк, санхүүгийн салбарынхан тогтвортой санхүүгийн хөгжлийн замд нэгдсэн нь энэ бөгөөд тогтвортой санхүүжилт цар хүрээгээ тэлэн, ногоон ирээдүйд хурдтай шилжих цаг хаяанд иржээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.