Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Амаргүй нөхцөл байдал дундуур Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч байсан нь үнэн. Гэхдээ эвлэрч чадахгүй хэд хэдэн зүйл бий"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УОК, НОК-оос цаг үеийн асуудлаар хамтран мэдээлэл хийх үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн хэлэлцээртэй холбоотойгоор сэтгүүлчийн асуусан асуултад хариулт өгөв. 

Тэрбээр "Оюутолгойтой холбоотой асуудал дээр хэлэхэд гуравдагч улсын хөрөнгө оруулалт орсон, барууны ертөнцийн зах зээлтэй холбоотой манай уул уурхайн салбар ажиллаж эхэлсэн нь өөрөө түүхэн том ололт. Үүнийг Засгийн газар үгүйсгэж болохгүй, цаашид ч болохгүй гэдэг байр суурин дээр хатуу байна гэж бодож байна.

Оюутолгойн гэрээ хийгдэх явц, түүний дараа далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гарсан шийдвэрүүд дээр эргэж харах зүйл бол байгаа.

Татвар дээр ашиггүй заалтыг санал болгоод тэр нь батлагдчихсан асуудал байгаа. Үүнээс болоод жил гаруй хугацаанд олон улсын Арбитрын шүүх дээр маргаан өрнөж байна. Хоёрдугаарт зардал өсөх тусам өрөнд ордог бүтэц рүү орчихсон. Монгол Улсын Засгийн газар зардал өсөхөд ямар ч буруугүй гэсэн байр суурь барьж байгаа.

ТЭЗҮ болон бусад асуудлыг 66 хувийг эзэмшиж буй хөрөнгө оруулагч компани өөрөө л хариуцаж байгаа.

  1. 34%-ийг эзэмшигч Монгол Улсын засгийн газар ямар ч алдаа гаргаагүй. Тиймээс үүсэж буй өрөө тэглээч гэж байгаа юм.
  2. Дахиад далд уурхайн зардлын асуудал үүсвэл Монгол Улсын Засгийн газар хариуцахгүй гэх санал тавьж буй.

Хөрөнгө оруулагчдын саналыг бид хүндэтгэж судалж үзэж байна. Бидний хувьд үр өгөөжтэй байх гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байгаа гэв.

Дубайн гэрээтэй холбоотойгоор хэлэхэд эдийн засаг тухайн үед хүнд байсныг ойлгож байгаа. Валютын нөөц тасарсан амаргүй нөхцөл байдал дундуур Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч байсан нь үнэн. Ерөнхий сайд бүр л хүнд залуур дээр суудаг юм билээ. Гэхдээ л эвлэрч чадахгүй хэд хэдэн зүйл бий. Жишээлбэл, энэ баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар оруулаагүй, нэг хүн л субъектив шийдвэр гаргасан учраас эсэргүүцээд байгаа хэрэг.

Ерөнхий сайдууд хуулийнхаа дагуу л явах ёстой. Ажлын хэсгийг давж харьцаж болохгүй" хэмээв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/177506487874863