Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Европын технологийн мэргэжилтнүүд Монголын охид, эмэгтэйчүүдийн цахим орчин дахь мэдлэгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна

ikon.mn
2021 оны 10 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Литва улсын мэдээлэл технологийн Инфобалт холбоо, Монголын Залуучуудын Эвсэлтэй хамтран охид, эмэгтэйчүүдийн цахим шилжилт, технологийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор жижиг төслийг хэрэгжүүлж байна.

Дэлхийн жишгийн дагуу Мэдээлэл технологийн салбар Монгол Улсад сүүлийн арван жилд хурдацтай хөгжиж байна. Харамсалтай нь уг салбарт чадвартай мэргэжилтэн дутагдаж байгаа ба Мэдээлэл технологийн чиглэлээр их дээд сургууль төгсөж буй оюутнуудын дөнгөж 15%-г охид, эмэгтэйчүүд эзэлж байна.

2018 онд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр Монгол Улс Азийн бүсэд их дээд сургуульд элсэгчдийн харьцаа 1.43:1 (эмэгтэй:эрэгтэй) гэсэн үзүүлэлтээр Филлиппин, Бангладеш улсуудын араас тэргүүлэх эгнээнд орох үзүүлэлт юм. Харин STEM буюу ШИМТ (Шинжлэх ухаан, Технологи, Инженерчлэл, Математик) төрлийн боловсрол эзэмшиж буй оюутнуудад дээрх харьцаа урвуу хандлагатай байгаа нь ажиглагдаж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар ирэх жилүүдэд өгөгдлийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, инженерчлэл, үүлэн тооцоолол, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг салбарт сая сая шинэ ажлын байр бий болох ба эдгээр салбарт ажиллах боловсон хүчин дутагдалтай байгаа аж.

Цахим орчинд ажиллах мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлснээр охид, эмэгтэйчүүдийн шинээр бий болж буй хөдөлмөрийн зах зээлд илүү уян хатан хэлбэрээр ажиллах, цаашлаад шинээр бизнес эрхлэх, санхүүгийн үйл ажил ажиллагаанд оролцох боломж нэмэгдэх юм.

 

Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж буй Монголын Залуучуудын Эвслийн ажилтан Ц.Очгэрэл: “Манай байгууллага нь хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө бүхий л үйл ажиллагаандаа олон янзат төлөөллийг орхигдуулалгүй оролцуулж, жендэрийн эрх тэгш байдлыг үргэлж хангахыг хичээн ажилладаг. Манай орны уламжлалт хандлага, нийгмийн хэвшмэл ойлголтоос үүдэн ШИМТ салбарт суралцан ажиллах охид, эмэгтэйчүүдийн тоо эрчүүдтэй харьцуулахад харьцангуй бага. Харин энэхүү сургалт нь ШИМТ салбарт амжилттай ажиллаж буй олон улсын мэргэжилтнүүдийн туршлагатай танилцан цаашид энэ салбарыг сонирхон судалж буй охид, эмэгтэйчүүдийн карьер төлөвлөлтөд багахан ч болтугай нөлөөлж чадна гэдэгт итгэлтэй байна.”

Литва улсын мэдээлэл технологийн салбар үсрэнгүй хөгжиж байгаа бөгөөд дэлхийн олон шилдэг технологийн компаниудын салбар байршихаас гадна HomeToGo, Apple Pixelmator, Vinted, машин, скутер хуваалцах платформ болох TRAFI зэрэг үйлчилгээ нь олон улсад хэдийнээ танигдаж, алдартай цахим бүтээгдэхүүн болсон байна.

Литва улсын мэдээлэл технологийн хөгжил, эдийн засагт үзүүлж буй нөлөөний талаар Бүгд Найрамдах Литва Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд хатагтай Диана Мицкевичьене “Литва бол Европын Цахиурын хөндийгөөр хүлээн зөвшөөрөгдсөн орон бөгөөд өнөөгийн цахим шилжилт эрчимтэй хөгжиж буй улс юм. Өөрчлөлтийг соргогоор хүлээн авах, цахим шилжилтийг бий болгох чадвар нь манай ард түмний ДНХ-д бий гэж болно” гэж онцолжээ. 

Литва улсын Мэдээлэл технологийн Инфобалт холбооны мэргэжилтэн Андриус Плечкайтис: “MYpower төслийн гол зорилго нь Монголын охид, эмэгтэйчүүдийг технологийн ертөнцөд карьераа эхлүүлэх, дижитал ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Бид онлайн хичээл, хэлэлцүүлгийг зохион байгуулж, практик зөвлөгөөгөөр оролцогчдыг чиглүүлэхээс гадна үлгэр дуурайлал үзүүлж буй охид/эмэгтэйчүүдээс туршлага судалж, цаашид мэдээлэл технологийн салбарт боловсрол эзэмших, бизнес эрхлэх талаарх эхний алхмуудаа хийхийг охид, эмэгтэйчүүдэд уриалах болно."


Литвийн ИНФОБАЛТ холбоо нь 1994 онд байгуулагдсан бөгөөд Балтын орнуудын хамгийн ууган мэдээлэл технологийн DigiTech мэргэжлийн холбоо юм. Тус холбоо нь 200 гаруй технологийн компаниуд (мэдээллийн технологи, финтек болон бусад технологийн салбарын компаниуд) болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн ба гишүүн байгууллагуудын ажилтны тоо 11 мянга орчим байна.

“Монголын Залуучуудын Эвсэл” ТББ нь хүний эрхийг дээдэлсэн шударга, алагчлалгүй нийгмийг бүтээхэд залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэхийн төлөө 2014 онд байгуулагдсан бөгөөд, 20 гаруй ТББ-ыг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж байна.