Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Эмнэлгүүдэд хүчилтөрөгч нийлүүлэх зорилгоор Роскосмос пуужингийн хөдөлгүүрийн туршилтуудаа зогсоожээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Воронеж хот дахь Химийн Автоматикийн Дизайны Товчоо пуужингийн хөдөлгүүрийн туршилтуудаа энэ сарыг дуустал завсарлахаар болсныг ОХУ-ын төрийн өмчит Роскосмос корпорацийн захирал Дмитрий Рогозин өчигдөр мэдэгджээ.

Коронавирусийн халдвар тархалт нэмэгдэж, эмнэлгүүдийн хүчилтөрөгчийн хэрэгцээ эрс нэмэгдсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэснийг тэр сошиал хуудсандаа тайлбарлан бичсэн байна.

Одоо Роскосмос корпораци өдөрт 33 тонн хүртэл  хэмжээний хүчилтөрөгчийг эмнэлгүүдэд тусламж болгон нийлүүлж байгааг Рогозин бас мэдэгджээ.

ОХУ-д наймдугаар сараас хойш коронавирусийн Дельта хувилбар хүчтэй тархаж, өвчлөл, нас баралтыг огцом нэмэгдүүлээд байгаа.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 962 хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас барсныг тус улсын цар тахалтай тэмцэх төв Ням гарагт мэдээлжээ.

Өмнөх өдөр нь 968 хүн эндсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт байв. Сүүлийн таван өдөр дараалан нэг өдөрт нас барсан хүний тоо 900-г даваад байна.

Ням гарагийн байдлаар ОХУ-д Covid-19 өвчний улмаас нас барсан хүний нийт тоо 216,415 хүрсэн бол батлагдсан халдварын тохиолдол 7,775,365 хүрчээ.

 

Эх сурвалж: ТАСС