Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүчилтөрөгчийн аппаратаа салгамагц амьсгаадан, толгой эргэж байсан..."

Г.Номин, iKon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

...Хүчилтөрөгчийн аппаратаа салгамагц амьсгаадан, толгой эргэж байв. Зарим үед ариун цэврийн өрөө орохдоо хүртэл зөөврийн баллонтой хүчилтөрөгч залгаж хэрэглэнэ. Яг энэ тэр гэлтгүй бүх бие өвдөөд байдаг юм байна лээ... хэмээн коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн жирэмсэн ээж ярьсан юм. 

31-32 долоо хоногтой жирэмсэн ээж Нараа/нэрийг өөрчлөв/ коронавирусийн халдвар авсан гэдгээ наймдугаар сарын 30-ны өдөр мэджээ. Шинжилгээний хариу эерэг гарсныг мэдсэн даруйдаа өрхийн эмнэлэгтээ мэдэгдэж, хоёр хоногийн дараа Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-II буюу бидний ярьж заншсанаар Яармагийн 300 ортой эмнэлэгт хэвтсэн байна. 

Нараа "Яармагийн эмнэлэгт хэвтэх гээд очиход сул ор байгаагүй. “Коридорт хэвтээд ор гарахыг хүлээх үү?” гэж эмч надаас асуухад нь би шууд л "Тэгье" гэсэн. Жирэмсэн болохоороо өөртөө ч, хүүхдэдээ ч их санаа зовж, айж байсан. Азаар маргааш нь тасагт ор гарсан. Эмнэлгийн зүгээс байгаа бүх боломжоо ашиглаад жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй ээжүүдийг хэвтүүлж байна лээ. Хөнжил нь хүрэхгүй болтлоо л хэвтүүлж байсан.

Эмчилгээний эхний өдөр витамин С, Д болон эмүүдтэй багц өгөөд дараа өдрийнх нь өглөө шинжилгээнүүд авсан. Эмч нарын зүгээс урагт маш их анхаарч тогтмол зүрхний бичлэг хийж, эхо-д харж байлаа. 

Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс 7-10 хоног эмчлүүлээд эмнэлгээс гарч байсан бол би нэлээд хүндэрч эмнэлэгт хэвтсэнээс хойш зургаа хоногийн дараа эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн юм. Эрчимт эмчилгээний тасагт илүү хүчтэй антибиотек дуслаар хийж, хүчилтөрөгчийн аппарат залгуулж байлаа. Найм хоногийн турш 24 цагаар тасралтгүй хүчилтөрөгчийн аппарат залгуулсан бөгөөд аппаратаа авахаар л амьсгаадаж толгой эргээд байв. Зарим үед ариун цэврийн өрөө орохдоо хүртэл зөөврийн баллонтой хүчилтөрөгч залгаж хэрэглэнэ. Вакцин хийлгээгүй хүмүүс их хүндэрч байна уу гэж ажигласан. Би ч бас вакцин хийлгээгүй байсан юм.

Эмч, сувилагч, асрагч нар хором ч амрах завгүй ажиллаж, хүнд хүмүүсээ ойр ойрхон эргэж тойрч, бид ч гэсэн бие гайгүй болоод ирэх үед хүнд байгаа хүмүүстээ ус, цайг нь дөхүүлж өгнө. 

Эмчилгээний үед ураг дэмжих, тонус, үрэвслийн эсрэг бүхий л арга хэмжээг авч байсан нь санаа амрааж, тайвшруулж байсан. Эмч, сувилагч, эмч нартаа маш их талархаж байгаагаа дахин дахин хэлмээр байна" хэмээн ярьсан юм. 

Тэрбээр нийт 16 хоногийн турш эмчилгээ хийлгэж эдгэрээд эмнэлгээс гарчээ. Эмчилгээ хийлгэж байх хугацаанд цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нь заримдаа 79 хүртэл унаж байсан бол аппарат залгахаар 92-93 болж өсөж байжээ. Хоёр дахь хүүхдээ тээж буй Нараа аравдугаар сарын сүүлээр амаржих бөгөөд ургийн биеийн байдал одоо хэвийн байгаа юм байна. 

Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурахад толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг бөгөөд хангалттай хүчилтөрөгчөөр амьсгалж байгаа үед биеийн эд эсийн нөхөн төлжилт зөв зүйтэй явагдаж өвчний эдгэрэлт түргэсдэг байна. Тиймээс КОВИД-19 халдвараар өвчилсөн иргэдийн хувьд пульс-оксиметр ашиглан хүчилтөрөгчийн хэмжээгээ хянаж байх шаардлагатайг мэргэжлийнхэн зөвлөж буй.

Б.Ононбүргэд: Хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг дийлэнхдээ жирэмсэн эхчүүдийн эмчилгээнд хэрэглэж байна

Нараагийн хэвтэн эмчлүүлсэн Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-II буюу Яармагийн 300 ортой эмнэлэгт өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд КОВИД-19 халдвараар өвчилсөн 20,000 гаруй иргэн эмчлүүлжээ. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн нөхцөл байдал, өвчтөнүүдэд зонхилон хийж буй эмчилгээний талаар тус тасгийн эмч Б.Ононбүргэдтэй ярилцсан юм. 

 

- Эмнэлгийн сэхээний тасгийн нөхцөл байдлыг танилцуулахгүй юу, ор, тоног төхөөрөмж, эмийн хүрэлцээ хангамж хэр байгаа вэ?

- Юуны түрүүнд эмнэлгээ танилцуулсан нь зөв байх. Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-II нь 2020 оны есдүгээр сард Засгийн газрын тогтоолоор  байгуулагдсан. Тухайн оны арваннэгдүгээр сараас КОВИД-19 халдвартай иргэдийг авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн байгаа. Нийт 300 ортой эмнэлэг юм. Одоогийн байдлаар 1,000 гаруй эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагийн 50 орчим хувь нь жирэмсэн эх байна.

Эрчимт эмчилгээний тасаг нь нэн хүнд өвчтөн хэвтүүлэх зохиомол амьсгалын аппараттай 12 ор, хүнд өвчтөн хэвтүүлэх 40 ортой үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний эмчийн үзлэг, хяналт, тусламж шаардлагатай 60 эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, найман эмч, 10 сувилагч ажиллаж байна.

- Жирэмсэн ээжүүдэд антибиотек эмчилгээнээс гадна хүчил төрөгчийн эмчилгээ зайлшгүй хийгдэж байгаа гэж ойлгосон. Хүчилтөрөгчийн эмчилгээг хийх тоног төхөөрөмж, дэд бүтэц танай эмнэлэгт хангалттай хэмжээнд байгаа юу?

- Албан байгууллага болон хувь хүн гээд олон газраас янз бүрийн тусламж үзүүлж байгаагаас НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивласан нь бидний эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэлээд тус дэм болж байна. Хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнүүдэд зайлшгүй нэмэлтээр хүчилтөрөгч эмчилгээ шаардагддаг. Ялангуяа жирэмсэн эхчүүд ихэнхдээ хүчилтөрөгчийн хэрэгцээ өндөр байдаг учир хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг дийлэнхдээ жирэмсэн эхчүүдийн эмчилгээнд хэрэглэж байна. Зарим тохиолдолд өтгөрүүлэгч хүрэлцээгүйн улмаас тухайн аппаратыг салаалагч ашиглан хоёр өвчтөнд зэрэг өгөх хуваарь гаргаж тодорхой цагаар ээлжилж хэрэглэх тохиолдол ч гарч байсан.

- Хүчилтөрөгчийн эмчилгээ нь ДЭМБ-ын удирдамжид орсон стандарт эмчилгээ бөгөөд халдварын өвчлөлийн эсрэг эмчилгээний үеийн хүндрэл, нас баралтыг 2-4 дахин бууруулж байгааг олон улсын эрдэм шинжилгээний өгүүллүүдэд дурдсан байсан. Энэ талаар тодруулан тайлбарлаж өгнө үү?

- Тийм ээ. КОВИД-19 халдварын үеийн эмчилгээнд нэн тэргүүнд хүчилтөрөгч эмчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг. Учир нь уг вирус нь амьсгалын замыг тэр дундаа уушгийг маш хурдан хугацаанд гэмтээж нэвчдэст хатгаа үүсгэж байна. Ингэснээр тухайн өвчтөн хүчилтөрөгчийн дутагдалд богино хугацаанд орж амин эрхтний үйл ажиллагаа хямарч улмаар амь насанд заналхийлэл үүсээд байгаа юм.

Олон улсын судалгааны ажил болон өөрсдийн ажиллаж байгаа туршлагаас харахад хүчилтөрөгч эмчилгээг аль болох эрт бөгөөд завсарлагагүй хийх нь эмчилгээний үр дүнд эергээр нөлөөлж байна.

Хоёроос дээш эрхтний архаг хууч өвчтэй жишээ нь, чихрийн шижин, хэт таргалалт, зүрх судасны өвчин /Зүрхний архаг дутагдал, кардиомиопати/, даралт ихсэлт, уушгины архаг өвчнүүд, эрхтэн солиулсан, дархлаа дарангуйлах эм уудаг, хавдартай зэрэг хүмүүс нь вакцины 2-3 тун хийлгэсэн ч хурдан хугацаанд хүндэрч эрчимт эмчилгээний тасагт хэвтэх шаардлага гарсаар байна. Сүүлийн үед эмнэлгүүд ор дүүрсний улмаас гэртээ цаг алдаж маш хүндэрсэн байдалтай ирж шууд эрчимт эмчилгээний тасагт хэвтсээр байгаа.

Хүнд, хүндэвтэр эмчлүүлэгч нарт вирусийн өвөрмөц эмчилгээнээс илүүтэй хүчилтөрөгч эмчилгээ чухал байж мэдэх юм. Гэхдээ эмчилгээг стандартын дагуу аль болох цогцоор нь хийх нь илүү эерэг үр дүн авчрах нь ойлгомжтой.

Эрүүл мэндийн сайдын тогтмол шинэчлэгдэж байгаа КОВИД-19-ийн оношилгоо, эмчилгээний түр зааварт хүнд болон, нэн хүнд хэлбэрийн үед эмчилгээг

  • Хүчилтөрөгч эмчилгээ
  • Урвуу харсан байрлал/Түрүүлгээ харж хэвтэх/
  • Вирусийн өвөрмөц эмчилгээ/Ремдесивир/
  • Гормон эмчилгээ
  • Цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ
  • Антибиотик эмчилгээ гэх мэт дарааллаар эмчилгээг хийхийг зөвлөж байгаагаас харахад хүчилтөрөгч эмчилгээ нь  нэн тэргүүнд тусгай нарийн мэргэжил шаардахгүйгээр хийгдэх боловч эмчилгээний үр дүнд шууд эергээр нөлөөлөх эмчилгээний нэг хэлбэр юм.

 

НҮБ-ын Хүүхдийн сангаас Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-II буюу Яармагийн 300 ортой эмнэлэгт 40 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, пульс-оксиметр болон нэн шаардлагатай эмүүдийг хандивлажээ. Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг эмэгтэйчүүд, дотор, төрөх болон төрөхийн өмнөх, эрчимт эмчилгээний тасгуудад хуваарилан ашиглаж байгаа аж. 

ДЭМБ-аас КОВИД-19 халдварын хүнд хэлбэрээр өвчилсөн бол 7, нэн хүнд хэлбэрээр өвчилбөл 14 хоногийн хүчилтөрөгчийн эмчилгээ шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгч буй.