Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хүннү гүрний нийслэл Луут хотыг судлах, мэдээлэх төвийн шавыг тавилаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
БШУЯ

Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Харганын дөрвөлжин хэмээх газраас илрүүлсэн билээ.

Уг газрыг түшиглэсэн Төв азийн түүх соёлын голомт, судалгаа, мэдээллийн төвийн шавыг өнөөдөр тавилаа.

Луут хотын туурийг анх газрын зургийн программаар олж байсан түүхтэй. 2019 оны долдугаар сард эндээс ханз бичигтэй ваар олж байжээ. Эртний ханз мэддэг хүмүүс уг бичээсийг шаньюй гэж тайлж уншсанаар бичиг бүхий ваарны хэлтэрхий олсон уг газрыг яаралтай малтах хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

Ваар савны хээ, шатаалт, хэлбэр, хэмжээ нь Хүннүгийн хот гэдгийг нотолж , шинжлэх ухааны салбарын хөгжлийн төлөө 20 орчим оюутны бүрэлдэхүүнтэй судалгааны баг малтлагыг явуулжээ.

Луут хотын малтлагаар Хүннүгийн хааны орд өргөө нь чамин, тансаг хийц бүхий усан сантай байсныг тогтоож, Хүннү нарыг бүдүүлэг гэж тайлбарладаг зарим судлаачийн үзэл баримтлалыг няцаах түүхэн баримт болсон гэж Т.Идэрхангай доктор үзэж байна.

Х.Пэрлээ, Г.Сүхбаатар, Ц.Хандсүрэн зэрэг үе үеийн олон археологичид “Хүннүгийн нийслэл Луут хот буюу Лунченийг Хангайн нуруунд бий” гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байдаг.

Уг таамаглалыг баримтлан Хүннүгийн үеийн эртний хэрмийг түшиглэн судалгааны ажлаа шавь нарынхаа хамтаар үргэлжлүүлж байна.

Хүннү улсаас өмнөх улсууд хот байгуулж байсан түүхийн баримт одоогоор олдоогүй. Хамгийн эртний хот учраас ихэд бүдгэрсэн байна. Хот 2,000 гаруй жилийн түүхтэй учраас ихэд дарагдсан, зөвхөн дрон нисгэж агаараас зургийг харахад мэдэгдэнэ.

Монголын археологчид Луут хотыг олохгүй байсан шалтгаан нь өндөр хана хэрэмгүй байсных гэж үзэж байна. Мөн байршил нь төв замаас хол, хонхор газарт байгаа нь уг газрыг социализмын үед тариа тарихаар хойд, урд талаас нь 2-3 километр хагалчихсан байгаа нь анзаарахааргүй байсан байна.

Хааны зуны том ордон нь малтлагын явцад эхний төсөөллөөр гурвалжин хэлбэрийн вааран дээвэртэй, модон баганатай байсныг тогтоосон байна. Вааран дээвэртэй барилгын гадна чимэглэл нүүр вааран дээр Хүннүгийн хааны сүр хүчийг илтгэсэн тэнгэрийн хүү-шаньюй гэж эртний ханзаар бичүүлсэн нь өндөр зэрэглэлийн язгууртны хот гэдгийг илтгэдэг байна. Ихэнх нүүр ваар хагархай ч, цөөн тооны бүтэн олджээ.

Олдворыг сэргээн засварлах асуудал маш чухал. Одоогийн байдлаар модон эдлэл олдоогүй байна. Ваарны хагархай маш их олдсоныг Монголдоо сэргээн засварлах боломж бий гэдгийг Т. Идэрхангай доктор хэлж байна.

Модон, шавар, төмөр эдлэлийг сэргээх энэ чиглэлийн боловсон хүчин чадавхжиж байгаа ч гадны оронтой харьцуулахад тусгай лабораторигүй учраас он, цаг тогтоох болон генетикийн судалгааг гаднын томоохон лабораторид хийлгэдэг.

Энэ шинжилгээг Монголдоо хийдэг болоход анхаарах, шинжлэх ухааны салбарын хөгжил, түүхийн хуудаснаа тодоор бичигдэн үлдэх, чухал ажлыг эхлүүлсэнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан амжилт хүсээд Монголын шинжлэх ухааны салбар, цаашилбал Төв азийн түүх соёл, аялал жуулчлалын цогцолбор болохуйц тус газрын мэдээлэл, судалгааны төвийн шав тавих ёслолд оролцлоо.

 

Эх сурвалж: БШУЯ