Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ёндон: Шатахууныг 7-8 хоног хязгаарлалттай олгоно. Энэ хугацаанд багтаж БНХАУ-аас татан авалт хийхээр ажиллаж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахууны хомсдолтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Манай улс нийт шатахууны хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас, үлдсэн 5 хувийг БНХАУ-аас импортоор авч байгаа. Сард 38-40 мянган тонн АИ-92 буюу өргөн хэрэглээний бензин хэрэглэдэг. 

2018 онд ОХУ-ын Роснефть компанитай байгуулсан гэрээний хүрээнд заавал зарах болон авах ёстой хамгийн бага хэмжээг 28 мянган тонн гэж тогтоосон. 2021 оны наймдугаар сарын сүүлчээр тус компани засварын ажил болон дотоодод хийгдэж байгаа хязгаарлалттай холбоотойгоор 17 мянган тонн АИ-92 бензин өгөх боломжтой байна гэдгээ мэдэгдсэн. Тиймээс шатахуун импортлогч компаниуд БНХАУ-ын Чайна Ойл компаниас шатахуун авах гэрээг байгуулсан. Өнөөдрийн байдлаар 43,300 тонн шатахуун/33,300 тонн АИ-92/ худалдан авахаар мөнгөө төлөөд, гэрээгээ баталгаажуулчихсан байсан юм. 

Гэтэл ОХУ-аас 7,500 тонн шатахуун нийлүүлснийхээ дараа үлдсэн 10 мянган тонн шатахууныг аравдугаар сарын 1-н хүртэл нийлүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцээд БНХАУ-аас шатахуун ачуулах боломгүйгээ мэдэгдсэн. Тиймээс ААН-үүд хязгаарлалт тогтоогоод байна. Хязгаарлалт хийснээр шатахууныг 7-8 хоног илүү олон хүнд хүргэх нөхцөл бүрдэж байгаа. 

Өчигдөр БНХАУ-ын Элчин сайдтай уулзалт хийсэн. Өнөөдөр БНХАУ-ын Бээжинд суугаа Элчин сайд уулзалтууд товлож байна. УУХҮЯ Хөх хотын боловсруулах үйлдвэртэй холбогдож байгаа. 

Хөх хотоос Улаанбаатар руу ердийн үед вагон тавигдахад 10-14 хоногийн дараа ирдэг юм байна. Бид энэ хугацааг 5-7 хоног болгох төлөвлөгөөтэй зохицуулалт хийж байгаа. Замдаа 2-3 цэг дээр зогсож хугацаа алддаг байдлыг арилгахаар ажиллаж байна. Шатахууныг хязгаарлалттай олгож байгаа хугацаанд багтаж бензинийг татан авахаар ажиллаж байгаа гэсэн үг.

Гэнэтийн мэдэгдлээс болоод ийм нөхцөл байдал үүссэн. Гэхдээ үүгээр далимдуулаад суухгүй, хариуцаж байгаа хүмүүст хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд өглөө. Бүх шатанд шалгаж, нягталж үзнэ.

Энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Шадар сайд Александ Новок шатахууны хязгаарлалт хийж магадгүй гэдгээ хэлсэн. Түүнээс хойш наймдугаар сарыг хүртэл шатахууны нөөц хэвийн байсан. 

Долоо, наймдугаар сард шатахууны борлуулалт угаасаа нэмэгддэг. Тиймээс наймдугаар сард БНХАУ-аас авах шатахууны хэмжээг нэмэгдүүлсэн. Энэ сарын сүүлээр 10 сарын худалдан авалтын гэрээ хийгдэнэ. 

Сая Засгийн газрын хуралдаан дээр Казахстанаас шатахуун авах асуудал бас яригдлаа" гэдгийг хэлэв.