Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” ном Монгол хэлнээ орчуулагджээ

ikon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Георг Вильгельм Фридрих Гегелийн  “Логикийн шинжлэх ухаан” ном анх 1812 онд хэвлэгдэж байсан ба өдгөө дэлхийн 50 гаруй хэлнээ орчуулагдсан хүн төрөлхтний оюун санааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн сор бүтээл билээ.

Тус бүтээлийн 1, 2-р ботийг философийн ухааны доктор, ахмад дипломатч Чоёгийн Даваадаш орос, англи хэлнээс орчуулж, 2021.08.27-ны өдөр номын нээлтийн арга хэмжээ боллоо.

Номын орчуулагч Чоёгийн Даваадаш тус номыг 50 гаруй жилийн турш уншиж судалсан ба орчуулан хэвлэхийн тулд 6 жилийг зарцуулжээ. Тэрбээр хэлэхдээ: “Логикийн шинжлэх ухаан нь хүний сэтгэхүй, танин мэдэхүйн ноён оргил. Танин мэдэхүйд мэдэх, сэтгэх гэсэн 2 хэлбэр байдаг ч ихэнх хүмүүс мэдэх танин мэдэхүй рүү анхаардаг. Гегель бол сэтгэх танин мэдэхүйн хувьд энэ номоороо агуу их нээлт хийсэн хүн.”

 
Номын орчуулагч Чоёгийн Даваадаш

Мөн эрдэмтэн судлаачид тус номыг Монголчуудын оюун санааны хөгжилд үнэт өв болно хэмээн үзэж байгаа юм. 

Номын нээлтэд Философийн ШУ-ын доктор, төр нийгмийн зүтгэлтэн Ц. Балхаажав, ШУА-ийн Ерөнхийлөгч Д. Рэгдэл, Философийн багш Ц. Гомбосүрэн, УИХ-ын даргын зөвлөх, хууль зүйн ШУ-н доктор профессор, гавьят хуульч Д.Лүндээжанцан, МУ-ын төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н. Жанцанноров, ШУА-ын дэд ерөнхийлөгч, академич Чулуунбаатар, доктор профессор А. Цанжид, Ардын боловсролын яамны сайд асан Уртнасан зэрэг  эрдэмтэн, судлаачид, төр нийгмийн 30 гаруй зүтгэлтнүүд цуглажээ. 



Номын нээлтэнд ирсэн хүмүүсийн сэтгэгдлийг хуваалцвал:

Монголын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д. Рэгдэл: “Энэ ном өнгөрсөн 209 жилийн турш монгол хэлрүү орчуулагдаагүй байсан. Философич Даваадаш орчуулан эхний 2 ботийг уншигчдын гарт тавьж байгаа явдал нь Монголчуудын оюун санааны ертөнцөд хийж байгаа том хөрөнгө оруулалт юм.” 

МУ-ын төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н. Жанцанноров: “Оюутан байхад нэг багш маань "Гегель, Кантыг ойлгохгүйгээр хөгжим бичихгүй шүү” гэж хэлж байсан. Би гүйж гараад уг 2 номыг аваад ширээн дээрээ тавьсан. Одоо ч байгаа. Үүгээрээ логикгүй юм гэж ертөнцөд байхгүй л гэх гээд байна.” хэмээв.

“Логикийн шинжлэх ухаан” номын 3-р боть удахгүй хэвлэгдэн гарах юм.