Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд түгшүүрийн харанга дэлдэж байгааг НҮБ-ын шинэ судалгааны тайлан харуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын дэргэдэх IPCC (Intergovernmental Panel on Climate Change) зөвлөлийн эрдэмтэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар томоохон судалгааны тайлангаа өчигдөр танилцууллаа.

Энэ нь 2013 оноос хойш хийгдсэн хамгийн том судалгаа юм.

Хүн төрөлхтний үйлдэл дэлхийн уур амьсгалыг урьд өмнө байгаагүй хэмжээгээр өөрчилж, зарим тохиолдолд буцаах аргагүйгээр нөлөөлж байгааг уг тайланд анхааруулжээ.

Гэхдээ дэлхий нийтээрээ яаралтай арга хэмжээ авч чадвал сүйрлээс зайлсхийх боломжтойг өгүүлсэн байна.

“Хэрвээ бид яг одоо хүчээ нэгтгэвэл уур амьсгалын сүйрлээс аврагдах боломжтой. Өнөөдрийн тайлан бидэнд хугацаа байхгүй, хойшлуулах шалтгаан байхгүйг харууллаа. Дэлхийн улс орнуудын тэргүүнүүд COP26-г үр дүнд хүргэнэ гэдэгт би найдаж байна” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мэдэгджээ.

COP26 нь энэ оны арваннэгдүгээр сард Шотландын Глазго хотод уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр зохион байгуулагдах томоохон чуулган юм.

IPCC-гийн тайланд хүн төрөлхтөн дэлхийн уур амьсгалыг өөрчлөгч гол хүч болж байгааг хөдөлшгүй баримтаар баталсныг эрдэмтэд мэдээлжээ.

Тайланд өгүүлсэн гол тоо баримтууд:

  • 2011-2020 онд дэлхийн гадаргын температур 1850-1900 оны үеийнхээс Цельсийн 1.09 хэмээр нэмэгджээ.
  • Сүүлийн таван жил нь 1850 оноос хойших хамгийн халуун жилүүд байжээ.
  • Далайн түвшний өсөлт өнөөдрийн байдлаар 1901-1971 оны дунджаас гурав дахин нэмэгдсэн байна.
  • 1990-ээд оноос хойших уулсын мөнх цас, туйлын мөсний хорогдлын гол нөлөөлөгч нь хүн болохыг 90 хувийн магадлалтай тогтоожээ.
  • 1950-аад оноос хойш дэлхий даяар агаарын халалтаас үүдэлтэй гамшигт үзэгдлийн давтамж улам нэмэгдэж, хүйтрэлт буурсан нь статистик тоо баримтаар батлагджээ.

Дэлхийн бараг бүх улс орнууд 2015 онд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд нэгдсэн билээ. Уг гэрээний зорилго нь энэ зуунд багтааж дэлхийн дулаарлын өсөлтийг Цельсийн 2 хэмд хязгаарлах, цаашлаад 1.5 хэмд буулгах юм.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хүлэмжийн хийн ялгаруулалтыг огцом бууруулах шаардлагатайг IPCC-ийн тайланд өгүүлжээ.

 

Эх сурвалж: BBC