Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн бөхтэй барилдах болсноо мэдсэн Алжирийн жүдоч Токио 2020 наадмаас нэрээ татжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Алжир улсын олимпын найдвар гэгдэж байсан жүдоч Израйль улсын бөхтэй таарч барилдах болсноо мэдсэний дараа тэмцээнээс нэрээ татжээ.

Нэрээ татсан Фетхи Нурин нь энэ жилийн Африк тивийн аварга юм байна. Тэрбээр тэмцээний оноолттой танилцаад эхний учраагаа ялбал хоёр дахь тойрогт Изралийн жүдоч Тохар Бутбултай барилдахаар байгаагаа мэджээ.

73 кг жингийн барилдааны эхний тойрогт Бутбул гоц мөргөж, Нурин нь Суданы бөхтэй барилдахаар таарсан байна. Эхний тойрогт учраагаа түвэггүй ялна гэж тооцсон Нурин ийнхүү тэмцээнээс өөрийн хүсэлтээр хасагджээ.

Тэрбээр Палестинчуудын тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Израйлийн бөхтэй барилдаж “гараа бохирлохгүй” хэмээн Алжирийн телевизийн сувагт ярьсан байна.

Дасгалжуулагч Амар Бэн Яклиф тамирчнаа буруутгаагүй бөгөөд оноолт дээр “азгүйтсэн” гэж зөвтгөжээ.

Нурин 2019 онд Токиод болсон Жүдогийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнээс мөн ижил шалтгаанаар нэрээ татаж байсан гэнэ.

Исламын шашинт орнуудын тамирчид хувийн үзэл бодол, улс төрийн шалтгааны улмаас томоохон тэмцээнд Израйлийн тамирчидтай өрсөлдөхөөс татгалзах явдал гардаг.

Баасан гарагийн орой болсон Токио 2020 наадмын нээлтийн ёслолын хөтөлбөрт 1972 оны Мюнхений олимпын үеэр Палестины террористуудын гарт алагдсан Израйлийн 11 тамирчин, дасгалжуулагчийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа анх удаа багтсан юм.

 

Эх сурвалж: New York Post