Британийн колоничлолын үеийн дурсгалд тооцогддог Ливерпүүл хотын боомтын хуучин дүр төрх дахин сэргээгдэх боломжгүйгээр эвдэгдэж, түүхэн үнэ цэнээ гээсэн тул дэлхийн өвийн жагсаалтаас хасах болсныг ЮНЕСКО өчигдөр зарлажээ.
Викториа хатан хааны үеийн усан боомтод шинэ барилга байгууламжууд олноор баригдсаны дотор 500 сая паундын өртөгтэй Эвертон хөлбөмбөгийн шинэ стадион баригдаж байгаа.
Ийм шалтгааны улмаас Ливерпүүл хотыг жагсаалтаас хасах шийдвэрийг Лхагва гарагт Хятадад хуралдсан ЮНЕСКО-гийн удирдах зөвлөл гаргажээ.
Сүүлийн 50 орчим жилийн хугацаанд дэлхийн өвийн жагсаалтаас хасагдсан гурав дахь байгууламж Ливерпүүл болж байна. 2007 онд Оман дахь гөрөөсний дархан цаазат газар, 2009 онд Герман дахь Дрезден-Элбагийн хөндий дэлхийн өвийн статусаа алдаж байжээ.
Британийн эзэнт гүрний үед худалдааны гол боомт болж байсан Ливерпүүл хот эрэг дагуух уран барилгын гайхамшигт үзэмжээрээ 2004 онд дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн юм.
Дэлхийн өвийн жагсаалтад орсноор тухайн байгууламж нь Женевийн конвенцийн дагуу дайны үеэр хамгаалагдах, сэргээн засварлахад нь хөрөнгө мөнгөний дэмжлэг авах эрхтэй болдог.
Бас дэлхий даяар тараагддаг аялал жуулчлалын гарын авлага, хөтөч, газрын зурагт багтдаг давуу талтай.
ЮНЕСКО-гийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа Ливерпүүл хотын захирагч Жоанна Андерсон илэрхийлээд шийдвэрийг давж заалдах талаар мэдэгджээ. Тэрбээр арван жилийн өмнө тус хотод ирж байсан ЮНЕСКО-гийн төлөөлөгчид сүүлийн үеийн бүтээн байгуулалтын бодит байдлыг нүдээр харалгүй шийдвэр гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Харин ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн мэргэжилтнүүд түүхэн дурсгалаа хамгаалахад анхаарал тавихгүй байгаа Британийн засгийн газарт өмнө нь анхааруулж байсан ч ахиц гараагүйг тайлбарлажээ.
Британийн соёлын өвийг хамгаалах Save Britain’s Heritage байгууллагын захирал Хенриетта Биллингс энэ шийдвэрийг “үндэсний хэмжээний шившиг” гэж нэрлээд урьдчилж арга хэмжээ аваагүй эрх баригчдаа шүүмжилсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|