Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Төвдийн нийслэлийг өндөр хурдны төмөр замд холбожээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Төвдийн нийслэл Лхас хотыг өндөр хурдны төмөр замд холбосон тухай Хятадын төрийн Шинхуа агентлаг саяхан мэдээлжээ.

Уг төмөр замаар Лхасыг 423 км зайтай оршдог Төвдийн автономит мужийн Ниньчи хоттой холбосон байна.

Төмөр замыг зургаан жилийн хугацаанд 36.6 тэрбум юаний ($5.6 тэрбум) хөрөнгө оруулалтаар бүтээн босгожээ.

Уг замаар зорчих “Fuxing” цахилгаан галт тэрэг нь цагт 160 км хурдлах чадвартай. Энэ нь 300 км/цаг хурдалдаг Хятадын бусад галт тэрэгнүүдтэй харьцуулахад удаанд тооцогдож байна.

Гэхдээ төмөр замын 90 хувь нь далайн түвшнээс 3,000-аас дээш метрийн өндөрт, цаг уурын эрс тэс нөхцөлд байдаг нь хүндэтгэх шалтгаан юм. “Fuxing” галт тэрэг энэ нөхцөлд зохицож, цахилгаан болон дотоод шаталтын хос хөдөлгүүрээр ээлжлэн ажилладаг гэнэ.

Ниньчи-Лхасын хооронд өмнө нь автомашинаар таван цаг зорчдог байсан бол одоо 3.5 цаг зарцуулдаг болжээ. Зорчигч тээвэрлэхээс гадна жил бүр 10 сая тонн ачаа бараа тээвэрлэх чадвартай.

 

Зорчигчид замдаа Төвдийн байгалийн үзэсгэлэнг галт тэрэгний цонхоор тольдох боломжтой. Тухайлбал шинэ төмөр зам нь Ярлун Занбо (Брахмапутра) мөрнийг 16 удаа гаталдаг байна. Мөн 47 хонгил, 121 гүүрээр дамжин зорчдог ажээ.

Шинэ замыг Шинхуа агентлаг “дэлхийн дээвэр дээрх төмөр зам” гэж нэрлэсэн байна.

Хятад улсад дэлхийн хамгийн том өндөр хурдны төмөр замын сүлжээ (9,356 км) байдаг бөгөөд Бээжин-Гуаньжоугийн шугам нь дэлхийн хамгийн урт (2,298 км) өндөр хурдны төмөр зам юм.

 

Эх сурвалж: Business Insider