ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилох нь зөв үү

Б.Сэлэнгэ, Өдрийн шуудан
2013 оны 12 сарын 13
Өдрийн шуудан
Зураг зураг
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг

Монгол оронд хүйтний эрч чангарахтай зэрэгцээд хөдөө нугагт засаглалын хямрал нүүрлээд байна.

Хөвсгөл, Дорнод, Дундговь, Дорноговь аймаг Засаг даргагүй байгаа бол, Говь-Алтайд ИТХ-ын бүрэн эрх шүүхийн шийдвэрээр цуцлагдчихсан, аль 2008 оны бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна. Бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг батламжлах ёстой. Гэвч гүйцэтгэх засаглалын тэргүүн хойш тавьсаар. Гэхдээ даргагүй аймаг бүхэн Н.Алтанхуяг сайдаас болсон юм биш л дээ.

Дундговь, Дорноговийн хувьд аймгийнх нь ИТХ-ын шийдвэрээр Засаг дарга нараа огцруулчихаад, дараагийнхыг нь томилж чадахгүй намаараа талцан толхилцож байна. Тухайлбал, Дундговьд орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН олонхи болсон.

ИТХ 35 төлөөлөгчтэй байх ёстойгоос нэг төлөөлөгч нас барсны улмаас нөхөн сонгууль явагдсан байна. Гэхдээ уг сонгуулийн үр дүнг одоохондоо баталгаажуулаагүй. Хэдийгээр МАН 19 суудалтай олонхи байсан ч, хоёр нь урваж, АН-ын талд үйлчилж эхэлжээ.

Ингээд л хүчинтэй 34 суудалд АН, МАН-ын харьцаа адилхан 17 болж эцэс төгсгөлгүй улстөржилт эхэлсэн байна. Улмаар өнгөрсөн сарын 25-нд аймгийн ИТХ хуралдаж, Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах шийдвэр гаргажээ.

Харин Дорноговийн хувьд АН засаглаж буй. Тус намын ИТХ-д олонхийг бүрдүүлж буй Ардчилсан нам мөн л Засаг дарга П.Ганхуягийг огцруулах шийдвэр гаргасан. Харин Дорнод, Хөвсгөлийг Ерөнхий сайд анхнаас нь батламжлаагүй. Ийнхүү эрт, эдүгээгийн нөхцөл байдлаас шалтгаалж энд тэнд эзэн болоод байна.

Үүний цаана MAH, АН, МАХН аль алинынх нь ашиг сонирхол байгаа нь үнэн. Гэхдээ хамгийн чухал нь эцсийн гогцоог хэн тайлах ёстой вэ.

Үүнээс болж аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд шууд томилдог байх саналыг олонхийн бүлгийн зүгээс ярьж эхэллээ. Учир нь жил тойрон засаг даргагүй байгаа аймгуудын асуудлыг өөрт нь огт хамаагүй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдээд байгаа учир, буух эзэн буцах хаягтай болгох гэсэн санаачилга юм уу даа.

Тиймээс өнгөрсөн долоо хоногийн бүлгийнхээ хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог эрх мэдлийг өгөх нь зөв гэсэн шийдэлд хүрсэн.

Улмаар УИХ-ын даргын дэргэд байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт чиглэл өгөхөөр болоод байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийнхийг Ерөнхий сайд... томилно гэдэг заалтад өөрчлөлт оруулж, ИТХ-аас нэр дэвшүүлэлгүй, шууд Ерөнхий сайд томилдог болох тухай яриа юм. Харин энэ талаар бодлого тодорхойлогчдын байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

Д.Лүндээжанцан: Засаг дарга төрийг төлөөлж байгаа ч иргэдийн оролцоо зайлшгүй байх ёстой

-Үндсэн хуульд хэрхэн өөрчлөлт оруулж болох тухай Ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ талаар бид хоёр, гурван жил ярьж байна. Гэхдээ одоохондоо аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог байх бололцоо хаагдмал байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэвэл өөр хэрэг. Гэхдээ өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал Үндсэн хуульдаа байгаа юм биш. Механизмдаа байгаа юм.

Хүнтэй холбоотой, арга барилтай холбоотой, хууль дээдлэх ёстой холбоотой асуудал байгаагаас биш хуулийн заалтаас болоогүй. Засаг дарга гэдэг төрийг төлөөлөх субьект мөн боловч, орон нутагт иргэдийн оролцоо заавал байх ёстой. Тэр зарчмаараа л явсан нь зөв.
Н.Алтанхуяг: Монгол Улс нэгдмэл орон учраас Засаг даргыг ерөнхий сайд томилох нь зөв

-Аймаг нийслэлийн удирдлагыг Алтанхуяг томилно гэж хэлээгүй. Хэрэв тэгж хардаад байгаа бол хуулийг 2016 оноос мөрдөнө гээд биччих. Монгол Улс Алтанхуягаар дуусахгүй, цаашид өнө мөнх оршино. Дараа дараагийн Ерөнхий сайд ажлаа хэвийн явуулахын тулд энэ ам аваад гарчихсан байгаа аймгийн дарга, аймгийн хуралтай зөв харилцаатай байх асуудлыг АН-ын бүлэг дээр ярилцсан.

Тэгээд сумын Засаг даргыг хурлаас биш сумын иргэд сонгодог болох. Харин аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд сонгодог болох талаар ярьсан. Хариуцлагын тогтолцоог боловсронгүй болгох үүднээс энэ чиглэл рүү явах нь зөв. Монгол улс нэгдмэл улс учраас үүнийг зөв зүйтэй санал гэж үзэж байгаа. Цаашид Үндсэн хуульд өөрчлөлт орох байх.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Ж.Энхбаяр: Ухаалаг төрийг ярьж байгаа бол ухаангүй үйлдлээ залруулах шаардлагатай

Юун түрүүнд энэ нь өөрөө Үндсэн хуулийн утга санаатай шууд зөрчилдөнө.

Ярих нэг өөр.

Бодит байдал өөр шүү дээ.

Тэгэхээр ухаалаг төрийн талаар эрх баригчид ярьж байгаа хүрээндээ ухаангүй олон үйлдлээ засч, залруулах шаардлага байна.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй

Аймгуудын Засаг дарга нарын асуудлаар Засгийн газрын нэгдмэл байр суурьт нөлөөлөхүйц мэдээллүүд хэвлэлүүдэд гарсан. Тиймээс үүнд АН анхаарлаа хандуулж энэ талын хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай нь гэж үзлээ. Тодруулбал Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог, сумын Засаг даргыг ард иргэд нь сонгодог гэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Зураг