ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Мэргэжлийн боловсрол эзэмшигч, ЕБС төгсөгч хоорондын ялгаа

ikon.mn
2021 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ХНХЯ

“Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатон зургадугаар сарын 25-27-нд болж өндөрлөсөн. 

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн санаачилгаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ХНХЯ-тай хамтран зохион байгуулсан энэхүү цахим хакатонд шалгарсан бүтээлүүдээс цувралаар хүргэж байгаа билээ.

72 цаг үргэлжилсэн цахим хакатонд шалгарсан Homo Deus багийн бүтээлийг танилцуулж байна.



-Асуудал дэвшүүлсэн нийтлэл- 

Дэлхий даяаршиж, улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулан боловсролын асуудлаа шийдчихсэн байна. Гэтэл манай орны боловсролын салбар нэн тэргүүний асуудал хэвээр байсаар байна.

1990 оноос өмнө “мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага” гэсэн томъёолол ер нь  байдаггүй байлаа. Зөвхөн “ТМС” гэж нэрлэж заншсанаар өдийг хүрчээ. Сахилга батаар тааруу, сурлагаар дульмагхан зэргээс шалтгаалж "ТМС”-д сургаж, дадлагажуулан тусгай дунд мэргэжил эзэмшүүлэн ажлын талбар дээр гаргадаг байсан цаг саяхан ч МБСБ-ыг харах нийгмийн өнцөг, хандлага нь одоо ч тэр хэвээр байсаар байна. Бид энэ хандлагаа өөрчлөхгүйгээр цааш хөгжинө гэж үгүй юм. 

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага нь Герман болон нийт Европын олон улс орнуудын амжилттай боловсрол, ажилгүйдэл бага хөдөлмөрийн системний салшгүй нэг гол тулгуур юм. Нэгдүгээр зургийг харвал Герман болон Европд 9-р анги төгсөгчдийн 50 орчим хувь ямар ч эргэлзээгүй Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад элсэн ордогийг харж болно. Үүний ачаар 10 гаруй хувийн ажилгүйдлийн түвшинтэй байдаг Монгол улстай харьцуулахад тэдний ажилгүйдлийн түвшин жил бүр 4-6%-н хооронд хэлбэлздэг байна. 

Зураг 1. 9 дүгээр анги төгсөгчид мэргэжлийн боловсрол, сургалтын төвд элсэн ордог хувь ба ажилгүйдлийн түвшин

 

Доорх зурагт Монгол Улсын нийт 9 дүгээр анги төгсөгчдийн 2015-2020 оны хооронд МБСБ-д элсэн орсон байдлыг үзүүлсэн  байна. Үүнээс үзэхэд 2016 оноос хойш МБСБ-д элсэн орж буй 9 дүгээр анги төгсөгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь тус байгууллагуудыг идэвхтэй дэмжиж буй улсын бодлого, тэдгээрийн бодит давуу тал болон нийгмийн тэдгээрийг харах өнцөг өөрчлөгдөн хүлээн зөвшөөрч байгаатай холбоотой юм. 2020 онд улсын хэмжээнд 75 мэргэжлийн боловсролын байгууллага байснаас 46 нь төрийн өмчийн, 29 нь төрийн бус хэлбэрийнх байна.

Зураг 2. МБСТ-д элсэн орогчид ба үргэлжлүүлэн суралцагчид

 

Энэхүү нийтлэлээр дамжуулан манай баг та бүхэнд МБСБ-ын хөтөлбөрүүдийн давуу талуудыг товч харуулахыг зорьсон бөгөөд та бүхэн дараах асуултуудад хариулт авах болно.

  1. МБСБ-д суралцвал мэргэжлээрээ өсөж дэвшиж, үргэлжлүүлэн суралцах боломж хэр байдаг вэ?
  2. Ижил мэргэжлээр их сургууль төгссөн оюутантай харьцуулахад цаг хугацаа, эдийн засаг болон эзэмших ур чадварын хувьд ямар ялгаатай давуу байдал үүсдэг вэ?

Мэргэжил сонголтын институт ахлах ангийн сурагчид дунд хэрхэн ирээдүйн ажил, мэргэжлээ сонгодог талаар хүчин зүйлийн шинжилгээ хийхэд доорх зураглал гарч иржээ. Үүнээс үзэхэд мэргэжлээрээ өсөж дэвшиж, үргэлжлүүлэн суралцах боломж нь мэргэжлээ сонгох гэж буй хүүхдийн хувьд хамгийн чухал үзүүлэлт болдог байна.

Зураг 3. Мэргэжлийн онцлог мэргэжил сонголтод нөлөөлөх нь

 

Тэгвэл МБСБ-д суралцсанаар цаашдийн өсөн дэвжих боломж хэр байхыг харуулахын тулд дараах жижиг загварыг гаргалаа.

Зураг 4. 

 

Уг зураглалд хувцас загвар зохион бүтээгч болох ижил хүсэл мөрөөдөлтэй 9-р анги төгсөгч хоёр найзыг жишээ болгон авсан бөгөөд харагдаж байгаачлан тэд хоёр өөр замаар явж байна. Энэхүү жишээг бид бичлэг болгон дүрсжүүлэн буулгасан бөгөөд дараах бичлэгийг үзсэнээр та бүхэнд илүү ойлгомжтой дүр зураг бууж ирэх болно. 

Эхний төгсөгч маань 2.5 жилийн хугацаанд Үйлдвэр Урлалын Политехникийн коллежид элсэн сурч, цаашид мэргэжлийн диплом горилон 1 жил дэвшин суралцсан. Үргэлжлүүлэн бакалаврын зэрэгтэй болохыг зорисон тул боломжийг ашиглан ШҮТИС-д хичээл дүйцүүлэн 2.5 жилийн суралцаж бакалаврын дипломтой болсон. Энэ хугацаандаа мэргэжлээрээ давхар ажиллах боломжтой болсон.

Хоёр дахь төгсөгч маань ЕБС-даа үргэлжлүүлэн суралцаж улмаар их сургуульд хувцас зохион бүтээгч чиглэлээр 4 жил суралцаж бакалаврын диплом авсан байна.

Улмаар бид доорх хүснэгтэнд 9 дүгээр ангиа зэрэг төгсөж нэг нь коллежд элссэн, нэг нь 10 дугаар ангидаа дэвшин суралцаж буй 2 сурагчийн 7 жилийн дараах амьдралдаа олж авсан байх туршлага, үр дүн, ур чадварын ялгааг товч харуулж өгсөн бөгөөд үүнээс МБСБ нь сурагчдадаа ямар олон боломж, давуу талуудыг нээж өгдөгийг харж болно. 

Зураг 5. МБСБ болон ЕБС-ийн төгсөгчдийн ялгаа

 

Мөн дараагийн зурагнаас та уг сурагчид 7 жилийн хугацаанд ялгаатай замаар явсанаар санхүүгийн хувьд ямар ялгаатай байдал үүсэж болохыг харж болно.

 

МБСБ-ууд нь шинээр элсэн суралцагчдынхаа хичээлдээ анхааран суралцах боломжийг дэмжих үүднээс сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг олгодог нь суралцагч бүр нэг хичээлийн жилд 1,800,000 төгрөгийн орлоготой болох боломжтой гэсэн үг юм.

Гурван жилийн дараанаас хоёр дахь сурагч маань их сургуулийн оюутан болж сургалтын төлбөр болгон дөрвөн жилийн турш жил бүр дор хаяж 3,000,000 төгрөгийн зарлага гаргана. Эхний сурагч сүүлийн 2.5 жил бакалаврын түвшинд дэвшин суралцахдаа мөн ижил төлбөрийг төлөх боловч өмнө жилүүдийн тэтгэлэгүүдийг орлого болгон хадгалсан гэж үзвэл уг төлбөрөө хадгаламжаараа хангалттай төлөх хүртэл боломжийг хүртэл өөртөө үүсгэсэн байгаа юм. Ингээд хоёр хүүхдийн 7 жилийн хугацаан дахь нийт санхүүгийн зөрүү, ялгааг тооцоолбол эхний хүүхэд маань санхүүгийн хувьд 13.1 сая төгрөгийн давуу эрх эдэлсэн байна. Энд мөн МБСБ-д суралцсан суралцагчдын мэргэжлийн дипломоо ашиглан хичээлийнхээ хажуугаар ажил хийж олдог цалинг орлого болгон нэмж тооцоолоогүй байгааг дурдъя.

Бид та бүхнийг эдгээр харьцуулалтуудаас уг нийтлэлийн эхэнд тавигдсан асуултуудад тодорхой хэмжээнд хариулт олсон гэж найдаж байна.
Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага нь чин үнэндээ 9-р анги төгсөгчдийн хувьд бас нэгэн алтан боломж байж болох юм. Хэрэв танд хүсэл мөрөөдөл байгаа бол, хүсэл мөрөөдөлдөө хүрэх ямар олон боломж, гарц байгааг та сайтар эрж хайсныхаа эцэст тэдгээрээс өөрт хамгийн зөв гэсэн сонголтоо хийгээрэй.

“Homo deus” багийн гишүүд:

  • Алтан-өлзий Өлзийтогтох
  • Олзвойбаатар Ловонжунайдамдинсүрэн
  • Ганзориг Гал-Эрдэнэ
  • Ганболд Төмөрмөнх

Эх сурвалж:
https://www.cedefop.europa.eu/en/publications-and-resources/country-reports/statistical-overviews-vet-germany#:~:text=Data%20for%202015%20show%20that,the%20EU%20average%20of%2047.3%25.
https://www.destatis.de/Europa/EN/Topic/Population-Labour-Social-Issues/Labour-market/EULabourMarketCrisis.html
-1212.mn
/Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам/
-www.mergejil.mn
-www.legalinfo.mn: