Мэргэжлийн боловсрол, сургалт буюу МСҮТ, политехникийн коллежийг хөгжүүлснээр Монгол Улсын чинээлэг дундаж давхаргыг илүү өргөжүүлэх боломжтой гэдгийг өнөөдөр буюу зургадугаар сарын 25-нд эхэлсэн “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатоны нээлтийн үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа онцоллоо.
Тэрбээр “Монгол Улсад ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа 10 хүүхдийн 2-3 нь л МСҮТ буюу мэргэжлийн боловсрол, сургалтыг сонгон сурч байна. Гэтэл бусад улсад, жишээ нь Германд 10 хүүхдийн 7-8 нь мэргэжлээ эзэмшдэг. Тус улс ажилчин ангиа илүү хөгжүүлсэн тул чинээлэг дундаж давхарга нь өргөжсөн.
Манай улсын хувьд дийлэнх нь эдийн засагч, хуульд гэх мэт мэргэжлээр их, дээд сургууль төгсдөг. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр барилга, уул уурхай, тогооч гэх мэт чадвартай мэргэжилтнүүдийн эрэлт их байна. Тиймээс Монголд чинээлэг дундаж давхаргаа өргөжүүлье гэвэл мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих шаардлагатай” гэсэн юм.
Тийм ч учраас Засгийн газар энэ чиглэлд анхаарч, өнөөдөр эцэслэн батлахаар зэхэж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд МСҮТ-ийг дэмжих тодорхой бодлогуудаа тусгасныг А.Ариунзаяа сайд дурдлаа. Тухайлбал, МСҮТ-ийн суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийхэд тухайн байгууллага хөдөлмөрийн хөлснийн доод хэмжээнээс багагүй мөнгөөр цалинжуулах ба байгууллагаас гарах НДШ-ийг төрөөс даах зохицуулалтыг тусгажээ.
Ийм чухал сэдвээр нэг нийтлэл бичээд үлдээх биш, тооцоо үндэслэлтэй, түүхтэй, олон улсын харьцуулалттай график дизайн бүхий шинэ шийдлээр контент бэлдэж өрсөлддөг хакатон хэмээх шинэ арга хэрэгслээр энэ асуудлыг олон нийтэд хүргэж гэж байгаад баяртай байгаагаа тэрбээр илэрхийлэв.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй техникийн мэргэжлийг мэргэжлийн боловсрол, сургалтаар дамжуулан эзэмших боломжийг эцэг эх, залуус, олон нийтэд таниулах зорилготой энэ удаагийн хакатонд тус бүр гурван хүнтэй 26 баг бүртгүүлжээ. Эдгээр багаас тэргүүлсэн гурван баг 6 сая төгрөгийн шагналын санг хувааж хүртэх юм.
Хакатоныг дэмжин ажиллаж буй ХБНГУ-ын Элчин сайдын яамны Байнгын төлөөлөгч Регина Рутенберг мөн хакатоны нээлтэд оролцлоо.
ХБНГУ-ын Засгийн газар Австрали болон БНСУ-ын Засгийн газартай хамтран Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төслөөр дамжуулан Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын тогтвортой хөгжлийг дэмжсээр ирсэн гэдгийг тэрбээр тодотгосон юм. “Сүүлийн жилүүдэд Засгийн газрын стратеги, ач холбогдол, анхаарал, түншүүдийн дэмжлэг туслалцаа, салбарын бүх оролцогч талын хамтын хичээл зүтгэлээр маш их зүйл хийгдэж, салбар хөгжиж байна. Ийнхүү одоог хүртэл хийсэн зүйлдээ тулгуурлан цаашид Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй, чадварлаг ажиллах хүчийг хэрхэн тогтвортой нийлүүлэх вэ гэдэг дараагийн алхмыг боловсруулах нь чухал юм” гэдгийг санууллаа.
Мөн “Чадварлаг ажиллах хүч бол эдийн засгийн тулгуур бөгөөд КОВИД-19 цар тахлын үед эдийн засгийг сэргээх үндэс суурь нь болж өгч байна.
Иймд, өндөр ур чадвартай ажиллах хүч бол зөвхөн эдийн засгийн үндсэн хүчин зүйл болоод зогсохгүй цаашид бэрхшээлийн даван туулахад шууд нөлөөтэй билээ.
Бид өгөгдлийн эринд ажиллаж, амьдарч байна. Өгөгдлийн сантай ажиллах нь бидэнд олон зүйлийн хариулт өгч, асуудлыг шийдэхэд тусалдаг. Өнөөдөр цахим ертөнцөд маш их хэмжээний нээлттэй дата сангууд бүрэлдсэн байгаа. Бодит факт болон тоон өгөгдөлд үндэслэн нийгэмд үүсээд байгаа асуудлуудыг ил гарган хэлэлцэж, олон нийтэд илүү сайн таниулах, ойлгуулах чухал үүргийг сэтгүүлчид гүйцэтгэдэг.
Аливаа хакатон нь нийгэм эдийн засгийн томоохон үр нөлөө үзүүлэх сэдвээр бичигддэг ба өнөөдрийн "Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл" сэдэвт хакатон нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой.
Хөдөлмөрийн зах зээлийн дата судалгаанд үндэслэн хийсэн ажил болон мэдээлэл тань мэргэжлийн боловсролын салбарын ач холбогдол, хэрэгцээг таниулах үндэс болох боломжтой юм.
Тиймээс Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн боловсрол, сургалттай холбоотой өгөгдөл, мэдээлэлд тулгуурласан контентууд боловсрогдож, хөдөлмөрийн зах зээлд орох гэж буй зорилтод бүлэгт шийдвэр гаргахад нь тус болно гэсэн хүлээлттэй байна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!