“Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатон зургадугаар сарын 25-27-нд болж өндөрлөсөн.
Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн санаачилгаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ХНХЯ-тай хамтран зохион байгуулсан энэхүү цахим хакатонд шалгарсан бүтээлүүдээс цувралаар хүргэж байна.
Эхний удаа DATA LABOURS багийн 72 цагийн хугацаанд гаргасан дата анализ бүхий нийтлэлтэй танилцана уу.
Өнгөрсөн тав дахь (6 дугаар сарын 25-н) өдрөөс эхлэн ДАТА сэтгүүл зүйн хакатонд оролцож байгаа юм аа.
Сайндаа ч биш, сэдэв нь таалагдаад баггүй ч гэсэн бүртгүүлчихсэн байсан юм. Азаар маш дажгүй хүмүүс хоорондоо таараад “Баасан ахын төрсөн өдөр”-ийн оройг болон амралтын өдрүүдээ бүтнээр нь л зориуллаа. Багаараа танилцлаа, хэлэлцлээ, хэрэлдлээ, ментороо сонслоо, санаандаа төөрлөө, сүүлдээ уурлалаа, зарим гишүүдээ ч алдлаа. Зөндөө юм боллоо.
Анхандаа ийм бүрэлдэхүүнтэй байлаа.
“Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” хэмээх энэ өргөн сэдвийн өчнөөн эх үүсвэрийн, түмэнд мэдээлэл дунд төөрөлдсөөр төөрөлдсөөр “төрлөө” гайгүй олчихлоо. Олон сорилт байсан ч бид шинжилгээ хийх өгөгдөл, гаргаж ирэх санаан дээрээ тогтож чадсаан.
Багийн сонгосон сэдэв: “Хөдөлмөрийн зах зээл дэх мэргэжлийн хэрэгцээ шаардлага ба залуусын мэргэжил сонголт”.
Бас өргөн сэдэв ч гэсэн бид хөдөлмөрийн зах зээлийн бодит эрэлт, ажил олгогчдод шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээг хамгийн бодитой тодорхойлж чадах платформуудын нэг бол одоогийн www.zangia.mn (хуучин biznetwork.mn) гэж тодорхойллоо. Бид багийн супер “Дата Аналист” Сумьяагийнхаа тусламжтайгаар энэхүү платформын бүхий л өгөгдөлд шинжилгээ хийж чадсан ба гарсан үр дүнг мэргэжлийн боловсролын салбартай холбож учрыг нь олохыг хичээлээ.
Эхлээд бид боловсролын салбарын жижигхэн статистикийг харвал бүх суралцагчдын 79% нь дээд боловсролыг, 21% нь мэргэжлийн боловсролыг сонгожээ.
Бүх шатны боловсролын байгууллагад суралцагчдын тоо, ҮСХ, 2021
Асуулт 1: Мэргэжлийн болон техникийн боловсрол үнэхээр хэрэгтэй юу?
Одоо тэгвэл ажил олгогчид хэнийг хүсэж байгаа вэ гэдгийг Zangia.mn дээр одоо идэвхтэй байгаа 5,786 ажлын байрны зард хийсэн шинжилгээнээс харцгаая.
Өгөгдлийн шинжилгээг доор үзүүлэв.
Хариулт 1: Тэгэхээр мэргэжлийн болон техникийн боловсрол бидэнд хэрэгтэй юм байна.
Гэтэл хэрэгтэй байгаа ажил мэргэжлийн 44%-д мэргэжлийн болон техникийн боловсрол хэрэгтэй байхад бэлтгэж байгаа ажиллах хүчний маань зөвхөн 21% нь энэ салбарыг сонгож байна.
Асуулт 2: Мэргэжлийн болон техникийн боловсролтой хүмүүст дээд боловсролтой хүмүүсээс бага эсвэл дутуу боломж олддог уу?
ХНХСИ-ийн Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар дээд боловсролын байгууллага төгсөгчдийн 76.9%, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөгчдийн 71.5% нь хөдөлмөр эрхэлж байна. Бараг ялгаа байхгүйгээр хоёр бүлэг адилхан ажилтай байдаг байх нь.
Харин бидний хийсэн шинжилгээнээс харвал:
Зураг 3.
Хариулт 2: Тэгэхээр хариулт нь албан тушаал хөөх сонирхолтой хүмүүсийн хувьд бол тийм. Харин албан тушаал хөөх хүсэлтэй биш, хийж буй ажлаасаа таашаал авч чаддаг хүмүүсийн хувьд бол үгүй. Мөн карьер хөгжлийн талаар судалж байсан хүний хувьд хэлэхэд “бүх хүн дарга болох боломжгүй”, “даргын албан тушаал тоотой”. Гэхдээ та салбартаа манлайлагч байх боломж бүрэн бий. Карьер хөгжил бол албан тушаалын зэрэглэлээр биш, ур чадвар, мэргэшсэн байдлаар тодорхойлогдоно.
Тэгэхээр хэрэгцээ байна, ажлын байр байна, цалин ч өрсөлдөж болохуйц байна. Тийм байтал мэргэжлийн боловсролыг хүмүүс яагаад сонгохгүй байна вэ?
Олон “яагаад”-ийн хариултыг бид багийнхаа хоёр гишүүний түүхээр та бүхэнд ойлгуулахыг хичээе.
Зураг 4, 5: Манай хоёр, эмэгтэй нь Д.Пүрэвсүрэн, эрэгтэй нь А.Ганжигүүр
А.Ганжигүүр, Шинэ Монгол Коосен технологийн коллежийн 4-р курсын оюутан:
“9 дүгээр ангийн мэргэжил сонголтын шийдвэр гаргах үед багш нарын хандлага нь үргэлжлүүлэн сурч чадахгүй, амьдралын боломжгүй хүүхдүүд МСҮТ, Политехник коллежийг сонгодог гэж зөвлөдөг байсан нь намайг нэлээдгүй шахалтад оруулсан. Гэхдээ коллежийн боловсролоор инженерийн мэдлэг авч болох мөн цаашдаа гадаадад үргэлжлүүлэн сурах боломжтой гэдэг талаар сонсоод өөрийн сонголтыг илүү урам зоригтойгоор хийсэн. Цаашлаад мэргэжлийн боловсрол сургалтын төвүүд, коллеж нь тийм ч муу сонголт биш болохыг нь ойлгосон.
Бидний мэдэх сантехникч, өрлөгчин, цахилгаанчин гэх “хар ажилд” тооцох мэргэжлүүд бүгд зэрэг цолтой бөгөөд үүгээрээ цалинждаг талаар ойлгосон. Жишээ нь, МИАТ ХК-д сарын 3 сая төгрөгийн цалинтай, онгоц засварын хэсэгт ажилладаг гагнуурчинтай би таарч байсан. Сонгон суралцаж байгаа сургууль маань Коосен коллеж гэх Японы дэлхийн хоёр дугаар дайны дараа эдийн засгаа хурдацтай сэргээж үйлдвэржилт ээ тэлэхээр зорьсон нь мэргэжлийн хүчийг бэлдэх зорилгоор байгуулагдсан боловсролын систем юм. Коллежийг тийм л зорилгоор байгуулагдсан байх гэж би боддог. Зарим хүмүүс бүрэн дунд боловсрол болон бакалаврын зэргийн дунд “коллежийн диплом” болон “эрдмийн зэрэг” байдгийг мэддэггүй юм шиг санагддаг”.
Д.Пүрэвсүрэн, Хөвсгөл аймгийн ЗДТГазрын СТСХэлтэст Дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн:
“Би 2006 онд 8 дугаар ангиа төгсөөд аавынхаа санал болгосноор, өөрийнхөө хүсэлтээр Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд “Компьютерын операторч-Албан хэргийн ажилтан” мэргэжлээр 2.5 жил суралцаж төгссөн. Хавар нь элсэлтийн шалгалт өгч МУИС-д Нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. Тэгээд төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцэн, сумандаа ЗДТГ-ын Нягтлан бодогч, Төрийн сангийн мэргэжилтэн, Санхүүгийн албаны даргаар 6 жил гаруй ажиллав. Ажлынхаа хажуугаар давхар суралцаж Мэргэшсэн нягтлан бодогч болсон ба одоо Хөвсгөл аймгийн ЗДТГ-т Дотоод хяналт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.
Өөрийн амьдралын түүхийг эргэн харж дүгнэлт хийхэд мэргэжлийн сургалтын байгууллага надад маш их боломж өгчээ. Ангийн хүүхдүүд их, дээд сургууль төгсчхөөд одоо дэлгүүрт зогсож, малчин болж, зарим нь ажилгүй байна. Хэдэн жилийн өмнө би найз нөхдийнхөө “Өө, ТМС-т сурч байсан юм уу” гэх шоолж буй мэт харилцаа, хандлагаас таагүй мэдрэмж авдаг байсан. Гэхдээ миний сурдаг сургууль МСҮТ гэдгийг мэдэхгүй, хэчнээн чухал болохыг ойлгохгүй байна даа гэдэг бодол төрж байсан.
Монголчууд хөгжье, ядуурлыг бууруулъя гэж ярьдаг хирнээ тийм боломж олгодог газраа үнэлэхгүй, ойлгохгүй, уламжлалт хандлагаасаа болоод боломжуудаа алдсаар байна”.
Бид бүхэн дор бүрнээ өөрсдийнхөө тархиныхаа түгжээг авах буюу харах өнцгөө өөрчлөх шаардлагатай. Таны өнгөц дүгнэлт, үнэлэмж хэн нэг сурагчийн, хүүхдийн, залуугийн, иргэний амьдрал, түүнээс гадна улс орны эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд бодит “сөрөг”нөлөө үзүүлсээр байгааг ойлгож ухаарна уу.
Аа, харин мэргэжлийн болон техникийн боловсролыг сонгох талаар бодлоо чилээж буй та эргэлзэлгүйгээр сонголтоо хийн өөрийнхөө төлөө, амьдралынхаа төлөө хэн нэгний бодлоос эмээлгүйгээр шийдвэрээ гаргаж, хичээнэ үү. Таны шийдвэрийг дэмжих маш олон бодлого, боломжууд нээлттэй байна. Түүнийг судалж мэдээрэй. Маш олон төсөл хөтөлбөрийн үр дүнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд өмнөх үеэсээ өөрчлөгдөж сургалтын хөтөлбөр, орчин, дадлагын талбарууд нь олон улсын стандартад нийцэхүйц болсон байгаа “жүү”.
Жич: Монгол Улсад нийт 108,399 хөгжлийн бэрхшээлтэй иргэн (ХБИ) байгаа нь нийт хүн амын 3.2 хувийг эзэлж байна(ҮСХ, 2021). Хөдөлмөрийн насны ХБИ-ийн 28% нь хөдөлмөр эрхэлдэг (AХБ, 2018). Харин zangia.mn дээр байгаа ажлын байруудын зөвхөн 0.29% нь Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах боломжтой ажлын байрууд байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм. Мөн Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцагчдын 1.8% нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид байна (ХНХЯ, 2021).
Баярлалаа,
Хүндэтгэсэн:
Data Labours багийн “үлдсэн” 3 гишүүн
Эх сурвалж:
Мэдээллийн дүн шинжилгээ: