Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

МСҮТ, политехникийн коллежийн чухлыг таниулах дата хакатоны шилдгүүд шалгарлаа

Р.Оюун, iKon.mn
2021 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: ХНХЯ

Манай улсын бүртгэлтэй ажилгүй иргэдийн 30% нь дээд боловсролтой. 2021 оны хоёрдугаар сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй 15,462 иргэн байгаагийн 4,475 нь их, дээд сургууль төгссөн, 126 нь магистр, докторын зэрэгтэй байгаа юм. Жил бүр төгсөж байгаа сурагчдын 79% нь их, дээд сургуульд элссэн суралцсаар. 

Харин бодит хөдөлмөрийн зах зээл дээр дээд сургууль төгсөгч биш, мэргэжлийн боловсрол эзэмшсэн, ур чадвартай боловсон хүчний эрэлт өндөр байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс хийсэн барометрын судалгаагаар 2020 онд хомсдолтой байсан 20 ажил мэргэжлийн 17 нь, 2021 онд эрэлттэй байх 20 мэргэжлийн 16 нь Мэргэжлийн болон техникийн боловсрол шаардсан ажлын байрууд байгаа юм.

Тухайлбал, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийн хамгийн эрэлттэй ажлын байр нь тогооч, жолооч, туслах ажилтан байгааг “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдвээр өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон дата сэтгүүл зүйн цахим хакатоны хоёрдугаар байрт шалгарсан DATA LABOURS баг судалгаагаараа тооцож гаргасан юм. 

Сурагчид есдүгээр анги төгсөөд МСҮТ болон политехникийн коллежид суралцсанаар мэргэжилтэй боловсон хүчин болох боломжтой бөгөөд төгсөгчдийн 60 орчим хувь нь төгсөөд шууд ажлын байртай болдог. Харин ийнхүү суралцахад хуучны хандлага, эцэг эхчүүдийн сэтгэлгээ тээг болж байгааг тэргүүн байр эзэлсэн EDUPRO баг гаргаж тавьсан юм. Харин сурагчид 12 дугаар анги болон их, дээд сургуулиа төгсөхөд МСҮТ, политехникийн коллеж төгсөгч хэдийнэ эзэмшсэн ур чадвараа ашиглан хувийн бизнесээ ч эхлүүлсэн байх боломжтойг HOMO DEUS баг видеогоор үзүүлэв.

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв санаачлан Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ХНХЯ-тай хамтран зохион байгуулсан энэхүү цахим хакатонд 26 баг бүртгүүлснээс хоёрдугаар шатанд 10 баг шалгарч, МСҮТ болон политехникийн салбарын талаар сонирхолтой дата мэдээллийг боловсруулан сэтгүүл зүйн бүтээл гаргаж өрсөлдсөн юм.

Ийнхүү шалгарсан

  1. EDUPRO
  2. DATA LABOURS
  3. HOMO DEUS

гэсэн гурван багт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа шагналыг нь гардууллаа. 

Дака хакатонд шилдгээр шалгарсан гурван бүтээлийг бид цувралаар хүргэх болно.

"МСҮТ их, дээд сургуулиас илүү цаг хугацааг хэмнэдэг гэх санааг харуулахдаа жижигхэн сэрүүлэгтэй цаг тавьж гол санаагаа харуулсан"

 
Гэрэл зургийг: ХНХЯ

"Ирээдүй" баг

Мөн энэ удаа дунд сургуулийн сурагчид баг болон оролцсон нь онцлог байв.

Заавал их, дээд сургуульд орсноор мэргэжилтэй болдоггүй, МСҮТ, политехникийн коллеж хэмээх алтан боломж байдаг талаар үеийнхнийхээ сонирхлыг татах зорилготой анимэйшн бүтээсэн гэдгийг “Ирээдүй” багийн гишүүд, СХД-ийн 62-р сургуулийн сурагч Д.Шадав, Г.Мөнхтуул нар хэлсэн юм. “Манай багийн бэлтгэсэн контент бүх насныханд зориулагдсан ба түлхүү Z generation буюу бидний насны хүүхдүүдийн сонирхлыг татахаар хийгдсэн. Учир нь бидний насны хүүхдүүд хэтэрхий урт, дэлгэрэнгүй, нуршуу зүйлийг огт сонирхдоггүй. Жоохон нууцлагдмал зүйлсийг илүүд үздэг. Тиймээс бид МСҮТ-ийг өөрсдийн өнцгөөс дүгнэж, богино анимэйшн хийсэн. МСҮТ их, дээд сургуулиас илүү цаг хугацааг хэмнэдэг гэх санааг харуулахдаа жижигхэн сэрүүлэгтэй цаг тавьж гол санаагаа харуулсан” гэв. 

Тус багийг Шүүгчдийн нэрэмжит онцлох багаар шалгаруулсан юм.

"Өөрийнхөө ур чадвар, сонирхлоороо, гарын ур дүй бүхнээрээ илүү их мөнгө олж, амьдралдаа сэтгэл хангалуун байх боломжтой"

 
Гэрэл зургийг: ХНХЯ

Дата мэдээлэл маш элбэг болсон энэ үед сэтгүүлч дангаараа бус, салбарын шинжээч, судлаач, дата анализ, дизайнертай хамтран олон нийтэд маш чухал мэдээллийг хялбараар хүргэх боломжийг дата хакатон бий болгож буй. Энэ сонирхолтой төрөл зүйлээр Монголын хөдөлмөрийн болон боловсролын салбарт, цаашлаад макро эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын асуудлыг хөндөж байгаа Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвд талархаж байгаагаа ХНХ-ын сайд А.Ариунзаяа энэ үеэр илэрхийлэв. 

Тус яам e-job хэмээх төрийн болон хувийн хэвшлийг нэгтгэсэн хөдөлмөр зуучлалын сайтыг ажиллуулж эхэлжээ. Тус платформт 2-3 мянган ажлын байр нээлттэй байхад 200-300 ажлын байр зуучлагдаж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн дунд том зааг үүссэнийг илтгэж байгааг салбарын сайд тодотгосон юм.

Тэрбээр “МСҮТ гэхээр анх орж ирж байгаа бүх хүн төдийдлөн сайн мэддэггүй. Хаагдмал нуугдмал байдаг. Гэтэл улс орны хувьд энэ нь эдийн засгийн маш чухал ач холбогдолтой. 

Өөрийнхөө ур чадвар, сонирхлоороо, гарын ур дүй бүхнээрээ илүү их мөнгө олж, амьдралдаа сэтгэл хангалуун байх боломжтой. Өнөөдөр хэн хөдөлмөрлөж чадаж байна, тэр хүн хожиж байдаг тийм нийгэм болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дарга нар л мундаг гэсэн өмнөх үеийн сэтгэхгүйгээр хүүхдүүдээ сургаад байна. Малчдын дунд ч гэсэн явуулсан судалгаагаар л гэхэд хүү, охиноо эргээд малчин болгох, удам дамжсан хөдөө аж ахуйч болгохыг хүсэж байгаа эцэг, эх бараг алга. Ялангуяа, охидоо бүгд л хот руу их, дээд сургуульд явуулна гэж байгаа бол 5% нь хөвгүүдээ малчин болгоно гэж байна. Гэтэл малчин гэдэг бол мэргэжил. Одоогоос 20 жилийн өмнө нийгмийн хамгийн ядуу бүлэг яах аргагүй малчид байсан. Өнөөдөр эсрэгээрээ малчид дундаж давхарга руу орж ирсэн. Зарим хэсэг нь аль хэдийнэ чинээлэг дундаж давхарга руу ороод ирсэн. Харин малаа алдаад, хотод сайхан ажил олоод амьдарна гэсэн мөрөөдөл тээж ирсэн хүмүүс өнөөдөр гэр хороололд ажилгүй, амьдрал хүнд, халамж хүлээсэн, нийгмийн үнэхээр эмзэг бүлэг болоод байна. Тиймээс малчин бол мэргэжил гэдэг ойлголтыг МСҮТ, политехникийн коллежоор дамжуулаад бид олгож буй. Манай салбарын хувьд мэргэжлийн боловсрол, сургалтын салбараа маш сайн хөгжүүлж, сурталчлах хэрэгтэй байгаа” гэлээ. 

"Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар улс орны макро түвшинд ямар ач холбогдолтойг мэдрүүлсэн хакатон боллоо"

 
Гэрэл зургийг: ХНХЯ

Энэ удаагийн хакатон 100% цахимаар болсон нь Японд суралцаж байгаа оюутан, Увс, Сэлэнгэ аймагт мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэргэжилтнүүд оролцох боломжийг бүрдүүлсэн юм. 

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар улс орны макро түвшинд ямар ач холбогдолтойг мэдрүүлсэн хакатон боллоо гэдгийг дата хакатоныг санаачилан Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал Ц.Тамир онцоллоо.

Тэрбээр “Хакатонд оролцогчид үндсэндээ маш богино хугацаанд мэдээлэлтэй болж, энэ бүтээлүүдийг хийж үзсэнээр мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын чухлыг, бүр цаашлаад улс орны макро түвшинд ямар ач холбогдолтой байдаг вэ гэдгийг мэдэрсэн байх. Иймд цаашид ч энэ сэдвээ хаялгүй, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын талаарх хэвшмэл ойлголтыг залруулсан зөв мэдээллийг гэрийнхэн, найз нөхөд, дүү нартаа, эргэн тойрныхоо бүх хүнд түгээж байгаарай гэдгийг оролцогч нартаа захья” гэв.