Австралийн Дээд Шүүх өнөөдөр хуралдаад Австралийн Ассемблейгаас өнгөрсөн аравдугаар сарын 22-ны өдөр баталсан “Нийслэлийн бүсэд ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх тухай” хуулийн төслийг цуцлах шийдвэр гаргажээ.
1961 онд батлагдсан Гэрлэлтийн тухай (Marriage Act) хуультай зөрчилдөж байгаа учраас ийнхүү цуцалсан гэж Дээд шүүхээс гаргасан албан ёсны мэдэгдэлд дурьдсан байна.
Хэрвээ ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх ёстой бол тэр нь парламент байх ёстой гэсэн зүүлт хийжээ. Парламентаар энэ асуудал 2012 онд орсон ч батлагдаж чадаагүй аж.
Ассемблейгаас шийдвэр гарснаас хойш хоёр сар орчмын хугацаанд Тасмани, Шинэ Өмнөд Уэльс зэрэг мужид нийтдээ 27 ижил хүйстэн хос гэрлэлтээ батлуулаад байсан байна. Гэвч Дээд шүүхийн шийдвэр гарснаар дээрх гэрлэлтүүд бүгд хүчингүй болж байгаа ажээ.
Одоогийн байдлаар ижил хүйстний гэрлэлтийг дэлхийн 15 улс хүлээн зөвшөөрөөд байна. Тэдний дунд Голланд, Франц, Скандинавийн орнууд, Бразил, Шинэ Зеланд зэрэг улсууд багтаж байгаа юм. Харин АНУ, Мексик, Их Британид ижил хүйстний гэрлэлтийг муж улсын хууль эрхзүйн хэмжээнд шийдвэрлэдэг ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!