Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс НҮБ-д элссэн нь: 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болов

ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нью-Йорк: 1960 оны 10 дугаар сар 

Энэтхэгийн Ерөнхий сайд Жавахарлал Неру 1960 оны 10 дугаар сарын 3-ны өдөр НҮБ-ын 882 дугаар бүгд хуралдааны 15 дугаар хуралдаанд НҮБ-ын гишүүнчлэлийн асуудлаар томоохон мэдэгдэл хийсэн билээ. Тэрбээр хэлсэн үгэндээ НҮБ анх байгуулагдах үедээ л Европ болон Америк тивийн жин хэт дарсан, тэнцвэртэй бус гишүүнчлэлийн бүтэцтэй байсныг дурдаад энэ нь Ази, Африкийн орнуудын хувьд шударга бус бүтэц байсан боловч тухайн үед олон улсын нөхцөлийн хүнд байдлыг ойлгон, Ази, Африкийн орнууд эрс өөрчлөлт хийхийг яараагүй юм. НҮБ өсөн бойжиж, түүний эгнээнд улам олон орон элсэн орохыг дагалдан НҮБ-ын гишүүнчлэлийн бүтэц тэнцвэртэй болох ёстой боловч болж чадахгүй л байв. Ерөнхий сайд Неру улс үндэстний хоорондын бүрэн төгс хамтын ажиллагааг үндсэн зорилгоо болгож ажиллах ёстойг тэмдэглээд нэг орон нөгөө орныг давамгайлах, нэг орон нөгөө орноо хүчээр сүрдүүлэх замаар өөрийн лагерьт элсүүлэхийг эрс шүүмжлэв. “Орон бүр бусдад өгөх юмтай, бусдаас ч авах юмтай” байдгийг дурдаад аливаа орныг хүчээр сүрдүүлж үзэл бодлоо тулгах аваас тэр орны эрх чөлөө хумигдах төдийгүй өсөлт хөгжил нь аюулд учирдагийг анхааруулжээ.    

Энэтхэгийн Ерөнхий сайд Ж. Неру БНМАУ-ын гишүүнчлэлийн талаар цохон зааж: “Үүнтэй холбогдуулан би Монгол хэмээх өөр нэг орныг цохон тэмдэглэхийг хүсэж байна. Бид Нэгдсэн Үндэстний байгуулллагад ийм олон орныг зөв шударгаар элсүүлж байгаа үед хоёр асуулт гарч байна. Яагаад Монгол НҮБ-ын гадаа үлдэх ёстой юм бэ? Тэр орон юуг буруу хийсэн юм, НҮБ-ын дүрмийг зөрчсөн юм уу? Нэг номхон дөлгөөн, энхийг эрхэмлэгч үндэстэн өөрийн хөгжил дэвшлийн төлөө цөхрөлтгүй зүтгэж байна, иймд тэднийг энэхүү агуу байгууллагын гадна байлгаж байгаа нь ямар ч зарчмын үүднээс авч үзсэн асар буруу гэж би үзэж байна. Бидний хоёр үндэстний харилцаа 1500 жилээс ч өмнөх эртний харилцаа учраас Энэтхэг Монголыг тусгайлан дотночлон авч үздэг билээ. Өнөөдөр ч энэхүү өнө эртний хэлхээ холбоо, түүнчлэн хоёр орны найрамдалт харилцааны олон жишээ бэлхнээ нүдний өмнө байна. Иймд би Монголыг улс үндэстний энэхүү дэлхийн ассемблэйд элсүүлэн авахыг үнэн сэтгэлээс зөвлөж байна” гэжээ. 

Индонезийн Ерөнхийлөгч Сукарно мөн 1960 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ерөнхий Ассамблейн 880-р бүгд хуралдаан дээр үг хэлжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ НҮБ-д 1960 онд элссэн 16 шинэ гишүүн орондоо баяр хүргээд Индонезийн арлын 92 сая хүн амыг төлөөлөн дэлхийн өмнө тулгарч буй колониализм, аюулгүй байдал, зэвсэг хураах зэрэг тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр 1955 онд Ази, Африкийн 29 орон Бандунгд хуралдаж, дуу хоолойгоо нэгтгэсэн, өнөөдөр тэдний хэд нь НҮБ-д байна гэж асуув. Мөн өчигдөр Ази, өнөөдөр Африк, тэдний улс үндсээ байгуулах, үндэстэн улс бүрэлдэх үйл явц бас л дуусаагүй байна гэжээ.

Ази тивийн нөлөө бүхий орон, 1955 оны Бандунгийн бага хурлыг санаачлагч Энэтхэгийн Ерөнхий сайд, Индонезийн Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хуралд хийсэн энэхүү хүчтэй мэдэгдлүүд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 5 орон, ялангуяа Энэтхэгийн колонийн эзэн гүрэн байсан Их Британийн хувьд, түүнчлэн НҮБ-ын бүх гишүүн орнуудад “БНМАУ өнө эртний түүхтэй, энхийг эрхэмлэгч орон” гэсэн эерэг сэтгэгдлийг бататгаж, нэгхэн жилийн дараа НҮБ-д гишүүнчлэлээ хэлэлцүүлэхэд тун ч таатай нөлөө үзүүлсэн билээ.

Москва: 1961 оны 6 дугаар сар

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Дийн Раск БНМАУ-тай яриа хэлэлцээ хийх 8 зүйлтэй удирдамжийг батлаж, Москвад суугаа Элчин сайд Л.Томпсонд \Llewellyn E. Thompson\ 1961 оны 5 дугаар сарын 29-нд Монголын талтай яриа хэлэлцээ хийх чиглэл өгчээ. БНМАУ АНУ-тай дипломат харилцаа тогтоох чин хүсэлтэй эсэхийг тогтоох, харилцан ДТГ-аа байгуулах асуудлыг тавьж үзэх, ДТГ-ууд хэвийн ажиллах, дипломат халдашгүй дархан эрхийг сахина гэдгийг тохиролцох, чингэвээс БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсэхийг АНУ дэмжинэ гэж мэдэгдэхийг зааварлажээ. Томпсон Элчин сайд хашир хөдөлж, Монголын талтай яриа хэлэлцээ эхлүүлэх гэж буйгаа ЗХУ-ын ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд В. Кузнецовт 5 дугаар сарын 31-нд эхлээд дуулгасан байна. В. Кузнецов Томпсонтай ярилцсаны дараа БНМАУ-ын Москвад суугаа Элчин сайд С. Лувсантай уулзаж, АНУ-тай дипломат харилцаа тогтоох гэж ”яарахгүй байхыг” нөхөрсөгөөр зөвлөсөн байна.

ГЯЯ-ны сайд П. Шагдарсүрэн Америкийн талтай уулзахад баримтлах удирдамжийг Элчин сайд Лувсанд 1961 оны 6 дугаар сарын 2-нд илгээв. Түүнд БНМАУ-ын засгийн газар АНУ-тай дипломат харилцаа тогтоох хүсэл сонирхолтойг нотлоод “Эхний уулзалтаар НҮБ-ын гишүүнээр элсэх асуудлыг хөндөж ярьвал БНМАУ нь НҮБ-ын гишүүн байх бүрэн эрхтэй, энэ эрхээ эдлэх явдалд АНУ саад хийж ирснийг эвтэй байдлаар дурдах, харин НҮБ-д манай улсыг элсүүлэх талаар Америкаас дэмжлэг гуйж болохгүй” гэсэн удирдамж өгчээ.

Америкийн тал санаачилга гаргаж хоёр талын яриа хэлэлцээг Москвад яаравчлан эхлүүлжээ. АНУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Э. Фрирс \Edward L.Freers\, Элчин сайд Лувсан нар 1961 оны 6 дугаар сарын 2-нд уулзаж ярилцжээ. Лувсан: НҮБ-ын дүрмийн хүрээнд эрх тэгш байдлын үндсэн дээр аливаа улстай харилцаа тогтоохыг БНМАУ дэмждэг гэж ярьжээ. Фрирс ДТГ харилцан байгуулах нөхцөлийн талаар сэтгэл ханамжтай хэлэлцээр байгуулах эсэхээс бүх юм шалтгаална гээд ярианы сэдвээ бичгээр Лувсанд гардуулсан байна. Элчин сайд Лувсан Монголын талын хариуг Фрирст 6 дугаар сарын 20-нд уламжлав. “БНМАУ-ын Засгийн газар нь олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын үндсэн дээр АНУ-тай дипломат харилцаа тогтооход бэлэн байна” гэдгээ мэдэгдээд тодорхой асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн гэжээ. Фрирс монголын талын хариуг хүлээн авч, ДТГ харилцан байгуулах нөхцөл, статусын талаар хэлэлцэх цаг хугацааг жич хэлэхээр болсон байна. Америкийн тал эхний шатны зорилго биелэгдсэн гэж үзэж, Конгрессын хоёр танхимтай зөвлөлдөх, НҮБ-ын хүрээнд болох үйл явдлаас шалтгаалан БНМАУ-тай цаашид яриа хэлэлцээ хийх цаг хугацааг тогтохоор дотроо ярьж шийдсэн байна.

Вашингтон: 1961 оны 8 дугаар сар

Ерөнхийлөгч Жон Кеннеди, Тайваний дэд Ерөнхийлөгч Чен Чен нар Монголын асуудлаар уулзалт Цагаан ордонд 1961 оны 8 дугаар сарын 1-нд хийв. Ерөнхийлөгч Кеннеди тэр уулзалт дээр НҮБ-д Хятадын төлөөллийн асуудлаарх санал хураалтад Гадаад Монголын \БНМАУ-ыг хэлж байна\ асуудал нөлөөлөх магадлалтай болсон тул Тайвань хэрвээ Гадаад Монголын эсрэг саналаа өгвөл өөрөө НҮБ-д үлдэх эсэх нь эргэлзээтэй болно гэж тулган хэлжээ. Түүний дараа Кеннеди зөвлөх нартайгаа ярилцаж, Зөвлөлт, Хятадын үл итгэлцэх байдал гүнзгийрч байгаа нөхцөлд “ажиглах цэг”-тэй болохын тулд Монголыг хүлээн зөвшөөрөх нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэх боловч Тайваний эсэргүүцлийг Конгресс дахь Бүгд Найрамдахчууд дэмжиж буй тул БНМАУ-тай харилцаа тогтоох яриа хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлэхгүй байхаар шийдвэрлэж нийтэд зарлахыг Төрийн Департаментэд 1961 оны 8 дугаар сарын 8-нд чиглэл болгосон байна.

Жон Кеннеди-гээс Чан Кайшид: 1961 оны 8 дугаар сар

АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди 1961 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чан Кайшид илгээсэн захидалдаа байр сууриа маш тодорхой илэрхийлжээ.

Жон Кеннеди захидалдаа “Чөлөөт ертөнц болон коммунизмын хоорондын олон улсын тэмцэлд Нэгдсэн Үндэстний байгууллага чухал тэмцлийн талбар болж буй”-г тэмдэглээд бидний нийтлэг зорилго бол НҮБ дахь Гоминданы Хятадын байр суурийг хэвээр хадгалах, харин Бээжин буюу БНХАУ-ыг НҮБ-аас ангид байлгах хэмээн тодорхойлжээ. Кеннеди мөн уг захидалдаа “Гадаад Монголын” талаарх байр сууриа ингэж тодорхойлжээ. Кеннеди энэхүү нийтлэг зорилгоо хангахын тулд нэг нөхцөлийг Чан Кайши биелүүлэх хэрэгтэйг их дипломат маягаар илэрхийлжээ. “Хэрвээ танай Засгийн газар Гадаад Монголыг НҮБ-д элсэхийг хориглож вето эрхээ хэрэглэх аваас бид НҮБ-д дээрх зорилгодоо хүрэх олонхын дэмжлэгийг авч чадахгүй байх асар их аюул байгааг би танд цохон хэлэхгүй бол Тантай илэн далангүй байсангүй гэж өөрийгөө зэмлэхэд хүрнэ” хэмээн учирласан байна. Кеннеди цааш нь Африкаас Мавританийг НҮБ-д элсүүлэх асуудал БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудалтай зэрэг тавигдаж байгаа учраас энэ хоёр орны хувьд маш эвтэй хандахгүй бол Африкийн орнуудын дургүйцлийг төрүүлж НҮБ-д Гоминданы Хятадын байх эсэх асуудал ч яригдана гэдгийг давхар анхааруулжээ. 

Тэрбээр Чан Кайшид НҮБ-аас явж, БНХАУ-д байр сууриа тавьж өгөх үү, эсвэл Гадаад Монголыг дэмжиж, Африкийн орнуудын дэмжлэгийг авснаар НҮБ-д байр сууриа хадгалан үлдэх үү гэсэн сонголт л үлдэж байгааг  цохон тэмдэглэжээ.

Чан Кайши-гээс Жон Кеннедид: 1961 оны 10 дугаар сар

Чан Кайши 1961 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч Жон Кеннедид илгээсэн хариу захидалдаа Ерөнхийлөгч Кеннедиг өнгөрсөн хэдэн сард Гадаад Монголын гишүүнчлэлийн асуудалд биечлэн санаа тавьсанд талархлаа илэрхийлээд хэдийгээр асуудлын шийдэл нь Тайваний олон нийтийн санаа бодолд нийцэмжгүй байгаа боловч хоёр орны Засгийн газрын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг хүндэтгэн үзэхээс өөр аргагүй болсноо дурджээ. Гадаад Монголыг НҮБ-д элсэхэд вето хориг тавих эрхээ хэрэглэхгүй байх тухай манай Засгийн газар шийдэхэд хичнээн их хүндрэлтэй байсныг Элчин сайд Драмрайт Танд тайлбарласан гэж найдаж байна. АНУ цаашид ч чөлөөт ертөнцийг манлайлах үүргийг дэмжих үүднээс бид ийм шийд гаргахад хүрсэн юм. Чан Кайши эцэст нь Аюулгүйн Зөвлөлд Гадаад Монголын гишүүнчлэлийг хэлэлцэх үед энэхүү шинэ шийдлийн дагуу авч хэрэглэх тактикийн арга алхмыг Америкийн төлөөлөгчтэй нягт хамтран хэрэгжүүлэхийг НҮБ дэх Гоминданы Хятадын төлөөгчийн газартаа удирдамж өгсөн болохоо илтгэжээ.

Энэхүү АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди, Тайваний дэглэмийн Ерөнхийлөгч Чан Кайши нарын захидлууд, Кеннеди болон Тайваний дэд Ерөнхийлөгч нарын уулзалтаас үзвэл 1961 онд НҮБ дахь шинэ гишүүнчлэлийн санал хураалтын асуудал тэдний анхаарлын төвд байсныг илтгэж байна. Коммунист Хятад буюу БНХАУ НҮБ-д өөрийн хууль ёсны байр сууриа эзлэх асуудал улам бүр хурцаар тавигдаж, Чан Кайши-гийн суудлыг авч үлдэхийн тулд АНУ өөрийн холбоотнууд төдийгүй, Африкийн шинээр тусгаар тогтносон улсуудын дэмжлэгийг зайлшгүй олж авах нөхцөл үүсжээ.

Монгол, Мавританий гишүүнчлэл хоорондоо уялдаатай яригдаж буй ийм нөхцөлд Гадаад Монгол буюу БНМАУ-ын асуудалд урьдын адил хандаж, түүний хүсэлтэд Чан Кайши дахин вето тавих аваас Мавританий гишүүнчлэлээс үүдэн Африкийн орнуудын асар их дургүйцлийг өдөөж, коммунист Хятадыг НҮБ-аас ангид байлгах Вашингтон-Тайпэйн нэгдсэн бодлого аюулд учирна гэдэгт америкийн шийдвэр гаргагчид итгэлтэй байсан байна.

УБ-Москва-Нью Йорк: 1961 оны 10 дугаар сар

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1961 оны 9 дүгээр сарын тогтоолоор НҮБ-д манай улсыг элсэн орох асуудлыг хэлэлцэхэд оролцох төлөөлөгчдийг ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд Д. Цэвэгмид \тэргүүн\, Б. Жаргалсайхан, Б. Дашцэрэн, О. Дамдиндорж нарын бүрэлдэхүүнтэй баталжээ.

Тэдний замын тэмдэглэлд өгүүлснээр 1961 оны 10 дугаар сарын 22-ны өдөр  Нью Йорк хотноо буухад НҮБ-ын дэргэдэх ЗХУ-ын Байнгын төлөөлөгч В. А. Зорин ажилтнуудын хамт угтан авчээ. Тэд 23-ны өглөө Зоринтой уулзахад: “Чан Кайшистыг санал хураахад оролцохгүй болгосон байгаа. БНМАУ-ын төлөө 9 улс саналаа өгч, Америк түдгэлзэх, Чан Кайшист үл оролцох төлөвтэй байгаа. Бид нэгдүгээрт Монголын асуудлыг хэлэлцээд дараа нь Мавританы асуудалд орохоор бодож байгаа” гэжээ. Аюулгүйн Зөвлөлөөр Монгол, Мавританы хэний асуудлыг түрүүлж хэлэлцүүлэх асуудал эцсийн мөч хүртэл ЗХУ, АНУ-ын төлөөлөгчдийн дунд маргаантай хэвээр байжээ. ЗХУ-ын төлөөлөгч БНМАУ-ын асуудлыг нэгдүгээрт хэлэлцүүлэхийг АНУ-ын Байнгын төлөөлөгч Стивенсонд \Adlai Stevenson\ хүчтэй шахаж, Ерөнхийлөгч Кеннедитэй хүртэл түүнийг яриулж байжээ.

Нью Йорк: 1961 оны 10 дугаар сарын 25      

1961 оны 10 дугаар сарын 25-ны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 971 дүгээр хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс үзвэл БНМАУ-ын өргөдлийг дараах байдлаар авч хэлэлцсэн байна. Туркийн төлөөлөгч хуралдааныг даргалж байсан бөгөөд эхлээд БНМАУ-ын өргөдлийг авч хэлэлцээд санал хураах, дараа нь Исламын Бүгд Найрамдах Мавритани улсын өргөдлийг авч хэлэлцэх дэгийн санал оруулсан байна. Үүний дагуу НҮБ-ын дэргэд суух ЗХУ-ын Байнгын төлөөлөгч В.А. Зорин НҮБ-д БНМАУ-ыг авах талаар ЗХУ-аас оруулсан тогтоолын төслийг танилцуулж, Аюулгүйн Зөвлөлийн гишүүдийг дэмжихийг уриалсан байна. Зорин мөн БНМАУ-ын өргөдөл сайнаар шийдэгдэх аваас Мавританийг НҮБ-д элсүүлэхэд саад хийхгүй гэж мэдэгджээ.

В.А. Зорин хэлсэн үгэндээ БНМАУ нэн эртний түүхтэй улсын нэг болохыг дурдаад тус улс нь одоо хүн төрөлхтөний тал хувиас илүү хүн амтай 4 тивийн 21 улстай дипломат харилцаатай болоод байгааг тэмдэглэв. БНМАУ НҮБ-д элсэх тухай өргөдлөө хамгийн анх өгсөн улсын нэг мөн бөгөөд тус улсыг элсүүлэх тухай Ерөнхий Ассамблейгаас нэг бус удаа санамж гаргасан боловч тодорхой шалтгаанаар одоо хүртэл “НҮБ-ын ханын гадна байна” гэжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий Ассамблейгаас энэ оны 4 дүгээр сарын 20-нд гаргасан 1602-р шийдвэрийг сануулахад болох юм. Тэрбээр: “БНМАУ-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнд элсүүлэх асуудлыг зөвөөр шийдвэрлэж, 1946 оноос эхлэн НҮБ-д орохыг хүлээж байгаа энэ оронд шударга бусаар хандаж байсан явдлыг эцэс болгохыг Зөвлөлтийн төлөөлөгчид Аюулгүйн Зөвлөлийн гишүүдэд уриалж байна” гэсэн байна.       

Чан Кайши-гийн Тайваний төлөөлөгч ноён Цзян \Zian Tingfu\ хэлсэн үгэндээ Монгол, Хятад хоёр нь олон зуун жилийн турш, ялангуяа XIII зуунаас эхлэн улс төрийн нэг гэр бүлд багтаж байсан юм хэмээн нотлохыг оролдоод “Гадаад Монголыг” түрэмгийлэх гэсэн хаант Орос, зөвлөлт Оросын бодлогыг олон баримтаар нотлон үзүүлэхийг хичээсэн байна. Тэрээр “Гадаад Монгол бол тусгаар тогтносон нэрээр халхавчлагдсан боловч үнэн хэрэг дээрээ Зөвлөлтийн колони юм. Гадаад Монголын сүүлийн 40 жилийн түүх бол ЗХУ-аас гардан явуулж байгаа шинэ колончлол ба империализмын хэлбэр юм” гэж хүртэл мэдэгджээ. Тэрээр эцэст нь Мавритани болон түүний Африкийн хань нөхдүүдийн хүсэлтийг хүндэтгэн “Гадаад Монголыг” элсүүлэх санал хураалтад оролцохгүй, түүнд хориг тавих эрхээ эдлэхгүй гэж мэдэгджээ. Тухайн үед Чан Кайши-гийн Хятадын НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний статус нь хууль эрх зүйн хувьд ноцтой хөндөгдөөд байсан үед Мавритани, түүний цаана зогсож байсан Африкийн олон орны шахалт шаардлагад автан БНМАУ-ын төлөө санал хураалтад оролцохгүй тийм “нэр цэвэр үлдэх” аргыг сонгож авахаас өөр аргагүй байдалд орсон байна.

АНУ-ын төлөөлөгч Ч.Йост \Charles W. Yost, Deputy Permanent Representative\ хэлсэн үгэндээ БНМАУ-ын өргөдлийн тухайд: “...үүнээс нэлээд өмнө АНУ өөрөө ямар саналтай байгаагаас үл хамааран НҮБ-д Гадаад Монголыг элсүүлэх явдалд ямар ч саад хийхгүй гэж ноён Стивенсон тус Аюулгүйн Зөвлөлд мэдэгдсэн билээ. Үүний шалтгаан нь нийтэд тодорхой байгаа биз. Өнгөрсөн 4 дүгээр сард Ерөнхий Ассамблей Гадаад Монгол Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн байж чадах улс гэж дүгнэснийг АНУ анхааралдаа авсан юм. Иймээс бид Ерөнхий Ассамблейн энэ шийдвэрийг хүндэтгэж энэ асуудал энд болоод Ерөнхий Ассамблейд хэлэлцэгдэх үед ямар ч саад хийхгүй болой. Иймээс Гадаад Монголыг элсүүлэх тухай тогтоолд санал өргөхөд АНУ түдгэлзэх болно” гэдгээ ил тод мэдэгджээ.

Францын төлөөлөгч ноён Берард\Armand Berard\  :”Зарим хүмүүсийн сануулж байгаагаар БНМАУ НҮБ-ын гишүүнд элсэх өргөдлөө 14 жилийн өмнө 1946 оны 6 дугаар сарын 24-нд өгчээ. Тэр үеэс хойш энэ кандидатур тус байгууллагын янз бүрийн салаа мөчрөөр дахин дахин давтан шалгагдсан байна.Ийм удаан хугацааны хүсэлт олон тооны сорилтын эцэст зарим төлөөлөгчид БНМАУ манай онцгой анхаарлыг татаж байна гэдэг дүгнэлт хийж байна...Францын төлөөлөгч БНМАУ-ын кандидатурын эсрэг хэзээ ч зогсож байгаагүй юм. Зарим санал хураалтад түдгэлзэж, заримд нь элсүүлэхийн төлөө саналаа өгч байсан юм. Аюулгүйн Зөвлөл буюу Ерөнхий Ассамблей дээр зарим төлөөлөгчдөөс илэрхийлсэн эргэлзээний улмаас бид өнөөдөр энэ асуудлыг дахин хэлэлцэх хэрэгтэй болоод байна. Гадаад Монгол Дүрмийн 4 дүгээр зүйлд заасан шинэ гишүүн элсүүлэх тухай болзлуудыг үнэн хэрэг дээрээ биелүүлж чадаж байгаа юм гэж үү хэмээн надаас өмнө байсан хүмүүс өөрсдөө болоод тэдний хамт ажиллагч нөхөд нь гайхаж байснаа тэмдэглэж байсан юм. Тэгэвч Францын төлөөлөгч БНМАУ-ыг элсүүлэхийн төлөө саналаа өгнө. Энэ бол БНМАУ-ын тусгаар тогтнох зориг хүслийг итгэмжилж байгаа бөгөөд тус орны байгууллагууд ардчилсан чиглэлээр хөгжинө гэж найдаж байгаагийн шинж тэмдэг юм” хэмээн мэдэгдсэн байна.

Их Британийн Нэгдсэн Вант улсын төлөөлөгч ноён Патрик Деан \Sir. Patrick Dean\ “Манай төлөөлөгч нарийвчлан судалж үзсэний эцэст Гадаад Монголыг НҮБ-д элсүүлэхийг дэмжиж саналаа өгөхөөр шийдсэн юм. ..Бид 1955 онд Гадаад Монголыг дэмжиж саналаа өгсөн юм. Тэгэхэд 18 улсыг тус байгууллагад элсүүлэх асуудал мухардмал байдалд ороод байсан гэж зарим гишүүд дурьдах гэж байгаа байх. .. Үнэндээ бидэнд Гадаад Монголыг тусгаар тогтносон юм гэж үнэмших баримт бага байгаа бөгөөд үгүй юм гэх баримт бас нэгэн адил бага байна. Тэгээд ч улс төрийн дүгнэлт нь бидэнд хүндэтгэгддэг Энэтхэг зэрэг бусад орнууд Гадаад Монголыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон явдлыг харгалзсан ба би ч өнөөдөр бас үүнийг харгалзан үзэж байна. Одоогийн нөхцөл байдалд Гадаад Монголыг гэрчлэх баримтаар дутагдалтай байгаагий нь цагаатгаад, элсүүлэхийн төлөө саналаа өгөх нь зүйтэй хэрэг гэж манай төлөөлөгч өнөөдөр бас л үзэж байна” гэжээ.

Их Британийн төлөөлөгчдийн дараа БН Нэгдсэн Араб улс, Цейлон, Эквадор, Чили, Туркийн төлөөлөгчид тус тус үг хэлжээ. Цейлоны төлөөлөгч Малаласекера: “Монгол бол маш эртний соёлтой бөгөөд манай оронтой нягт харилцаатай, ялангуяа тус хоёр орон нэг адил Буддын шашныг их шүтдэг учир соёлын нягт харилцаатай байсан юм. Хоёр жилийн өмнө Гадаад Монголд зочлох сайхан завшаан надад ноогдсон.  ..Би Гадаад Монголд байхдаа тус орны ард түмэн олон талаар, ялангуяа ард түмний амьдралын хэмжээг дээшлүүлэх, хөршүүдтэйгээ сайн харьцаа тогтоох ба тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө туйлын их хүч чармайлт гаргаж байгааг үзсэн. Энэ бол сайшаалтай хэрэг гэж би бодож байна. Хэрэв Гадаад Монгол Аюулгүйн Зөвлөлийн дараа нь Ерөнхий Ассамблейн нэгдмэл саналаар НҮБ-д элссэн байвал бид их баяртай байх учир нь энэ байна” гэж элэгсэг сайхан үг хэлсэн байна.

"Ийнхүү 1961 оны 10 дугаар сарын 25-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр Монгол, Мавритани хоёр улсыг НҮБ-д нэгэн зэрэг элсүүлэх асуудлаар санал хураалт явагдсан байна. БНМАУ-ыг элсүүлэхийг зөвлөмж болгосон тогтоолын төслийг ЗХУ, Англи, Франц, Цейлон, Чили, Нэгдсэн Араб, Эквадор, Либери, Турк улс тус бүр дэмжиж АНУ түдгэлзсэн бөгөөд Чан Кайшийн төлөөлөгч танхимаас гарч санал хураалтад оролцсонгүй. Эцсийн дүндээ Афганистан, Бирм, Гана, Гвиней, Энэтхэг, Индонез, Ирак, Камбож, Мали, Балба, Египет, Цейлон, түүнчлэн тухайн үеийн социалист 11 улс нийт 23 орны төлөөлөгчдийн хамтран оруулсан тогтоолын төслийг Ерөнхий Ассамблейн XXYI чуулган хэлэлцэн 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр БНМАУ-ыг НҮБ-ын 101 дэх гишүүнээр баталсан байна."

Нью-Йорк: 1961 оны 10 дугаар сарын 31

1961 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт манай улсын далбааг НҮБ-ын байрны өмнө мандуулах ёслолын ажиллагаа болов. Дараа нь Ерөнхий Ассамблейн чуулганы хуралд орж, чуулганы индрээс Польш, Индонези, Чехословак, Куба, Белорусь, Болгар, Албани, Камбож, Унгар, Украйн, Румын, Балба, Коста-Рика, Зөвлөлтийн төлөөлөгчдийн тэргүүн нар манай улсыг НҮБ-д орсон, хууль ёсны байраа эзэлсэнд баяр хүргэж үг хэлжээ.

1961 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 372-р тогтоолоор БНМАУ-аас НҮБ-д суух Байнгын төлөөлөгчийн газрын орон тоог 12 нэгжээр баталж, Б. Жаргалсайханыг Байнгын төлөөлөгчийн Тэргүүнээр, Дамдиндоржийг 1 дүгээр нарийн бичгийн даргаар, Орсоог 2 дугаар нарийн бичгийн даргаар, Цэрэн-Очирыг атташегаар тус тус баталсан байна.

1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхээр НҮБ дахь их гүрнүүд болон хуучин колони, хараат байсан Ази, Африк, Латин Америкийн улсуудын хоорондын хүчний харьцаа өөрчлөгдсөн байна. БНМАУ Азийн нөлөө бүхий томоохон орнууд болох Энэтхэг, Бирм, Индонезитай 1955-57 онуудад дипломат харилцаа тогтоож тэдний  дэмжлэгийг НҮБ-д олж авсан явдал зөвхөн НҮБ-д төдийгүй тэдний колонийн эзэн байсан Их Британи зэрэг орны байр суурьт хүчтэй нөлөө үзүүлэв.

Түүнчлэн Ази, Африкийн шинээр тусгаар тогтносон улсуудын эрчимтэй дэмжлэгийг олж, тэдэнтэй эв санааны нэгдлийг тогтоож чадсан явдал шийдвэрлэх нэг нөлөө үзүүлсэн юм.  Чан Кайши-гийн БНМАУ-д саад хийж байсан олон жилийн бодлого улам бүр явуургүй болж, БНХАУ-ын байр суурь хэлбэрэлтгүй бэхжин, Чан Кайшиг хөөж, БНХАУ-ын хууль ёсны байр суурийг НҮБ-д эзлүүлэх хүчин чармайлт улам нэмэгдэж байлаа. Ийм нөхцөлд АНУ, Их Британи, Франц БНМАУ-ын талаарх бодлогодоо тус бүр залруулга хийж, Их Британи, Франц БНМАУ-ыг НҮБ-д элсэхийг дэмжих, АНУ БНМАУ-ын НҮБ-д элсэхэд саад хийхгүй, түдгэлзэх санал өгөхөө ил тод зарласан байна. Ийнхүү ЗХУ-ын оруулсан тогтоолын төслийг Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүн орнууд дэмжиж, АНУ түдгэлзэн, Тайвань танхимаас гарч санал хураалтад оролцоогүй тул БНМАУ 1961 оны 10 дугаар сард НҮБ-ийн бүрэн эрхт гишүүн болж, НҮБ-д хууль ёсны суудлаа эзэлж чадсан билээ.

 

Академич, Элчин сайд Цэдэндамбын Батбаяр