Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хилээр нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөн саарсан. Үүний зэрэгцээ Монгол Улсад ирэх ёстой ачаа бараанууд БНХАУ-ын Тяньжин боомт дээр гацжээ.
Ингэснээр чингэлэг түрээс, хадгалалтын зэрэг зардал нэмэгдсээр байгааг Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос өөрсдийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн билээ. Тус холбоонын Гүйцэтгэх захирал О.Даваасүрэнтэй холбогдож үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Тяньжин боомт дээр Монгол Улсад ирэх ёстой хэдэн чингэлэг гацаад байгаа вэ?
-Одоогоор 4,000 орчим чингэлэг гацаад байна. Хугацааны хувьд авч үзвэл дөрөвдүгээр сарын сүүл үеэс хойш очсон чингэлгүүд өдийг хүртэл хөдлөөгүй байна. Тус боомтоор Япон, Солонгос, Турк, Америк зэрэг гуравдагч орноос манай улсад ирдэг ихэнх ачаа дамждаг. Ердийн үед боомтод 5-7 хоноод чингэлэг нааш тээвэрлэгддэг байсан бол одоо дунджаар 30, заримдаа 40 гаруй хонодог болсон. Үүнийг дагаад чингэлэг түрээс, хадгалалт гэх мэтчилэн зардлууд нэмэгдэж байгаа.
-Боомт дээр төвлөрч буй чингэлгүүд өдөрт хэдэн төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний зардал гаргаж байна вэ?
-Зөвхөн чингэлэг түрээсийн үнэ өдөрт 10-50 ам.доллар. Үүн дээр хадгалалт, тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ. Манайх далайд гарцгүй, хөгжиж буй орон учир тээврийн үнэ нь бусад оронтой харьцуулахад өндөр.
-Өдөртөө хэдэн чингэлэг Монгол руу гарч байгаа бол?
-Монгол руу өдөр чингэлгийн зориулалтын нэг галт тэрэг Хятадаас хөдөлдөг. Үүгээр 60 чингэлэг гарна. Гэтэл өдөрт л 100 гаруй чингэлэг нэмэгдэж байгаа.
-Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ. Та бүхэн төрийн байгууллагууд болон Хятад улсын эрх бүхий хүмүүстэй холбогдож, санал хүсэлт тавьсан уу?
-Энэхүү төвлөрлийг бууруулахын тулд Монгол руу чингэлэг зөөх галт тэрэгний тоог 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Өдөрт хоёр галт тэрэг явуулбал 20 гаруй хоногт төвлөрлийг бууруулна гэж тооцоолсон. Бид өнөөдөр энэ асуудлаар Гадаад харилцааны яам болон бусад албаныхантай уулзахаар товлосон.
Түүнээс гадна Эрээн-Замын-Үүд чиглэлийн ачаа тээврийн асуудал бас байна. Өмнө нь тээврийн нэг машины үнэ 7,000-8,000 юань байсан бол одоо 40,000 юань болсон. 6-7 хоногт Улаанбаатарт ирдэг байсан ачаа 20 ба түүнээс дээш хоног болж байж ирж байна. Мөн импортын барааны чингэлгээс бараа бүтээгдэхүүнээ аваад хоосон чингэлгийг төмөр зам болон авто замаар буцаадаг. Ингэхэд мөн л экспортын барааны машинуудтай хамт бөөгнөрөл үүсгэх болдог. Энэ мэтчилэн тээвэр ложистикийн асуудал их байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!