Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Замын-Үүд боомтын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхээр санал солилцлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзав.

Уулзалтын эхэнд коронавирусын халдвартай тэмцэхэд хөрш орны тусламж дэмжлэг багагүй байж, шаардлагатай вакцины нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажилласанд Шадар сайд талархал илэрхийлэв. Эдийн засгийг сэргээх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Элчин сайд Цай Вэньруй дэмжлэг үзүүлснээр Гашуунсухайт, Нарийнсухайт боомтуудын нүүрсний экспорт нэмэгдсэн талаар тэрбээр онцлон тэмдэглэлээ.

Талууд Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэрэгслийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо. Мөн хил орчмын чөлөөт бүсийг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хийж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдаа, эдийн засгийг сэргээх Засгийн газар хоорондын хамтарсан чөлөөт худалдааны бүсийг байгуулах саналтай байгааг Элчин сайд Цай Вэньруй дурдлаа. Дэлхийн нийтэд коронавирусын халдвараас шалтгаалан ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг тэрбээр дурдаад Замын–Үүд боомтоор нэвтэрч буй ачаа эргэлтийг түргэсгэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.