Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпод оролцох Монголын баг тамирчдын ёслолын болон спортын хувцас

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

"Токио 2020" олимпын наадмаар Монголын тамирчид спортын болон ёслолын ямар хувцас өмсөх талаар олон нийт ярьж байна. 

Тухайлбал, өчигдөр цахим орчинд “Токио-2021” гэсэн бичигтэй спорт хувцсыг “Somo Sport Brand” брэндийн хамт олноос гардуулан өгч буй зураг гарсан билээ. 

 
Somo Sport brand

Тэгвэл хувцас нь олимпод оролцоход өмсөх хувцас мөн эсэхийг Үндэсний үйлдвэрлэгч “Somo Sport Brand”-н үйлдвэрийн дарга Ц.Цэдэнсодномтой холбогдож тодруулахад “Манайх олимпын хувцас хийгээгүй. “Сомо” брэндийн зүгээс Монголын сагсан бөмбөгийн 3х3 Олимпийн шигшээ багууддаа Монголдоо бэлтгэл хийхдээ өмсөөрэй гэж бэлтгэлийн хувцас бэлэглэсэн юм. 

Нэгт. "Танайд хоноё" нэвтрүүлгээр Монголын 3х3-н тамирчид гарч байхдаа Монголын шигшээ баг мөртлөө тамирчид маань жигд бэлтгэлийн хувцасгүй өөр өөрсдийн хувцсыг өмчихсөн байхыг харсан. 

Хоёрт. "Сомо" брэндийн захирал С.Ганзориг залуудаа сагсны эрэгтэй багийн багш байсан юм. Тиймээс хүүхдүүдээ жигдхэн хувцастай болгоё, олимпод орох гэж байгаа болохоор сэтгэл зүйд нь ч нөлөөлнө байх гээд олимпын лого томоор тавьж, тод өнгөтэй хувцас хийж өгсөн.

 
Mongolian 3x3 Basketball Association

Манай Монголын тамирчид үнэндээ хувцас хунар муутай байдгийг та бүхэн мэдэх байх. Тэрийг захирал мэддэг, дээрээс нь өөрөө спортод элэгтэй хүн болохоор чаддаг бол хувцсаар нь хангах юмсан гэж ярьдаг. Тэгээд энэ удаа 53 бэлтгэлийн хувцсыг үнэгүй хийж өгсөн. Өмнө нь ч бас өмсгөл хийж өгч байсан удаатай. Гэтэл цахим орчинд хүмүүс элдэв янзаар бичиж байна лээ. Энэ хүмүүс чинь ямар муухай хандлагатай болчихсон юм бэ дээ гээд гайхаж суулаа. Гэхдээ нөгөө талд мэдээж хэрэг сайнаар харж, дэмжсэн хүмүүст баярлалаа гэдгийг хэлмээр байна” хэмээв.

Олимпын наадамд оролцох Монголын тамирчдын спортын болон ёслолын хувцсыг “Мишээл-Амазонка” ХХК үйлдвэрлэнэ
 
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс дэлхийн улс орнуудын жишгээр спортоор дамжуулан өнгө төрхөө тодорхойлох үүднээс 2019 онд “Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчдын спортын болон ёслолын хувцасны загвар зохион бүтээх уралдааныг нээлттэй зарлаж, хувцас үйлдвэрлэх компанийг шалгаруулсан байдаг. 

Тодруулбал, Спортын амжилт гаргаж буй Монгол Улсын Үндэсний шигшээ  баг, тамирчдаар дамжуулан Монгол үндэстний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор загварын уралдааныг өргөн хүрээнд зарлаж, сонгон шалгаруулалт зохион байгуулсан. Нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэнээс “Мишээл-Амазонка” ХХК шалгарч, спортын хувцасны загварыг уралдааны удирдамжид заасны дагуу Үндэсний шигшээ багийн тамирчдад танилцуулан, ёслолын хувцасны загварыг олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсэгт танилцуулж баталгаажуулжээ. Ийнхүү “Мишээл-Амазонка” ХХК-д спортын болон ёслолын хувцас үйлдвэрлэх эрхийг өгч гэрээ байгуулсан юм.

Олимпын спортын болон ёслолын хувцсаар шалгарсан уг загвараар хийсэн хувцсыг сүүлийн байдлаар олон нийтэд харуулах хугацаа болоогүй бөгөөд анхны загвар өөрчлөгдөөгүй хэмээн “Мишээл-Амазонка” компани тайлбарлалаа.

Эргэн сануулахад, Токио-2020 Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394.3 сая төгрөг гаргах бөгөөд “Токио Олимп Сан”-гаас санхүүжилтийг шийдвэрлэнэ хэмээн 2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэлсэн байдаг.

Спортын болон ёслолын хувцасны загвар: