ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Хөнгөн өвчтөнүүдэд хийж буй эмчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст заавал вирусийн эсрэг эмчилгээ хийх шаардлагагүй. Тэдэнд дархлаагаа дэмжих витаминуудыг тодорхой тунгаар үлдээж байгаа.
Харин хүндээр өвчилж байгаа хүмүүст вирусийн эсрэг эмчилгээ хийж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд эсвэл хүндэвтэр эсэхээс шалтгаалан эмчилгээг тарих болон эм уух байдлаар хийхийг эмнэл зүйч эмч шийдэж буй.
Маш хүнд болон хүндээр өвчилж байгаа хүмүүст вирусийн эсрэг, гормоны эмчилгээнүүдийг тариагаар хийж, антибиотикийг хавсарч өгч байгаа.
-COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн ч эргээд гарах сөрөг нөлөө байгаа юу. Үүнд судалгаа хийж байгаа болов уу?
-Дэлхий дахинд коронавируст халдвараар хөнгөн болон шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүмүүст гарах сөрөг үр дагавар нь харьцангуй бага гэх судалгаа хийгджээ.
Сүүлийн үед хийгдсэн судалгаанаас үзэхэд, хүнд, хүндэвтэр, маш хүнд хэлбэрээр өвчилсөн буюу тэр дундаа амьсгалын дутагдалд орсон, хүнд хатгаагаар өвчилсөн бол уушгины сорвижилт, өөрчлөлт гарч байна. Мөн удаан хугацаагаар ядрах, туйлдах, сэтгэл гутралд орох шинж тэмдэг сүүлд нь илэрч байгаа гэсэн байна.
Харин Монгол Улсын хувьд хүнд, хөнгөн явцтай хүмүүсээ эмнэл зүйн явц нь ямар байсан болон ямар эмчилгээ хийгдсэн талаар судалгаа хийхээр мэдээллээ цуглуулсан.
Яг коронавирусээр өвчлөөд эдгэрч гарсан хүмүүст ямар шинж тэмдэг илэрч байгаа талаар одоогоор судалгаа хийгээгүй байна. Энэ бол цаашид хийгдэх шаардлагатай судалгаануудын нэг.
-Нас баралтын түвшин хэдэн хувьтай байгаа вэ?
-Хүндрэл, нас баралт нь коронавируст халдварын хожуу илэрдэг үзүүлэлт гэж үздэг. Өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж, оргил үедээ хүрэх тусам 2-4 долоо хоногийн дараа хүндрэл, нас баралт огцом нэмэгдэж эхэлдэг.
Дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар уг өвчний улмаас нас барсан хүний тоо нийт өвчилсөн хүмүүсийн 0.16 хувийг эзэлж буй.
Нас баралтын түвшинг дэлхий нийтийнхтэй харьцуулахад бага тоо. Манай улсад коронавирусийн халдвараар нас барсан тохиолдлыг хүйсээр авч үзэхэд, эрэгтэйчүүд 48 хувийг, эмэгтэйчүүд 52 хувийг эзэлж байна.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!