АНУ-ын сансар судлалын үндэсний байгууллага NASA анх удаа дэлхийгээс өөр гарагийн тэнгэрт дрон хөөргөх гэж байгаа билээ.
Ажиллагааг өчигдөр буюу Ням гарагт гүйцэтгэх байсан ч техникийн жижиг асуудлаас болоод Лхагва гараг хүртэл хойшлуулжээ. Тодруулбал Баасан гарагийн орой дроны хөдөлгүүрийг шалгах үеэр компьютерийн жижиг доголдол илэрсэн байна.
1.8 кг жинтэй Ingenuity дрон хоёрдугаар сарын 18-ны өдөр Ангараг гарагт Perseverance робот станцын эх биед бэхлэгдэн ирсэн юм.
Дараа нь дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Perseverance станцын хэвлийгээс салж, Ангарагийн хөрсөнд хөл тавьжээ.
Ingenuity дрон нийт таван удаа нислэг гүйцэтгэх зорилготой. Эхний оролдлогоороо тэр 3 метрийн өндөрт хөөрч, 30 секунд тогтсоныхоо дараа газардах ёстой. Энэ нь хүн төрөлхтөн анх удаа дэлхийгээс өөр гарагийн тэнгэрт өөрийн бүтээсэн удирдлагатай техникийг нисгэсэн тохиолдол болох ажээ.
Эхний оролдлого хэр амжилттай болсноосоо шалтгаалан дараа дараагийн удаа өндөр, хугацаагаа нэмэгдүүлэх юм.
Эх сурвалж: The Verge
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|