Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилын Сан Пауло хотод оршуулгын газар хүрэлцэхгүй болсноос хуучин булшнуудыг шилжүүлж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Бразилын хамгийн том хот болох 12.3 сая оршин суугчтай Сан Паулогийн захиргаа оршуулгын газрын хуучин булшнуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх болсноо өчигдөр зарлажээ.

Тус хотод коронавирусийн халдвараар амиа алдсан хүний тоо нэмэгдэж байгаа тул оршуулгын газарт зай гаргах хэрэгтэй болсон байна.

Өчигдөр Сан Пауло хотын хойд хэсэгт оршдог оршуулгын газарт хамгаалалтын хувцастай ажилчид олон жилийн өмнө оршуулсан булшнуудыг ухаж, шарилын үлдэгдлийг тусгай уутанд савлан зөөж эхэлжээ.

Лхагва гарагт Бразил даяар 3,869 хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Уг үзүүлэлт хоёр өдөр дараалан шинэчлэгджээ.

Сүүлийн нэг долоо хоногийн турш өдөрт дунджаар 75,500 хүн халдвар авч, 3,000 орчим хүн нас барсан байна. Сан Пауло хотод оршуулгын газруудын ачаалал нэмэгдэж, уртасгасан цагаар буюу оройн 10:00 цаг хүртэл ажиллах болжээ.

Одоогийн байдлаар дэлхий даяар нэг өдөрт Covid-19 өвчнөөр хүн нас барсан тохиолдлуудын дөрөвний нэг орчим нь зөвхөн Бразил улсад оногдож байна.

Тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш халдварын 12.8 сая тохиолдол бүртгэгдэж, 325,000 гаруй хүн нас барсан нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох муу үзүүлэлт болж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters