Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс гурав дахь удаагаа хөл хорионы дэглэм тогтоож, сургуулиудаа хаах гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан Франц улс гурав дахь удаагаа үндэсний хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоож, бүх сургуулиудаа гурван долоо хоногийн хугацаатай хаахаар болжээ.

Энэ сарын эхээр тус улсын зарим бүс нутагт тогтоогоод байсан хөл хорионы дэглэм бусад нутгуудыг хамран өргөжиж байгааг ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгдсэн байна.

Дунд сургуулийн хичээлийг ирэх долоо хоногоос эхлэн зайны сургалтад шилжүүлэхээр болжээ.

Бямба гарагаас эхлэн онц шаардлагагүй дэлгүүрүүд хаагдаж, иргэдийг хүндэтгэх шалтгаангүй бол гэрээсээ 10 км-ээс хол зорчихыг хориглосон байна.

Өнөөдрийн байдлаар Франц улс даяар 5,000 гаруй хүн эрчимт эмчилгээ хийлгэж байгаа нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр ачаалал болжээ.

Лхагва гарагт тус улсад коронавирусийн халдварын 59,038 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт халдварын тохиолдол 4.6 саяыг давж, амиа алдсан хүний тоо 95,495 хүрчээ.

Лхагва гарагийн орой ард түмэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ Макрон “Бид одоо л хөдлөхгүй бол нөхцөл байдлыг хяналтаасаа алдахаар байна” гэж тайлбарласан юм.

Хөл хорионы дэглэм тогтоохтой зэрэгцүүлэн хүн амаа вакцинжуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа тэр мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Эммануэл Макроны хөл хорио тогтоох саналыг Францын парламент өнөөдөр хэлэлцэж, санал хураахаар болжээ.

 

Эх сурвалж: BBC