ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлн үеэр тус яамны хэлтсийн дарга Г.Болдмаа, хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Хагалгаанд орсон иргэн нутаг буцах болоход асран хамгаалагчаас нь шинжилгээ авахгүй гэх шалтгаанаар нутаг буцаж чадахгүй байгаа талаар асуултыг иргэнээс ирүүллээ. Энэ тохиолдолд яах вэ?
Б.Ууганбаяр: -Эрүүл мэндийн байгууллагууд өвчтөнөөсөө шинжилгээ авах зохион байгуулалтыг хийж байгаа. Асран хамгаалагч, сахиурын хувьд шинжилгээний цэгүүдэд цаг авч шинжилгээ өгнө. Ийм зохицуулалт хэрэгжиж байгаа.
- Бөхийн өргөө, Буянт-Ухаа спорт ордонд ор дэлгэх нь эрүүл ахуйн шаардлага хангах уу?
Г.Болдмаа: -2020 оны тавдугаар сард Буянт-Ухаа спорт ордон болон Бөхийн өргөөнд ор дэлгэж байсан. Тухайн үед ашиглаж байсан орнуудыг эдгээр байршлуудад хүргээд байна. Гэхдээ нөхцөл байдал маш хүндэрсэн үед тухайн орнуудыг ашиглана.
Б.Ууганбаяр: -Халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор гэрээр эмчилж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 800 гаруй хүн гэрээр эмчлүүлж байна. Халдварын нийт тохиолдлын 80 гаруй хувь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа учраас гэрээр эмчлэх зохицуулалтыг хийж байгаа.
- Ямар хүмүүсээс шинжилгээ авч байгаа вэ?
Г.Болдмаа: -PCR шинжилгээг батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлуудад давтамжтайгаар хийж байгаа. Мөн иргэд цаг авч, шинжилгээний цэгүүдэд хандан шинжилгээ өгч буй.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын шинжилгээг хариу арга хэмжээний багууд авч байгаа бөгөөд нөхцөл байдал нэлээд хүндэрсэн, тохиолдлын тоо өссөн. Хүн хүчний нөхцөл байдалтай холбоотойгоор энэ ажил зарим нэг талаараа алдагдаж байгаа. Ойрын хавьтлуудаас шинжилгээ авахгүй байна гэх гомдол байж магадгүй. Бид ойрын хавьтлуудаас 7 хоногийн дотор шинжилгээ авах бол боломжтой. Тэгэхээр ойрын хавьтал болсон бол өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлахыг зөвлөж байна.
- Халдвар орон сууцанд их гарч байна уу, гэр хороололд олон байгаа юу?
Г.Болдмаа: -Орон сууцанд халдварын тохиолдол олон байгаа. Гэр хороололд орон сууцтай харьцуулахад цөөн тохиолдол гарч байна. Тиймээс орон сууцанд амьдарч байгаа иргэд маань алхам тутамдаа буюу цахилгаан шатанд, хогоо асгахдаа гэх мэт үед халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг зөвлөж байна.
ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.30/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|