Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Болдмаа: Вакцины бүрэн тун хийлгэсэн сертификатаа үзүүлээд хаана ч зорчиж болно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил эхэлснээс хойш сар гаруйн хугацаанд 279,096 хүн эхний тунгаа хийлгэсэн бөгөөд удахгүй хоёр дахь тунг хийж эхлэх юм.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаагаас зарим зүйлийг тодруулав.

-Өдөрт илрэх тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. Цаашид хэрвээ хөл хорио тогтоовол вакцины бүрэн тун хийлгэсэн хүмүүст энэ нь үйлчлэх үү, тэдэнд ямар нэг давуу байдал үүсэх үү?

-Нэн түрүүнд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр удаагийн тун буюу бүрэн тунг хийлгэснээс 14-28 хоногийн дараа дархлаа бүрэн үүснэ гэдгийг санах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, бүрэн дархлаа тогтсон болохыг тогтоохдоо бүрэн тун буюу хоёр дахь тунгаа авснаас хойш 14 хоногийн дараа тухайн вакцинаас тухайн хүний биед дархлаа тогтсон гэж үзнэ. Одоогоор вакцин хийлгэсэн нэг ч хүнд бүрэн дархлаа тогтоогүй байна.

Дөрөвдүгээр сарын сүүлчээр бүрэн дархлаа тогтсон эхний хүмүүс бүртгэгдэнэ гэсэн үг. Тэр үед тодорхой заавар журам гарна.

Нөгөө талаар, вакцины бүрэн тун хийлгэсэн хүмүүст сертификат олгоно. Тэрхүү сертификатаар тухайн хүнийг бүрэн тун хийлгэсэн эсэхийг мэдэх боломжтой бөгөөд түүнийгээ үзүүлээд эмчилгээ үйлчилгээ авах, гадаад руу явах гээд хаана ч зорчиж болно.

Вакцин хийлгэсэн тухай сертификатыг E-mongolia цахим хуудсаас монгол болон анги хэл дээр хэвлэж авах боломжтой.

 

-Тэгвэл иргэд вакцины бүрэн тун хийлгэсний дараа биед нь эсрэг биет үүссэн эсэхийг шинжлүүлэх шаардлагатай юу?

-Манай улсын яг одоогийн нөхцөл байдалд вакцин хийлгэсний дараа биед нь эсрэг биет хэр хэмжээгээр тогтсон эсэхийг бүх хүн дээр үзэх боломжгүй. Энэ тал дээр мэргэжлийн судалгаа хийгдэнэ.

Тодруулбал, вакцины хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүсийг насны бүлгээр нь санамсаргүй түүврийн аргаар сонгож эсрэг биет хэр хэмжээгээр тогтсон эсэхийг шинжилнэ гэсэн үг. Энэ чиглэлийн судалгааны баг байгуулагдсан.

Мэдээж уг судалгааг иргэд вакцины бүрэн тунгаа хийлгээд эхэлсний дараа хийнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Вакцины бүрэн тун хийлгэсэн хүн биеэ яаж авч явах тухай заавар гарсан уу?

-Вакцин хийлгэсэн хүн бүр халдвараас 100 хувь хамгаалагдахгүй буюу огт халдвар авахгүй гэсэн үг биш. Харин халдвар авсны дараах хүндрэлээс вакцин бүрэн сэргийлэхэд ач холбогдолтой.

Олон улсад хийсэн судалгаанаас үзэхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүн халдвар авч болох ч бусдад тараахгүй гэсэн үр дүн гарсан байсан бол сүүлд халдвар аваад бусдад тараасан зарим тохиолдол гарсан гэх мэдээллүүд бий.

COVID-19 бол дэлхий нийтийн өмнө шинээр гарч ирсэн учраас өмнө нь огт судлагдаж байгаагүй. Тиймээс вакцины дараах эсрэг биетийн судалгаа зэрэг бусад судалгаанууд 1-2 жилийн дараа илүү тодорхой болно.

Тиймээс вакцин хийлгэсний дараа ч халдвар хамгааллын дэглэмээ бид сайн баримтлах нь зөв.