Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Тэлмэн: Бид хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн үнэ цэнийг өсгөж, Монголдоо хамгийн шинэлэг санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьдог

ikon.mn
2021 оны 3 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

2021 он гарсаар Монголын хөрөнгийн зах урьд байгаагүйгээр идэвхжиж, санхүүгийн шинжээчид, мэргэжилтнүүд төдийгүй энгийн ард иргэд арилжаанд оролцож, хувьцаа, цахим мөнгө, блокчэйн технологи дээр суурилсан урамшууллын онооны талаар тодорхой ойлголттой болж, хувьцаанаас өгөөж хүртэж бас эрсдэл ч хүлээж болдгийг ойлгож эхэлсэн. Үүний сацуу, ялангуяа Ард Санхүүгийн Нэгдэл, түүний охин компаниудын хувьцааны ханш эрчимтэй өсөж буй нь олны анхаарлыг татаж байна. Иймд, засаг төр, иргэд, өрсөлдөгч компаниудын дунд, ерөөс нийгэмд талархал, шүүмжийн аль алиныг хүчтэй өрнүүлээд буй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, цаг үеийн үйл явдлуудын талаар Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа.

Ард Кредит ББСБ-ын хувьцаа хоёрхон сарын өмнө 80 төгрөг байсан бол одоо 270 төгрөгт хүрээд байна. Гэнэтийн энэ өсөлтөд иргэд янз бүрээр хандаж байна л даа. Харин та үүний шалтгааныг юутай холбож байна вэ?

Бид 2019 онд анх IPO хийж, нийт хувьцааныхаа 25 хувийг иргэдэд санал болгоход хувьцааны захиалга 300 хувиар биелж байлаа. Өөрөөр хэлбэл, нэг хувьцааг гурван хүн авахыг хүсэж, дийлэнх нь 84 төгрөгөөр авах санал ирүүлж байсан. Гэтэл өнгөрсөн жил цар тахлаас үүдэлтэйгээр хувьцааны маань үнэ 70 төгрөгт хүрч буусан. Харин 2021 он гарснаас хойш хөрөнгийн зах амь орж, манай компанийн хувьцаа нэлээд өсөж, хаалтын ханшаар 275,03 төгрөгт хүрсэн. Өмнө нь 70 төгрөг байхад компани 21 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байсан бол одоо 77 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болоод байна. 2020 оны сүүлээр хувьцаа эзэмшигчийн тоо 2,139 байсан бол 2021 он гараад 6,500-д хүрч, Ард Кредит хувьцаа эзэмшигчдийнхээ тоогоор Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй хувьцаат компаниудаас 10 дугаар байранд жагсаж, харин олон нийтэд нээлттэй ББСБ-уудаа тэргүүлэх боллоо. Энэ бол иргэд манай урт хугацааны үйл ажиллагаанд, ирээдүйд итгэж хөрөнгө оруулж буй явдал гэж үзэж байна.

Хувьцаа эзэмшигчдийн тоо сүүлийн ганцхан улиралд гурав дахин өссөн нь сонирхол татаж байна л даа. Гол нь эдийн засгийн хямралтай ийм үед шүү дээ?

Өнгөрсөн жилийн хувьд цар тахал гараад нийгэм, эдийн засгийн байдал бүхэлдээ муу байлаа. Иргэдийн орлого бодитоор буурч, зээлийн үйл ажиллагаа явуулдаг ББСБ-уудын эргэн төлөлт багассан. Гэвч иргэдэд зээл авах хэрэгцээ байсаар байсан. Иймд бид зах зээл муудлаа гэдэг шалтгаанаар барьцаагүй зээлээ зогсоогоогүй. Богино хугацааны ашиг гэхээсээ илүүтэй урт хугацааны хамтын ажиллагаагаа бодож, харилцагчидтайгаа хамт энэ хүнд цаг үеийг давж гарна гэсэн бодлого барьж ажилласан. Нөгөө талаас, Засгийн газраас хэрэгжүүлсэн Цар тахлыг даван туулах тухай эдийн засгийн цогц арга хэмжээний хүрээнд СЗХ-ноос бидэнд өгсөн зөвлөмжийн дагуу иргэдийн зээлийн хүүг бууруулах, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх, жижиг дунд үйлдвэрлэгчдийн зээлийн шимтгэлийг тэглэх зэрэг арга хэмжээнүүд авсан. Харин одоо эдийн засаг сэргэх дохио ирж байна. Бизнесүүд боломжоороо үйл ажиллагаагаа үргэлжлүүлж эхэллээ. Монгол Улсад бүтээн байгуулалтын ажлууд ихэвчлэн хавар, зун, намар явагддаг болохоор тэр бүхэнд санхүүжилт хэрэгтэй болж байна. Хүнд хэцүү үед бид харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж зөв зүйтэй бодлого барьж ажилласан гэдэг нь одоо харагдаж байна. Учир нь, иргэд манай компанийн үйл ажиллагаанд болон өөрийнхөө ирээдүйд итгэж байна. Авч байгаа үйлчилгээнийхээ эзэн нь болохыг, зээл авч, хадгаламж байршуулдаг байгууллагынхаа хувьцаа эзэмшигч болохыг хүсэж, манай Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөнд нэгдэж байгаа нь харагдаж байна. Ард Кредит энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэнэ. Өнөөдөр бид хувьцаа эзэмшигчид, харилцагчдын тоо, хөрөнгө санхүүгийн чадамж, зах зээлийн үнэлгээгээ тодорхой амжилт гэж үзвэл энэ нь зөвхөн нэг улирлын дотор өрнөсөн зүйл биш, урт хугацаанд бодож төлөвлөж, барьж байгуулж, бат бөх суурь тавьсны үр шим л гэж хэлмээр байна. Үүнд бид маш баяртай байгаа ч нөгөө талаас асар том хариуцлага ирж байна. Манай захирлууд Ганхуяг даргын алсын хараанд итгэж, Ард Санхүүгийн Нэгдлийн нийт хөрөнгө оруулагчид, харилцагчдынхаа төлөө ажилладаг гэдгийг ойлгодог байх.  Бидэнд итгээд хөрөнгө оруулалт хийсэн нийт ард иргэдээ  аз жаргалтай байлгахын төлөө, тэдний хөрөнгийн үнэ цэнийг жилээс жилд өсгөхийн төлөө ажилладаг.

Цахимаар банк хоорондын шилжүүлэг хийх гэтэл банкуудын нэрсийн жагсаалтад Ард Кредитын нэр байна билээ. ББСБ-ын нэр банкуудын нэрсийн жагсаалтад орж, мөнгө шилжүүлж болдгийг мэдээгүй байсан болохоор би гайхсан шүү. Хэзээнээс ийм болсон юм бэ?

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Үндэсний төлбөрийн системийн тухай хууль мөрдөгдөж эхэлснээр зөвхөн банк төдийгүй бусад этгээдүүд цахим банкны үйл ажиллагаанд оролцох эрх нээгдсэн юм. Дараа нь бид 2020 оны тавдугаар сарын 20-нд Монголбанкнаас Цахим мөнгө гаргах, төлбөрийн үйлчилгээний зөвшөөрөл авсан. Өнөөдөр зах зээл дээр 500 гаруй ББСБ байгаагаас ердөө гурав нь ийм зөвшөөрөлтэй. Ард Аппыг Ард Санхүүгийн Нэгдлийн цахим худалдааны талбар гэж үзэх юм бол Ард Кредит үүний нэг оролцогч нь юм. Ингэснээр бид иргэдэд цахим мөнгөө удирдах боломжийг нээж өгсөн.

Төлбөрийн системд хөрөнгө оруулалт хийсэн бас нэг ажил маань, таны саяын хэлсэнчлэн банк хоорондын шууд гүйлгээний сүлжээнд холбогдсон явдал. Үйлчлүүлэгч аль нэг банкны апп руу ороод банк хоорондын шилжүүлэг хийе гэхэд банкуудын нэрсийн жагсаалтад Ард Кредит гээд гарч ирж байгаа нь манай компани банкны дайтай үйлчилгээ явуулж байна гэсэн үг. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг ББСБ дотроос хоёрхон байгууллага ийм үйлчилгээ үзүүлдэг. Өмнө нь банкны үйлчилгээг ойлгодоггүй, зээлийн харилцаанд орж байгаагүй хэрэглэгчид эхлээд бидэн дээр ирдэг байсан. Яагаад гэхээр банкны шаардлага, шалгуур өндөр байдаг. Тэгвэл одоо 1 сая хэрэглэгч цахимаар үйлчилгээ авч сурч байна. Өнгөрсөн жил манай харилцагчдын тоо 400 мянга байсан бол 2021 он гараад нийт харилцагчдын тоо 1 саяд хүрээд байна. Өнөөдөр Монгол Улсын хүн ам хэд билээ, үүнээс насанд хүрсэн хүн хэд билээ, ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь хэд билээ гээд бодохоор 1 сая гэдэг бол маш том тоо. Энэ 1 сая хүнд санхүүгийн боловсрол олгох, дан ганц банкаар биш цахимаар илүү өртөг багатайгаар үйлчилгээ авах боломж олгож, өөрөөр хэлбэл банк санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох тал дээр бид томоохон хувь нэмэр оруулж яваа гэж боддог. Энэ бол сүүлийн олон жил Ганхуяг дарга болон манай баг хамт олны нөр их хөдөлмөрийн үр шим бага багаар гарч байгаагийн илэрхийл юм.

Иргэд АрдКэш, АрдКойн хоёрыг аль алиныг нь цахим мөнгө гэж андуурах тохиолдол байна. Үүнийг та энгийнээр тайлбарлаж өгнө үү?

АрдКойн бол Ард Санхүүгийн Нэгдлээс гаргасан, блокчэйн технологи дээр суурилсан урамшууллын оноо. Энэ нь анхнаасаа зах зээл дээр хязгаарлагдмал тоотойгоор бүтээгдсэн. Нэмж гаргах боломжгүй гэсэн үг. Бид тодорхой хэмжээний АрдКойныг өөрсөд дээрээ байлгаж, компанийнхаа бүтээгдэхүүн, үйлчилгээг авсан хүмүүст урамшуулал болгож өгдөг. Мөн бид үүнийгээ зөвхөн Ардын бүтээгдэхүүн авахад л зарцуулдаг оноо байлгахыг хүсээгүй. Иргэд урамшууллаар авсан АрдКойноо өөр газар ашиглах, бүр хөрвүүлээд төгрөг болгоод авах боломжтой тийм зах гаргаж ирсэн нь DAX юм. Энэ бүхэн иргэдэд маш их таалагдаж байгаа. Хүмүүсийн хэрэглээний идэвх өндөр байгаа.

Цахим орчинд “Би АрдКойныг мөнгөөрөө худалдаж авч байхад Ардынхан үнэгүй тарааж ханшийг нь унагаж байна. Тэгэх юм бол би үүнийг мөнгөөрөө худалдаж авах ямар хэрэг байна?” гэж нэг иргэн гомдоллосон харагдсан?

Нэгт, бид үнэгүй тараадаггүй, манай бүтээгдэхүүн, үйлчилгээг авсан хүмүүст урамшуулал болгон өгдөг. Энэ нь манай маркетингийн зардал болоод явж байна. Хоёрт, бид нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүст тодорхой хэмжээгээр хандив өгдөг. Саяхан Монгол Улсын бүх 0 -18 насны хүүхдүүдэд 77 Койн олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр хүүхэд бүр ирээдүйд АрдКойноо ашиглаад үйлчилгээ авах боломжийг нээж өгч байна. Мөн гадаадад гацсан иргэддээ сэтгэлийн дэм өгөхөөр Ганхуяг даргын санаачлагаар АрдКойн хандивлахаар боллоо. Тэгэхээр энэ бол маш үнэ цэнтэй зүйл юм. 

Гол нь, мөнгөөрөө худалдан авч байгаа хүмүүсийн АрдКойны ханшид энэ нөлөөлөх үү?

Нөлөөлөхгүй гэж бодож байна. Яагаад гэхээр, аль болох олон иргэн АрдКойны хэрэглээг ойлгоосой, үр шимийг нь хүртээсэй гэж хүсэж байна. Өнөөдөр 700 мянган хүн АрдКойн эзэмшиж байна. Энэ бол том тоо. АрдКойн нь хэвлээд тараагаад байдаг хязгааргүй зүйл биш. Хязгаарлагдмал тоотой учраас үүн дээр санаа зовохгүй байж болно. Зах зээл дээрх хамгийн том худалдан авагчид хэн бэ гэхээр бид өөрсдөө байхгүй юу. Яагаад гэвэл, Ард Кредит өнөөдөр 100 ширхэг АрдКойнтой байгаад, тэрийгээ үйлчилгээ авсан 100 хүнд нэг нэгээр нь тараагаад өгчихлөө гэж бодъё. Тэгтэл бид дараагийн үйлчлүүлэгчдэдээ урамшууллын оноогоо өгөх хэрэгтэй болох учраас зах зээл дээрээс буцаагаад худалдаж авна, эсвэл иргэд манайхаас үйлчилгээ авахдаа хөнгөлөлт эдэлж АрдКойноо буцааж өгнө. Ийм журмаар л явж байгаа. Тиймээс худалдан авагчгүй болно гэж байхгүй. Хэрвээ Ард Санхүүгийн Нэгдлийн болон охин компаниудынх нь үйл ажиллагаа, ирээдүйд итгэж л байгаа бол АрдКойны үнэ цэн улам өснө гэдэгт эргэлзэхгүй байж болно.

Тэгвэл АрдКэш нь АрдКойноосоо ямар ялгаатай вэ?

АрдКэш бол цахим мөнгө. Цахим мөнгө гэдэг нь банкнаас бусад этгээдэд төлбөрийн системийн үйлчилгээнд оролцох боломжийг олгодог зүйл. Бид цахимаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхийн тулд 2020 онд Монголбанкнаас зөвшөөрөл аваад АрдКэш цахим мөнгийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Ард апп дээр бүртгэлтэй байгаа таны Ард Кредитын харилцах дансанд харагдаж буй мөнгөний тоог л АрдКэш гэж нэрлээд байгаа юм. АрдКойны ханш байнга хэлбэлзэж байдаг бол АрдКэш нь ямагт 1 төгрөгтэй тэнцдэг.

АрдКэшийн гүйлгээний хязгаар өдрийн 20 мянган төгрөг, дансны үлдэгдэл дээд тал нь 100 мянган төгрөгт хязгаарлагдаж байгаа нь хэрэглэгчдийг нэлээд бухимдуулж байх шиг?

Монголбанкнаас өгдөг Цахим мөнгө гаргах, төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг дагаад Цахим мөнгөний журам гэж байдаг. Үүн дээр, гэрээ байгуулаагүй харилцагчийн гүйлгээний хязгаар 1 удаагийн 20 мянган төгрөг, өдрийн 20 мянган төгрөг, дансны үлдэгдэл 100 мянган төгрөг гээд заачихсан. Харин цахим мөнгөний гэрээ байгуулснаар 1 удаагийн гүйлгээний хязгаар 1 сая төгрөг, өдрийн гүйлгээний хязгаар 3 сая төгрөг, дансны үлдэгдэл 50 сая төгрөг байх боломжтой болно. Цахим мөнгөний энэ зохицуулалт манай харилцагчдын шаардлагыг хангахгүй байна л даа.

Бүртгэлтэй хэрэглэгч болсноор өдрийн гүйлгээний дээд хязгаар 3 сая төгрөг болно гэдэг ч бас хангалтгүй биш үү?

Өдөрт 5 сая төгрөгийн гүйлгээ хийх шаардлага хүнд гарна шүү дээ. Гэвч одоогийн Цахим мөнгөний журам нь өөрөө ийм хязгаарлагдмал байна. Та бодоод үз дээ. Одоогийн журмаар, үйлчлүүлэгч дансандаа 50 сая төгрөг хийлээ гэхэд, дараа нь тэр мөнгөө өөр банкин дахь хувийн данс руугаа шилжүүлэхийн тулд өдөрт 3 саяар гаргана гээд тооцохоор 17 өдөр шаардагдах гээд байна. Санхүүгийн хүртээмж, үйлчилгээг нэмэгдүүлнэ гээд явахаар яг амьдрал дээр ийм асуудлууд тулгарч байна. Бид мэдээж Монголбанк, СЗХ-тойгоо нэлээд ойр хамтарч ажилладаг. Өнгөрсөн жил “Цахим мөнгөний журам манай харилцагчдын шаардлагыг хангахгүй байгаа тул өөрчлөлт оруулж өгнө үү. Ядаж нэг удаад 3 сая, өдөрт 10 сая төгрөгийн гүйлгээ хийдэг, дансандаа 100 сая төгрөгтэй байх боломжоор хангаж өгнө үү” гэж хүсэлтээ өгсөн. Монголбанк ч үүнийг хүлээж аваад, “Бид журмаа боловсруулж байна. Түүндээ тусгая” гэдэг хариу өгсөн. Тиймээс энэ журам өөрчлөгдөнө гэж найдаж байгаа. Үүнийг манай бодлого боловсруулагчид ойлгож байгаа байх аа. Цаашид санхүүгийн хүртээмжийг илүү нээлттэй болгож, иргэдэд тэгш оролцоог бий болгож, дэлхий дахинаас хоцрохгүй явахын тулд шинэчилсэн журам гаргах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа.

Сүүлийн асуулт. Ард Кредитээс гаргасан Fast Cash үйлчилгээний талаар товч танилцуулна уу.

Fast Cash бол бидний Монгол Шуудангийн 21 аймаг, 330 суман дахь салбар, Ард Даатгалын 21 аймаг дахь салбартай хамтарч аймгуудад үе шаттай нэвтрүүлж байгаа цахим зээлийн үйлчилгээ юм. Дэлхийн банкны нэг судалгаагаар “Шуудангаар дамжуулж санхүүгийн үйлчилгээг орон нутаг болон алслагдмал газруудад хүргэх нь банкаар явуулснаас илүү хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэж дүгнэсэн байдаг. Шуудан бол бүх нийтийн үйлчилгээний үүрэг хүлээсэн байгууллага. Манай байгууллагын хувьд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шуудантай хамтраад иргэдэд өртөг багатай хүргэх боломж байна. Өнгөрсөн жил бид Орхон, Дархан, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад Fast Cash цахим зээлийг олгож, энэхүү аян маань амжилттай хэрэгжсэн. Энэ жилээс бусад аймгууд руу нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн 2021 ондоо олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь ондоо багтаан нийт харилцагчдадаа урт хугацаатай орон сууцны зээлийг олгож эхлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Бид цаашдаа бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай, нийт харилцагчдадаа хамгийн таатай нөхцөлөөр үзүүлэх болно. Нийт харилцагчдадаа үргэлж бидний ажлыг дэмжиж байдагт талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Бүгдэд нь амжилт хүсье.  

 

Ж.Баярхүү

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.