Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Солонго: Бусдаас хараат бус, өөртөө итгэлтэй бол та хүчирхэг эмэгтэй хүн

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

“Франклинкови Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ОУ-ын сургагч багш, сэтгэлзүйч Б.Солонгоотой хувь хүний хөгжил, эмэгтэйчүүдийн талаар ярилцлаа.

ЯМАР Ч АМЬДРАЛЫГ ТУУЛСАН ЮУ Ч БОЛООГҮЙ МЭТ БИЕЭ АВЧ ЯВАХ НЬ ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙН ШИНЖ

-Та 18 жилийн турш нийт найман сургууль төгссөн гэсэн. Тэгвэл энэ олон мэргэжлийн дундаас өөрийгөө хэн гэж тодорхойлж байгаа вэ?

-Хүн судлаач, сэтгэл судлаач гэж тодорхойлно. Миний хувьд энэ олон жилийн хугацаанд хүсэл мөрөөдөл, хэрэгцээгээ биелүүлэхийн тулд юу хийж болохыг өөрөөсөө нээж, хэрэгжүүлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл энэхүү мөнгө, цаг хугацаа зарсан туршлагаасаа эмэгтэйчүүддээ хуваалцахад хэдийнэ бэлтгэгдсэн гэсэн үг. Би 16 настайдаа их сургуульд орж, 20 настайдаа төгссөн. Харин 21 настайгаас “Ганц бие ээжийн амьдрал”-ыг үүрсэн нь надад их хүчийг өгсөн гэж боддог. Хэрэв залуу халуун нас, туршлагагүйгээсээ дутуу дулимаг амьдралыг тэсч тэвчсээр өдийг хүрсэн бол магад өнөөдрийн боломж хэзээ ч олдохгүй байсан. Ямартай ч огцом атлаа, алдаагаа залруулсан шийдвэр нь өрх толгойлсон залуу ээжийн хувьд хүүхдийнхээ ирээдүйн боловсролын төлөө өөрийгөө хөгжүүлэхэд түлхэц болсон. 

Улмаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Япон хэлний орчуулагчаар төгсөж, Боловсрол судлал, Санхүүгийн удирдлагаар тус тус магистрын зэрэг хамгаалж, Хүний нөөцийн удирдлагаар мэргэжил дээшлүүлэн, сэтгэлзүйчийн чиглэлээр мэргэшиж, “Гэр бүл төлөвлөлтийн өмнөх харилцаа” сэдвээр диплом хамгаалсан. Үүний дараа буюу 2012 оноос ахынхаа үүсгэн байгуулсан “Франклинкови Монгол” компанид менежерээс нь эхлээд бүхий л ажилд оролцоотой явсаар 2015 онд багшлах эрх, Олон улсын сургагч багшаар ажиллах дипломоо авч, 2017 онд Бизнесийн удирдлагаар мэргэшин, Франклинковигийн 7 дадлын албан ёсны сургагч багш, Дэйл Карнегийн албан ёсны итгэмжлэгдсэн  трэйнер болсон.

 

-Та “Франклинкови Монгол” компанийг удирдахын сацуу “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” хичээлийг заадаг. Хэдэн жил багшилж байна?

-2017 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй 4 дэх жилдээ багшилж байна.

-Монголд хүний хөгжлийн маш олон ном орчуулагдаж, түүнийгээ дагасан сургалтууд цөөнгүй явагддаг. Тэгвэл таны хичээлүүд юугаараа давуу юм бэ?

-Энд нэг зүйл онцолж хэлье л дээ. Бид “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” номынхоо ганцхан орчуулгад нийт 15 сая төгрөг зарцуулсан. Энэ номыг шинэчилж, сайжруулан гаргахын тулд бүтэн нэг жилийн хугацааг зориулжээ. Ингэхдээ тухайн номын агуулгыг Монгол хүний сэтгэхүйн зан төлөвт тааруулан буулгаснаараа онцлогтой. Бидний сайн мэдэх “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэх хэлц үгийн цаад тайлал, утга учрыг зөв дадал болгох дэлхийн шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтыг хөрсөн дээр буулгаж сургалтад оролцогч нартаа сургалт, номоороо хүргэн ажиллаж, чиглүүлж байна гэсэн үг. Монгол хэл дээр хувь хүний, байгууллагын, багийн бүтээмжийг өсгөж болох ямар үгийн баялаг шаардлагатай байна түүнийг нь төгс хэлбэрээр хөрвүүлсэн. Үүний үр дүнг маркетинг хийхгүй хэрнээ маш их борлуулалттай байгаагаар дүгнэж болно. Би маркетингаар богинохон хугацаанд ашиг олохын тулд бус харин үнэ цэн нь 30 жилээ хадгалж чадахуйц, тасралтгүйгээр хүмүүсийн ажил амьдралд өөрчлөлтийг авчраасай гэж хүссэн.

“ХҮН ӨӨРӨӨ Л ХҮСВЭЛ ЭНЭХҮҮ ПРОГРАММААР ДАМЖУУЛАН ТӨРӨЛХИЙН СОД УХААНТАН МЭТ ХӨГЖИЖ, АМЬДРАЛДАА ГАЙХАЛТАЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХ БОЛОМЖТОЙ”

-“Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” номыг зохиогч нь бүхий л амьдралынхаа турш бичсэн гэж сонсож байсан?

 

-Тийм ээ. Стефен Кови 200 жилийн хугацаанд дэлхийд амжилтад хүрсэн хүмүүсийн амьдралын хэв маяг, арга барилыг судалсны үндсэн дээр энэхүү номоо бичжээ. Есөн хүүхдийн эцэг, 80 наслахдаа 40 гаруй ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан түүний ном олон жилийн судалгаа, баялаг түүх, ажиглалтын үндсэн дээр бүтсэн нь бусад номоос ялгагдах давуу талыг харуулж байна. Мөн хүнд тулган заах бус асуудлыг өөрөөр нь илрүүлж, дотоод нөөц бололцоог таниулж, бие хүн амжилтаа бүтээж чаддаг шалгарсан програм гэж тодорхойлж болно. Жишээ нь, номонд дурдах “Төлөвшилтийн тойрог” хэмээх загвараас хүн амьдралынхаа туршид тулгарч болох бүх асуултынхаа хариултыг авч, бүтэлгүйтэх үедээ хэрхэх чиг баримжааг олж, гар нийлэхгүй хүмүүстэй яаж ажиллах тактикаа боловсруулах боломжтой. Тэгэхээр амжилтад хүрэхийг хүссэн хэн бүхэнд үр өгөөжтэй, хүний хөгжлийн, бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай ном гэвэл “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал”-ыг хэлнэ. XX зууны менежментийн хувьсгалыг Дэйл Карнеги, XXI зууны хувьсгалыг Стефен Кови хийсэн гэж тодорхойлдог. Хүн өөрөө л хүсвэл энэхүү программаар дамжуулан төрөлхийн сод ухаантан мэт хөгжиж, амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг хийх боломжтой.

-Надад нэг асуулт төрж байна л даа... Энэ номыг уншаад хэн ч хэрэгтэй зүйлээ авчихна шүү дээ. Гэвч яагаад заавал цаг заваа зарцуулан сургалтад суух ёстой гэж?

-Ном бол мэдээж суурь ойлголт өгнө. Гэвч номынхоо үр ашгийг гаргахын тулд дадал суутлаа олон жилийн турш нөхөрлөх хэрэгтэйг хүмүүс тэр бүр ухаардаггүй. Эсвэл өөрт таарах номоо хайсаар байдаг. Харин сургалт нь цаг завыг хэмнэж, бүхий л амьдралын туршид үр дүн үзүүлэх номыг санал болгож, үнэ цэн, урам зоригийг өгдөг. Өөрөөр хэлбэл олон ном уншихаас халширч, залхуурсан хүмүүс манай сургалтаас өөрт ашигтай ганц номоо олчихно гэсэн үг. Жишээ нь, “Чи өнөөдрийн богино хугацааны ашигт битгий хуурт. Харин урт хугацаанд хүссэнээ авмаар байвал энэ ном хэрэгтэй. Номын үг үсэг болгоныг үргэлж унш. 10-20 жил болсон ч чи энэ номоос уйдахгүй. Үр өгөөжөө өгсөөр л байна” гэх ойлголтыг хүмүүст өгдөг. 

 

-Таны амьдралд энэ ном ямар өөрчлөлтийг авчрав?

-Биднийг жаахан байхад эцэг, эх маань хүүхдүүддээ цаг зав харьцангуй бага гаргадаг байж... Яагаад гэвэл цаг үе нь тэдэнд завдал өгдөггүй байсныг бид бүгд мэднэ. Үүнийг сүүлд л ухаарч, хүлээн зөвшөөрсөн болохоос тухайн үедээ хэнд ч тоогдохгүй, хаягдчихсан мэт мэдрэмжийг авдаг байж... Тэр мэдрэмж нь өнөөдөр хохирогчийн дүрд тоглох сул талыг бий болгосон юм билээ. Тодруулбал, миний хувьд бусдаас аль болох хайр халамж, хүндлэлийг авч, түүнийгээ бусдад нийцүүлж амьдрахыг хүсэхийн сацуу заавал шалтгаан тоочдог, хүн шүүмжилбэл хэдийнэ хариултаа бэлдчихсэн байдаг, биеэ өмөөрдөг, бусдыг сонсдоггүй гэх мэт сул талтай байсан. Харин тэрхүү сөрөг талыг энэ ном, сургалт өөрчилж чадсан. 20 жил ойлгоогүй зүйлийг хоёрхон сарын сургалтаас ухаарсан. Анх бол ахынхаа 2006 онд дүү нартаа зориулан орчуулсан “Өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 дадал” бүтээлийг өөрийгөө хүчилж уншсанаа нуухгүй. Харин 2017 оноос хойш шимтэж, утга учиртайгаар уншиж эхэлсэн. Тэр цагаас хойш өөрийнхөө бизнесийг хөл дээр нь босгож, Америкийн бүх франчайзыг боловсролын салбараар нь “дуусгаад”, сургуулиудтай хамтарсан гэрээт ажлуудынхаа ард гарсан. Цаг үе хүнд энэ хоёр жилийн хугацаанд компаниа 450 сая төгрөгийн оффисын байр, машинтай болгожээ. Үүнээс өмнө хүссэндээ хүрч, бусдад хэрхэн хүлээн зөвшөөрөгдөх арга эвээ хараахан олоогүй явсан.  

“СУРГАЛТ НАМАЙГ ХОХИРОГЧИЙН СЭТГЭЛГЭЭНЭЭС САЛГАЖ, КОМПАНИА ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОХОД ТУСАЛСАН”

-Хувь хүнийхээ хувьд та хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Хүнийг сонсох, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, ямар үг хэрэглэх, магадгүй таагүй сэтгэгдэл төрүүлбэл хэрхэн залруулах, алдаагаа хэрхэн оноо болгох зэрэг бүхий л давуу чанарыг номоосоо сурсан.

-Өглөө ажилдаа явахын өмнө өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

-Бидэнд өдөр бүр өөрийгөө ялах шаардлага тулгардаг. Тиймээс өнөөдөр ялах ёстой шүү, ялахын тулд зөв байх ёстой шүү, зөв байхын тулд зөв дадалтай байх ёстой шүү гэж хурцалдаг.

-Хүмүүс угаасаа л би ийм хүн, ингээд төлөвшчихсөн. Тиймээс өөрчлөгдөхгүй гэдэг. Үүнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Мэдээж хүн бүр өөрчлөгдөх боломжтой. Хамгийн гол нь хүсэж байна уу гэдэг нь чухал. Нэгэнт буруу дадал, араншингаа өөрчлөхөөр шийдсэн бол сургалт маань гайхалтай үр дүнг үзүүлдэг. Харин суугаад л үзье гэсэн дулимаг бодолтой бол өгөөж багатай. Гэсэн ч би суралцагсдаа намайг зорьж ирсэндээ хэзээ ч харамсахааргүй, сэтгэл ханамжийг өгөөд, сэтгэлгээний хувьд багахан ч гэсэн өөрчлөлт бий болгохыг хичээдэг. Санасандаа ч хүрдэг. Үүний нууц нь өнөөх л 7 дадал юм шүү дээ.

 “МАНАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД ЦАГ ҮЕЭСЭЭ ХОЦОРЧ БУЙ МЭДРЭМЖИЙГ АВАХ ДУРГҮЙ”

-28 хоног нэг зүйлээ тасралтгүй хийснээр хүн зөв дадлыг бий болгоно гэдэг?

-Амьдралдаа зөв дадлыг хэвшүүлж, өөрийгөө бүрэн ялахын тулд 49 хоног шаарддагийг 200 жилийн судалгаагаар тогтоосон юм билээ. Гэсэн ч байнгын л зүтгэл хэрэгтэй. Зүйрлэвэл, зэрлэг ногоог зулгааж, цэцэг тарьсан ч ахин ургах магадлалтай шүү дээ. Тиймээс үргэлж хортон ургамалтай тэмцэж, цэцгээ арчлах хэрэг гарна. Үүнтэй адил зөв дадал суулаа хэмээн тайвшралгүйгээр номоо эргүүлж, сургалтууддаа тогтмол хамрагдах нь өгөөжтэй.

 

-Сургалтад ихэвчлэн ямар хүмүүс хамрагдаж байна вэ?

-Шууд борлуулалтын бизнес хийдэг бүсгүйчүүд дийлэнхдээ суудаг. Харин үлдсэн хувьд нь байгууллага, хамт олон...

-Эмэгтэйчүүдэд хувь хүний хөгжил талаасаа ямар хэрэгцээ илүү байна вэ?

-Ил, далд багагүй хэрэгцээ байдаг. Манай эмэгтэйчүүд цаг үеэсээ хоцорч буй мэдрэмжийг авах дургүй юм билээ. Харин хувиараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хувьд 20 жилд олох орлогыг хоёр жилд олохын тулд хэрэгтэй гэсэн сургалтуудад мөнгө хайрлахгүйгээр суух дуртай. Харин тэндээс сайн өгөөж хүртэж байгаа эсэхдээ хяналт тавих нь сул. Гэтэл гэрээсээ сурч байгаа ээжүүд хамгийн идэвхтэй суралцагчид байдаг. Гэвч хичээлээ дуусгаад шууд хэрэгжүүлэхгүй учраас сурсан зүйл нь дэвтэр нь үлддэг дутагдалтай.

“ЭМЭГТЭЙ ХҮН ТУУШТАЙ, ӨӨРИЙГӨӨ ОЛОХ ХҮЧ, ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ, ЗӨВ ШУНАЛТАЙ БАЙЖ ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭДЭГ”

-Олон эмэгтэйтэй харилцаж, тэднийг чадваржуулдаг багш хүний хувьд хамгийн хүчирхэг эмэгтэйг хэрхэн тодорхойлох вэ?

-Манайхан дунд гадаадад сургууль төгссөн, эсвэл баян чинээлэг эмэгтэйчүүдийг хүчирхэг мэтээр ойлгодог. Гэтэл энэ ойлголт нь орон зайнаас үл хамаардаг. Өөрөөр хэлбэл гэртээ хүүхдээ хардаг ээжүүд ямагт чадвараа хөгжүүлж, хүчирхэгжих боломжтой. Бараг сэтгэл зүрхээрээ биеэ дайчилсан нь илүү ч байж мэднэ. Эмэгтэй хүн тууштай, өөрийгөө олох хүчтэй хүсэл эрмэлзэлтэй, зөв шуналтай байж өөрийгөө бүтээдэг. 

Саяхан /та бүхэнд илүү хүргэх байдлаар/ сошиал ертөнцөөр дуучин залуу болон түүний эхнэр хоёрын гэр бүлийн зөрчлийн асуудал олон нийтийн анхаарлыг татахад хүргэлээ шүү дээ. Тэр явдлын маргааш эхнэр нь юу ч болоогүй мэт бизнесээ энгийн үе шигээ сошиалаар үргэлжлүүлэн хийсээр байсан. Гэтэл ямар ч асуудал тулгарсан хамаагүй амьдралаа, ажлаа орхигдуулалгүй олны нүдэнд харагдсан нь түүнийг ямар хүчирхэг бүсгүй болохыг илэрхийлсэн. Бусдын хэл ам, бодол нь тэр эмэгтэйд ямар ч хамаагүй байв. Дийлэнх хүчирхийлэлд өртсөн, гэр бүлийн асуудалтай эмэгтэйчүүд тэр бүр өөртөө итгэх итгэлээ хадгалж үлдэхэд хэцүү бөгөөд өөрийгөө гээж эхэлдэг. Ямар ч амьдралыг туулсан ч юу ч болоогүй мэт биеэ авч явна гэдэг хүчирхэг эмэгтэйн шинж юм. Өөрөөр хэлбэл EQ буюу сэтгэлзүйн өндөр чадамжтай хүний бас нэгэн жишээ байдал. Бусдаас хараат бус, өөртөө итгэлтэй, бие даасан бол та хүчирхэг эмэгтэй хүн.

 

-Ер нь Монгол эмэгтэйчүүд хэр биеэ даасан, бусдаас хараат бус шинж чанартай гэж боддог вэ?

-Бусдаас хараат бус эмэгтэй ховор шүү дээ. Биднийг бага байхаас үргэлж л бусадтай харьцуулж ирсэн биз дээ. Тэр үед хувь хүний ялгаатай байдлыг харгалзан авч үздэггүй, бүгд л өв тэгш хүн байх ёстойг чухалчилдаг байсан. Хэн нэгнийг бусадтай хэзээ ч адилтгаж болохгүй. Би математиктаа сайн бол, чи дуундаа сайн байх жишээтэй... Хүн хүнийг ялгаатай өсгөх хүмүүжлийн орчин бидэнд байгаагүй учраас тэрхүү эх үүсвэрээс өнөөдөр бүсгүйчүүд хэн нэгнээс хамааралтай амьдардаг. Яаж ч цойлж, бусдаасаа илүү амьдарсан ч яаж ийгээд л бие биенээсээ шалтгаалдаг. Хараат байх тусмаа л санаа зовнил ихтэй, баг зүүж амьдардаг.

-Таны ярианаас эмэгтэй хүн амьдралдаа алдсан ч өөрийгөө гээлгүй харин ч хүчирхэгжих ёстойг ойлгож байна?

-Тийм шүү. Бүдэрсэн цаг хугацаагаа өөрт ашигтайгаар эргүүлж чадах сонголт хүн бүрт бий. Өөрөөр хэлбэл намайг хичээгээч, дахин сураач гэж хэн ч хэлээгүй. Гагцхүү миний л шийдвэр байсан. Хүн бүр хүүхдийнхээ төлөө сайн ээж байхыг хүсдэг ч түүний төлөө хэн байх, юу хийхээ зарим нь мэддэггүй. Үүнийг л анзаарсан учраас би өөрийгөө цаг ямагт хөгжүүлж, сурахыг л чухалчилсан.

-Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээж нарт өөрийгөө хөгжүүлэх ямар боломж байгаа бол. Хүүхэд харах хүнгүй гэх шалтгаанаар зарим нь цагийг үр бүтээлгүй өнгөрөөх нь бий…

-Өмнө тулгарч буй асуудлыг шийдэх хүчтэй зорилго, хэрэгцээ алга байна л гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл энгийн хэрэгцээндээ захирагдаад, өөрийнхөө чадлаар мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмцэхгүй байна гэсэн үг. Гэхдээ энэ бол тухайн хүний хүсэл шаардлагаас л хамаарах зүйл л дээ. Бүгд тийм байх албагүй. Хүн бүрт өөрийгөө хөдөлгөх хөшүүрэг бий. Түүнийгээ л эрт нээн илрүүлэх нь чухал юм билээ.

ХҮҮХДЭДЭЭ ӨНӨӨДРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛ, БАЯР ХӨӨР, АЛИВААД САНААШРАХГҮЙ БАЙХ СОНГОЛТЫГ ЧИ ӨӨРӨӨ Л ХИЙНЭ ГЭДГИЙГ СУРГА!

-Эмэгтэйчүүд бид өөрсдийнхөө алдааг охид дээрээ давтуулахгүйн тулд сэтгэлгээ, хүмүүжилд нь хэрхэн анхаарал хандуулах ёстой гэж боддог вэ?

-Би өөрийнхөө өдөр тутмын үйлдэлдээ л хамгийн их анхаарахыг хичээдэг. Гэр орон, ажил амьдралдаа хэрхэн хандаж, бусадтай яаж харилцаж байгаагаараа охиндоо үлгэрлэнэ гэж боддог. Хувцаслах, нүүрээ будах гээд биеэ авч явах байдалдаа үргэлж анхаарна. Угаасаа миний өдөр тутмын ажил, хэв маяг охинд минь эерэг нөлөө үзүүлсээр байгаа. Нөгөө талаас би хүүхэд хүмүүжлийн арга барилыг туршиж байгаа. Одоогийн хүүхдүүдийн сэтгэхүй тааварлашгүй маш сонирхолтой... Нэг бол хурц ухаантай, нэг бол юу ч хүлээж авдаггүй... Үнэхээр сонин. Тэднийг ээж аавын аргаар дарж хүмүүжүүлж ер болохгүй. Тэглээ гээд найзан дундаа орж ч болохгүй юм билээ. Тухайн нөхцөл байдлыг нь мэдрээд, сэтгэлзүйн байдалд нь тааруулж, ухааруулах алхмыг хийх нь зөв юм шиг ээ... Хэрвээ би энэ сургалтыг заадаггүй байсан бол өөрийнхөө өссөн хүмүүжлээр хүүхдээ өсгөх гээд загнах, тэднийг ойлгохгүйгээр өөрийнхөө байлгах зэрэг тохиромжгүй харилцааны аргуудыг ашиглан амьдрах байсан байх. 

 

-“Аз жаргалтай хүүхдийн 7 дадал” гэдэг номыг тань мэднэ. Тэгэхээр хүүхдэд зөв дадал олгох сургалт хийдэг гэсэн үг үү. Ямар дадлыг эцэг эхчүүд хүүхдэдээ суулгах хэрэгтэй вэ?

-Хийлгүй яах вэ. Энэ сургалтаар бусдаас аз жаргалыг битгий хүлээ, хүнээс зовлон гунигийг авч байна гэж бодож болохгүй. Харин өнөөдрийнхөө аз жаргал, баяр хөөр, аливаад санаашрахгүй байх сонголтыг чи өөрөө л хийнэ гэх философийг үлгэрээр дамжуулан заадаг. Жишээ нь, амьтдад үснээсээ болж гоочлогдож, өөртөө итгэлтэй байдлаа гээж буй зарааны зулзаганы үлгэрээр хүүхдэд бусдаас өөр байх нь чиний сул бус давуу тал гэдгийг ойлгуулдаг. Ер нь хүүхдүүд бага насандаа өөрийнхөө ялгаатай байдалд сэтгэл дундуур байдаг. Тэр л мэдрэмж, хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм. “Аз жаргалтай хүүхдийн 7 дадал” бол эерэг төсөөлөл, өөрчлөлтийг бий болгох агуулгатайгаараа ном бусад номоос ялгаатай. Мөн ээж, аавтайгаа харилцан ярилцаж, хамтран суралцах боломжийг олгодог.

-Сүүлчийн дүгнэлтийг танд үлдээе!

-Монголын маань эмэгтэйчүүд, эрчүүд, жендерийн асуудал, гэр бүл салалт, ганц бие ээжүүд, хүүхдүүдийн талаар өөрийн санал бодлоо товч хуваалцлаа. Эцэст нь дүгнэж хэлэхэд бүсгүйчүүд бид хөвгүүдээ ирээдүйн халамжит нөхөр, охидоо гэрийн сайн эзэгтэй болгохын тулд одооноос ямар ч нөхцөлд амьдралын балансыг бий болгох, юунд сургах, юуг ярилцахаа сайтар тунгаах хэрэгтэй. Багаас нь үрсдээ өөртөө итгэлтэй, амьдралын зөв дадлыг олгох ном, сургалтыг санал болгож, аливаа ажлыг өмнүүр нь орж хийх бус өөрсдөөр нь бүтээлгэдэг идэвхтэй, эерэг, хичээнгүй хүн болж төлөвшихөд бүхий л алхмуудыг эрэлхийлж, тэднийг дэмжиж, ойлгохыг хичээж, сайн сонсож байгаарай гэж захих байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажил, амьдралд амжилт хүсье!

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.