Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19 халдвар авсан хүмүүсийн 20 орчим хувь нь хүүхэд байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Коронавирусийн халдвар авсан иргэдийг орон нутагт эмчилж, эдгээсэн тохиолдол гарсан. Цаашид халдвартай хүмүүсийг орон нутагт эмчлэх боломжтой гэж үзэж байгаа юу?

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Завхан аймгийн Шилүүстэй суманд зөөвөрлөгдөн очсон тохиолдлуудыг амжилттайгаар эмчилж, эмнэлгээс гаргасан сайн мэдээ байна. Орон нутагт эмчилгээ хийх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Зөвхөн эмчилгээ гэхгүй бас тусгаарлалт хийх нөхцөл боломжийг бүрдүүлсэн. 

- Монгол Улсад халдварын анхны тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс хойш нийтдээ хэчнээн хүүхэд өвчилсөн бэ, хүүхдийн өвчлөл, эдгэрэлтэд хийсэн дүн шинжилгээнээс танилцуулна уу?

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 2021 оны гуравдугаар сарын 12-ны байдлаарх мэдээнээс харвал 0-18 насны нийт 744 хүүхэд халдвар авсан байсан. Нийт халдвар авсан хүмүүсийн 20 орчим хувь нь хүүхдүүд байгаа. Халдвар авсан хүүхдүүдийн 85 хувь нь нийслэлд оршин суудаг. 22 хүүхэд гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байсан.

Гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 156 хүүхэд эмчилгээ хийлгэж байсан байна. 

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр: Өнөөдрийн байдлаар 300 орчим ахмад настан коронавирусийн халдвар авсан.

- Вакцин хийлгэсэн хүмүүсээс халдвартай нь батлагдсан тохиолдол бий юу?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: Одоогоор вакцины эхний тун хийгдэж байна. Синобак/Манай улсад Синобак вакцин орж ирээгүй. Синофарм үйлдвэрийн Веросил вакцин орж ирсэн/ вакцины хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 15-наас хийж эхэлнэ. Хоёр тунгаа хийлгэснээс 14-21 хоногийн дараа дархлаа тогтож байгаа. Одоогийн байдлаар ЭМЯ дээр дархлаа тогтоцтой холбоотой гурван том баг ажиллаж байна. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.16/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС боломжтой)

https://fb.watch/4fS4M_eryU/