Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Чимгээ: Намайг хилсээр хоригдсоноос жилийн дараа том охин маань ослоор амиа алдсан хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар өнөөдөр 401 дүгээр Хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, иргэн Т.Чимгээтэй уулзав.

Энэ үеэр Т.Чимгээ нийтэд хандаж мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “2015 оны наймдугаар сарын 31-нд Төв аймгийн цагдан хорих байранд хэлмэгдэж хоригдсон. Хоригдох хугацаанд маш хэцүү нөхцөлтэй байсан.

Тухайлбал, ариун цэврийн хэрэгсэл байхгүй дотроо бие засдаг, усанд орж чадахгүй, агааржуулагч ч байхгүй тийм газар есөн сар хорьсон. Тэнд хоол ундны асуудал ч хүнд байсан.

Улмаар 2017 оны тавдугаар сард 407 дугаар анги руу шилжсэн ч нөхцөл байдал огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд дарамт шахалтад жил долоон сар хоригдсон. 2019 оны гуравдугаар сараас 401 дүгээр ангид ирж, сэтгэл санаа, эрүүл мэндээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Миний амьдралын таван жил долоон сар гаруй хугацааг эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохироосон. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн.

Таван жилийг тарчлаан зовоож, тамлаж, хар дарсан зүүд шиг өнгөрөөлөө.

Намайг хилс хэргээр хоригдсоноос хойш нэг жилийн дараа миний том охин осолд орж амь насаа алдсан. Үүнийг би энэ хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа.  Тиймээс тэр хэргийг би дахин шалгуулах хүсэлтэй байгаа.

Миний амьдрал ахуй, ар гэр тэр чигээрээ орвонгоороо эргэсэн. Үлдсэн үр хүүхэд, 80 гарсан хадам ээж маань хамтдаа орон байргүй, байр хэсэж амьдарч байна” хэмээн ярив.

Мөн тэрбээр “Намайг хүн амины хэрэгт буруутгасан нотлох баримт байхгүй. Зөвхөн Ц.Амгаланбаатарын мэдүүлгийг л нотлох баримт болгосон байдаг. 1998 оны 9-11 дүгээр сард би Дорноговь аймагт ээж дээрээ байсан. Намайг зөвтгөх баримтууд байдаг ч нөлөөлдөггүй” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

"С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчтай холбоотой хэрэг Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “2016 онд  Төв аймгийн цагдан хорих байранд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй бичлэг олон нийтэд цацагдсан.

Үүний дараа холбогдох хууль хяналтын байгууллагаас уг хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ТЕГ, ШШГЕГАТГЦЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн хэргээр гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Харамсалтай нь давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод буй. Энэ хэргийн шүүх хурал зургаан удаа болсон боловч эцэслэн шийдэгдээгүй байна.

Хэрвээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу энэ хүмүүсийг эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь 20 жилийн ял оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх хууль, эрх зүйн үндэслэл бүрдэх юм. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд уг асуудлыг ярьсан.

Мөн энэ хэргийн захиалагчтай холбоотой хэрэг Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа. Гэхдээ захиалагчтай холбоотой хэргээр Т.Чимгээгээс мэдүүлэг, байцаалт аваагүйг тэр өнөөдөр бидэнтэй уулзахдаа хэллээ” гэсэн юм.