ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Үйлдвэрлэгчдийн барьцаа хөрөнгийг батлан даах санхүүжилтийг нэмнэ

Э.Солонго
2013 оны 12 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

С.Батгэрэл, Л.Мөнхжаргал нар зээлийн батлан даалтад хамрагдахаар хөөцөлдөж байгаа юм. Тэдний зээлийг банк хэрхэн шийдвэрлэснийг сурвалжиллаа.

Хамтарч тавилгын үйлдвэр ажиллуулдаг хоёр найз тавилгын материал болон банз худалдаж авахаар бэлэн мөнгөний эрэлд гарчээ. Банкнаас зээлэхээр болсон ч барьцаа хөрөнгө дутсан байна. Сард 2.5 сая төгрөгөөр түрээсэлдэг ажлын байрандаа суурилуулсан банз, хавтан зүсэгч машин, хийсэн тавилгаа хүргэдэг ачааны жижиг тэргэнээс өөр хөрөнгөгүй тэр хоёрт банк “Барьцаа хөрөнгө хангалтгүй” гэсэн шалтгаанаар зээл олгохоос татгалжээ. Бизнесээ үргэлжлүүлэх өөр ямар боломж байгааг эрсний дүнд Зээлийн батлан даалтын санг зорилоо.

110 сая төгрөгийн барьцаа хөрөнгийг батлан даав

Манай улс өнгөрсөн зургадугаар сараас эхлэн анх удаа Зээлийн батлан даалтын сантай болсон. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдний бизнесийг санхүүжүүлэхэд гүүр болох үүднээс Зээлийн батлан даалтын сан үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн өмнөөс банканд барьцаа хөрөнгийн асуудлыг шийдэж эхэлжээ.

Жижиг, дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид тус санд 250 сая төгрөг хүртэлх зээлд барьцаа хөрөнгийг батлан дааж өгөхийг хүсэх юм. Харин сан үүний 60 хүртэлх хувийг биелүүлэх аж. Энэ журмын дагуу тавилгын бизнес эхлүүлсэн хоёр найзын 200 сая төгрөгийн зээлд барьцаа хөрөнгө дутсанаа Зээлийн батлан даалтын сангийнханд танилцуулжээ.

Тэдний зээлийн барьцаа хөрөнгө нь хуучин тоног төхөөрөмж. Тавилгын үйлдвэрийн хамтрагчдад хүссэн зээлд барьцаа хөрөнгийн 45 хувь нь дутаж байгааг банкны эдийн засагч хэлсэн байна. Үүнийг Зээлийн батлан даалтын сан тооцож үзээд тэдэнд 110 сая /хүссэн зээлийн 55 хувьд/төгрөгийн барьцаа хөрөнгийн батлан даалт гаргахаар боллоо. Тэд энэ зээлээ гурван жилийн хугацаанд төлж дуусгана.

Дэлгүүрийн эзэн зургаан саяын барьцаа хөрөнгө бэлдэхээр боллоо

Мөн худалдааны төвд жижиглэнгийн худалдаа эрхэлдэг иргэн А.Бадамханд найман нэрийн барааны дэлгүүр нээхээр банкнаас 15 сая төгрөг зээлэхээр ханджээ. Энэ зээлийг банк А.Бадамхандад олгохыг зөвшөөрсөн боловч, барьцаа хөрөнгө нь дутаж байгааг дуулгажээ.

Тэр Голомт банкны зөвлөснөөр Зээлийн батлан даалтын санг зорьсон аж. Сан түүнд барьцаа хөрөнгийнх нь 60 хувь болох есөн сая төгрөгийн батлан даалт гаргахаар боллоо. Харин түүнийг үлдсэн 40 хувь болох 6-7 сая төгрөгийн барьцаа хөрөнгөө бэлдэхийг сануулав.

Мөн хүссэн мөнгөө гар дээрээ авахын тулд банканд батлан даалт хүсэгчийн өргөдлийн маягтыг бөглөх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, барьцаа хөрөнгийн бичиг баримтын хуулбар, зээлийн дансны хуулга, зээлийн зарцуулалтын тооцоо, харилцах хадгаламжийн данс орлогоо нотлох баримт зэрэг 10 гаруй бичиг баримт бүрдүүлж өгөх юм байна.

А Бадамхандын бүрдүүлсэн эдгээр бичиг баримтыг судлан зээл олгох нөхцлийг бүрдүүлснийг банк Зээлийн батлан даалтын санд мэдэгдэх юм. Үүнийг тус сан судлаад ажлын 10 хоногийн дотор батлан даалт гаргах эсэхээ банкинд дуулгахаар боллоо.

Одоогоор Зээлийн батлан даалтын сан 3.2 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгөд батлан даалт гаргаад байна. Үүний хүрээнд 42 жижиг, дунд үйлдвэрлэл, бизнэс эрхлэгч банкны зээлийн барьцааны асуудлаа шийдүүлжээ. Энэ онд тус сан таван тэрбум төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгийн барьцаа хөрөнгөд батлан даалт гаргахаар болжээ.

Зураг