Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сагсан бөмбөгийн дасгалжуулагч С.Тулгад өнөөдөр гавьяат дасгалжуулагч цол хүртээлээ. Ийнхүү тэрбээр сагсан бөмбөгийн спортын гурав дахь гавьяат дасгалжуулагч болж буйг Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ онцолсон юм.
С.Тулга нь сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд тив, дэлхийн хэмжээний 27 уралдаан, тэмцээнээс эх орондоо медаль эх орондоо авчирчээ. Түүнчлэн тэрбээр сагсан бөмбөгийн 3х3 төрлийг хөгжүүлж, Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпын наадамд оролцох эрхийг авсан билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга "С.Тулга дасгалжуулагчид гаргасан амжилтаа улам ахиулах, багийн спортоор улс орныхоо нэрийг өндөрт өргөхийг ерөөж, итгэл үзүүлэн энэ цолыг хүртээж байна. Олимпт амжилт гаргаарай" хэмээв.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Тулга "Төрүүлж өсгөсөн ээждээ, тэнгэрт байгаа аавдаа баярлалаа. Монголчууд багийн спортоор амжилт гаргахгүй гэдэг үг ард хоцорсон. Дэлхин 216 улсаас ердөө найман багт олимпын эрх олгосны нэгийг манай баг авсан. Энэ шагнал бол манай хамт олныг төлөөлж, надад олгосон шагнал гэж ойлгож байна. Бид бүгд өдийг хүртэл олон хүний тус дэмээр явж байгаа. Ялахад маань хамт баярлаж, ялагдахад хамт гуньдаг, сагсан бөмбөгийн спортыг дэмжин үздэг нийт монголчууддаа маш их баярлалаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!