ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- "Амгалан" амаржих газарт халдвар гарсантай холбогдуулан хязгаарлалт тогтоож, гаднаас эргэлт оруулахыг хориглоод байгаа. Эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгч ээжүүдийн хоол хүнсний асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Тусгаарлалтын үед эмнэлгийн хоолны зардлыг нэмдэг үү?
Д.Нарангэрэл: Зарим эмнэлгийн барилга хуучин, хүн болгоны хэрэгцээг хангаж чадахааргүй байдаг. Гэхдээ бүх эмнэлэг бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа.
Халдвар эсэргүүцэх арга хэмжээний эхний үед богино хугацаагаар гаднаас хоол оруулахыг хориглодог. Эргэлт авахдаа тусгай шаардлага тавина. Хоолонд эрүүл ахуйн шаардлага тавьдаг. Мөн голомтот газар руу орсон сав буцаад айлд очих ёсгүй учраас нэг удаагийн сав хэрэглэнэ.
"Амгалан" амаржих газрын хувьд өчигдөр хүнсээ нэмж авсан. Түүнчлэн өнөөдрийн 12:00 цагаас эхлэн эргэлт авч эхэлж байгаа.
А.Амбасэлмаа: Амаржих газар өчигдөр эрэмбэлэн ангилалт хийгээд цаг хугацааны асуудал гарсан байж магадгүй. Хоол хүнсний асуудлыг НЭМГ зохицуулж байгаа. Бидэнд бол хоол хүнсээр тасалдсан талаар мэдээлэл ирээгүй.
Харьяаллын дагуу "Амгалан" амаржих газраар үйлчлүүлдэг иргэд "Өргөө" амаржих газраар үйлчлүүлэх зохицуулалт хийгээд байгаа.
- Тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламжийг хэрхэн үзүүлж байгаа вэ, "Зүчи" зочид буудалд тусгаарлагдаж байгаа нэг иргэний бие муу байна гэх мэдээлэл ирсэн?
А.Амбасэлмаа: Тусгаарлагдаж байгаа иргэдэд эрүүл мэндийн байгууллагаас хяналт тавина. Тэнд резидент эмч нар ажиллаж байгаа. Эмч нар асуумж судалгаа авч, үнэлгээ хийгээд коронавирусийн сэжигтэй байвал дэглэмээ бариад хариу арга хэмжээ авна. Харин бусад өвчний улмаас эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай бол эрүүл мэндийн байгууллагуудыг дуудаж үйлчлүүлэх боломжтой. Эмч нар дэглэмээ бариад очиж үзэж байгаа.
Д.Нарангэрэл: Бүх тусгаарлах байранд резидент эмч нар ажиллаж байгаа. Резидент эмч нар шаардлагатай тохиолдолд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг рүү хандах юм. Тодруулбал, зүрх судасны өвчлөлийн улмаас тусламж авах шаардлага гарвал УГТЭ, яаралтай мэс засалд орох шаардлагатай бол УНТЭ-т хандана.
ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!