Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол дахь угсаатны асуудал: Дарвинизм, Панмонголизм, Зөвлөлтийн онол, Төр

ikon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол улс хэдэн угсаатантай вэ? Өөрийн хэл, ислам шашинтай казах зэрэг цөөнх бүхий монгол угсаатан зонхилсон улс уу?

Эсвэл, халх, буриад, дөрвөд, баяд, захчин, торгууд, дарьганга, урианхай, тува, казах гэх мэт олон угсаатнаас бүрдсэн улс уу? Тэгвэл өнөөгийн төрийн бодлого, түүх, нийгэм-соёл судлал, боловсролын салбарт Монголыг олон угсаатны улс мэтээр ойлгож байна. Үүний хамгийн наад захын жишээ нь БСШУЯ-аас эрхлэн гаргасан ЕБС-ийн сурах бичиг юм. ЕБС-ийн 10 дугаар ангид үзэж буй “Нийгэм судлал” (2019) сурах бичигт “үндэс угсаа” гэх категорийн дор Монгол улсын хүн амыг халх, казах, дөрвөд, баяд, буриад зэрэг 24 угсаатнаас бүрддэг болохыг хүснэгтлэн харуулжээ. Өөрөөр хэлбэл, албан сурах бичгийн дагуу ЕБС-д Монгол нь 24 угсаатнаас бүрддэг улс хэмээн зааж байна. Хэдийгээр тэдгээр угсаатнууд нь нэг төрд харьяалагддаг, түүхийн хувьд нүүдэлч малчин гаралтай, хэл соёлын ялгаа үгүй, байсан ч тэр нь өчүүхэн бага боловч Монголыг яагаад олон угсаатны улс гэж үзэх болов оо? 

Д.Снийт, Л.Мөнх-Эрдэнэ нарын үзэж буйгаар, Монголыг олон угсаатны улс болгох үзэл XX зууны эхээр бий болжээ. Л.Мөнх-Эрдэнийн бичсэнээр, тэрхүү үзлийн дагуу 1930-аад онд БНМАУ-д 30 орчим ястан буюу угсаатны бүлэг, хэд хэдэн зуун овог, аман аялгуу бүртгэгджээ. Гэвч Монгол дахь олон угсаатны үзэл нь XX зууны эхээр хэн нэгэн, эсвэл хэсэг угсаатан судлаач, шийдвэр гаргагч нар хялбархан гэгч нь сэдэж цаасан дээр буулгасан санаа төдий зүйл биш ээ! Энэ үзэл нь XX зуунд монголчууд тусгаар тогтнож, орчин цагийн үндэстэн улс байгуулах амаргүй үйл явцад тэрхүү шинэ улсын түүх, улс төр, соёл-нийгэм судлал, боловсролд нэвтэрсэн Өрнөдийн антропологи, нийгмийн шинжлэх ухааны онол, аргазүй хийгээд улс төрийн шинэ дэглэм, гадаад их гүрнүүдийн гео улс төр, үзэл суртлын үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлсээр нөхцөлдөн боловсорсон байна.

Дарвинизм “бүдүүлэг үедээ гацсан” угсаатнуудыг төрүүлсэн нь     

Монголчуудыг олон угсаатны улс болгох үзлийн хөгжилт нь XX зууны эхээр Оросоор дамжин Монголд нэвтэрсэн орчин цагийн Өрнөдийн антропологи, нийгмийн ухааны онолд суурилж байв. XIX зууны үед Өрнөдөд шинээр хөгжсөн нийгэм судлалын ухаанд байгалийн шинжлэх ухааны онол, загварыг зээлдэн хүний нийгмийн зүй тогтлыг таних, тайлбарлах гэсэн оролдлого ихээхэн гарч байжээ. Тэдгээрийн нэг нь тухайн үедээ ихэд шуугиан тарьж, том амжилт олсон биологийн хувьслын онол буюу Дарвинизмаар хүний нийгмийг тайлбарлах оролдлого байсан ажээ. XIX зууны сүүл үед Чарльз Дарвины хувьслын онол нь тухайн үед хөгжиж эхэлж байсан соёлын антропологид хүчтэй нөлөө үзүүлж, давамгайлах байдалтай болжээ. Биологийн төрөл зүйлс нь түүхийн явцад ганц эст эгэл бүдүүлэг биет байснаас сүүн тэжээлтэн, түүний дотор оюун ухаант хүн хүртэл нарийсан хувьссан гэдэг Дарвины онолын санааг соёлын антропологичид авч хэрэглэхдээ соёл ба нийгэм нь түүхэн явцад эгэл бүдүүлэг төлөв байдлаас нарийн хөгжингүй соёл иргэншлийн шат руу хувьсдаг гэж үзээд, өөрийн ажигласан нийгмүүдийг түүхэн хувьслын аль нэг үе шатанд оруулж тайлбарлах болсон байна. 

XIX зууны антропологичдын ажигласнаар, Өрнө дахины нийгэм нь түүхэн хувьслын үр дүнд орчин цагийн иргэншлийн шатанд хүрсэн байсан бол Дорно дахины нийгмүүд нь орчин үежилтээс өмнөх бүдүүлэг үедээ гацсан байдалтай, эсвэл хувьслын дээд шатанд хүрээгүй байжээ. Ялангуяа тэдний нүдэнд Төв Азийн монгол мэтийн нүүдэлчин ард түмнүүд нь төр ба засаг захиргаа үүсэхээс өмнөх балар үеийн нийгмийн зохион байгуулалт болох ураг төрлийн байгууллыг хадгалж үлдсэн нь түүхийн өвөрмөц жишээ болж харагдсан байна. Европын түүх, нийгэм судлаачид монголчууд нь XIII зуунд дэлхийд урьд байгаагүй агуу эзэнт гүрэн байгуулж явсныг эх сурвалж, нотолгоонд баригдан аргагүй хүлээн зөвшөөрсөн боловч нийгмийн хөгжлийн хувьд түүхийн зэрлэг бүдүүлэг шатанд гацсаар Европын колоничлолыг туулсан Умард Америкийн индианчуудаас нэг их дээрдэхгүй ард түмэн гэж үзжээ. 

Антропологич Л.Х.Морган “Эртний нийгэм” (1877) бүтээлдээ хүн төрөлхтний нийгмийг түүхэн хувьслаар нь “зэрлэг”, “бүдүүлэг”, “иргэншилт” гэсэн гурван үндсэн шатанд хуваасан байна. Тэр бээр Умард Америкийн индианчуудын амьдралыг ажиглан судлаад, Европ тивд соёл иргэншил, төр үүсэхээс өмнөх зэрлэг, бүдүүлэг үеийн нийгэм нь индианчуудынхтай адил байсан гэж үзжээ. Түүний ажигласнаар, ирокез индианчуудын нийгмийн зохион байгуулалтын үндсэн нэгж нь эцгийн шугам дагасан ураг төрлийн томоохон нэгдэл байжээ. Антропологичид тэрхүү нэгдлийг “трайб” хэмээх латин гаралтай үгээр нэрлэсэн байна. 

Л.Х.Морганы бичсэнээр, ирокез трайбууд нь өөрийн гэсэн газар нутаг, хэл аялга, ахлагчаа сонгох, огцруулах эрх, шашны ёслол, зөвлөл, зарим тохиолдолд ерөнхий ахлагчтай бөгөөд трайб нь дотроо ахлагч, зөвлөл бүхий “ген” буюу “клан” хэмээх эцгийн шугам дагасан ураг төрлийн дэд нэгжүүдэд хуваагддаг бол дайны нөхцөл байдал үүссэн гэх мэт онцгой цаг үед дээшээ зохион байгуулалтад орж, “сэцэд болон ахлагчдын зөвлөл” бүхий эрх тэгш трайбуудын сулхан холбоо үүсгэдэг байна. Л.Х.Морган “бүдүүлэг”нийгэмд байсан ирокезчүүд нь улс төрийн хувьд сайндаа л трайбуудын холбоо үүсэхээс бус, дээрээс шууд захирах төр, засаг захиргааны тогтолцоогоор зохион байгуулагдах боломжгүй байсан гэж үзжээ.

Өрнөдийн судлаачид Төв Азийн монгол мэтийн нүүдэлчин ард түмнүүдийн нийгмийг дээрх загвараар тайлбарлаж ирсэн байна. Тэдний үзлээр, НТӨ III зуунд Хүннү гүрэн байгуулагдсан нь хүннү нар ирокезчуудын адил “трайбуудын холбоо” үүсгэсэн хэрэг ажээ. Үүнээс үүдэн Хүннү гүрнийг 24 овог, аймгийн холбоо, шаньюйг нь сэцдийн болон ахлагчдын зөвлөл бүхий овгийн холбооны ерөнхий ахлагч байсан гэх ойлголт өнөөгийн монголчуудад ч өргөн тархжээ. Хожим XIII зуунд Чингис хаан ч гэсэн “овог, аймаг” гэх тархай бутархай трайбуудыг нэгтгэснээр Монголын эзэнт гүрнийг байгуулсан байна. Гэтэл төрийн өмнөх үеийн бүдүүлэг нийгмээс агуу эзэнт гүрнүүд хэрхэн төрөн гарах билээ гэсэн хачирхалтай асуулт гарав. Өрнөдийн судлаачид үүнд дараах хариултыг бодож олжээ: Төв Азийн нүүдэлчдийн нийгэм нь өөрөө төр байгуулах боломжгүй учир тэд эзэнт гүрэн байгуулахдаа төвлөрсөн засаглал, засаг захиргааны аппарат бүхий зохион байгуулалтыг хөрш зэргэлдээ суурин иргэншлүүдээс түр зээлдэн авч байсан бөгөөд эзэнт гүрэн задрах үед эргээд ураг төрлийн зохион байгуулалтад шилждэг ажээ. Иймд “зээлдмэл төр” нь ураг төрлийн нийгмийг хэзээ ч өөрчлөөгүй байна.

Д.Снийт, Л.Мөнх-Эрдэнэ нарын үзэж буйгаар, XIX зуунд Өрнөдөд үүсэн хөгжсөн антропологийн хувьслын онол хийгээд түүний Зөвлөлт хувилбараар монголчуудын түүх, угсаатныг тайлбарлах үзлийг Монголын хөрсөнд буулгахад Орост орчин цагийн европ боловсрол эзэмшсэн Жамсрангийн Цэвээн, Бямбын Ринчин нарын буриад сэхээтнүүд чухал үүрэг гүйцэтгэжээ. Д.Снийтийн бичсэнээр, XX зууны эхээр Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөний нөлөөгөөр монголчуудын үндэсний үзлийн шинэ ойлголт бий болсон ч энэ нь ураг төрлийн “трайбализм”-д суурилсан бөгөөд түүний гол үндэслэгч нь Хаант Оросын нийслэл Санкт-Петербургт боловсрол эзэмшсэн буриад сэхээтэн Ж.Цэвээн ажээ. Түүний бичсэнээр Ж.Цэвээн нь монгол үндэсний ойлголтыг шинээр бий болгохдоо Европын үзлийг Монголын хөрсөнд буулгаж, монголчуудын нийгмийн зохион байгуулалтын нэгжүүдийг “трайб” буюу орос хэлний “племена” болгон орчуулжээ. Улмаар “трайбализм”-д суурилсан түүх, угсаатны судалгаанууд хийгдэх болж, Монголын угсаатны бүрэлдэхүүн гэгч ойлголтын хүрээнд халх, дөрвөд, буриадуудыг ураг төрлөөрөө нэгдсэн төрийн өмнөх шатны “трайб”-уудтай адилтган үзэх болсон гэж тэрээр бичсэн байна.     

Ийнхүү Өрнөдөд боловсорсон нийгмийн хувьслын онол ба түүнд суурилсан түүх, угсаатны судалгааны нөлөөгөөр монголчуудын нийгэм нь түүхийн хувьд төр, засаг захиргааны хуваариар бус, эцгийн шугмыг баримталсан ураг төрлийн гишүүдээс бүрдсэн “овог” хэмээх трайбуудаас бүрддэг гэсэн хэвшмэл үзэл тогтсон байна. Энэхүү үзлээр Монгол дахь халх, урианхай, буриад, дөрвөд, баяд, барга гэх мэт угсаатнууд нь эцгийн шугам дагасан ураг төрлийн нэгдэл бүхий эртний овгуудаас гаралтай байсан бөгөөд Монгол дахь түүх, угсаатан судлалын нэг гол чиглэл нь тухайн угсаатны насыг аль болох эртний үед холбогдуулан тогтоох, тухайн угсаатны бусдаас ялгарах хэл аялгуу, бэлгэдэл, өвөрмөц зан заншил, ёслол, найр наадмыг тодорхойлох, тухайн угсаатан бусад угсаатнаас ямар ямар ялгаатай болохыг аль болох тодруулан гаргах ажил болж хувирсан байна. Энэ мэт судалгаа нь онол, аргазүйн хувьд XIX зууны антропологич Л.Х.Морган ирокезчүүдийн трайб хэмээх ураг төрлийн нэгдлүүдийг тодорхой хэдэн шинжээр нь тодорхойлж байснаас онцын ялгаагүй байв.  

Дээрх ойлголтоор авч үзвэл, Монгол дахь зарим угсаатан Монголын эзэнт гүрнээс ч хэдэн зуун жилийн урт настай байхад зарим нь саяхан үүссэн, эсвэл нэг угсаатны доторх дэд бүлгүүдийн үүсэл гарвал нь мянган жилээр ч зөрөх тохиолдол гардаг байна. Жишээ нь, буриад угсаатны эртний овгууд нь Байгал нуурын баруун эрэг орчмоос VI зуунд үүссэн байхад зарим нь мянга гаруй жилийн дараа гарч иржээ. Мөн дөрвөд угсаатныг “Монгол нууц товчоо”-нд өгүүдлэг Дува сохорын дөрвөн хүүгийн ураг удмаас гаралтай гэх зэргээр тайлбарладаг бол дарьганга угсаатан нь бүр хожуу XVII зууны үед хоёр гурван угсаатны нийлбэрээс бий болсон байх жишээтэй. Энэ мэтээр Монгол дахь угсаатны түүхийн судалгаа гэгч нь тухайн угсаатны өвөг дээдэс ямар ураг төрөл, овгоос үүссэнийг олж тогтоох, үүний тулд овог үүссэн, нэг овгоос хэд хэдэн овог салбарлан гарсан, овог салсан, овгууд нэгдэн нийлсэн гэх мэт хөвөрч дуусашгүй үйл явцыг тодруулан хөөх болсон бөгөөд үүгээрээ угсаатны гарвал судлал нь нийгэм, соёлын утгатай гэхээс илүүтэй биологийн төрөл зүйлсийн ангиллын таксономи үйлдэхтэй төстэй ажил болсон байна. 

Орос, Японы гео-улс төрийн тоглоом ба панмонгол популизм 

XIX зууны сүүлч, XX зууны эхээр Номхон далайн эргээс Төв Ази хүртэлх уудам бүс нутгийг колоничлохын төлөөх өрсөлдөөнд хоёр улс оржээ. Тэднийг нэг нь Европын таван их гүрний нэг Хаант Орос, нөгөө нь ахар хугацаанд шинээр аж үйдвэржиж, орчин үежсэн Япон байв. Орос, Японы санаархаж байсан Азийн уудам тэгш өндөрлөг нутаг нь Манж Чин гүрний харьяанд байдаг ч үе улиран угсаа залгамжлан хүн ардаа захирсаар ирсэн монгол язгууртнуудын эзэмшил байжээ. Энэ бүс нутгийг колоничлохын төлөөх өрсөлдөөнд хоёр улс цэрэг, дипломатын төдийгүй үзэл суртлын үйл ажиллагааг идэвхтэй явуулах болсон байна. Тэрхүү үзэл суртлаас “панмонголизм” төрөн гарч, хожим панмонгол буюу нармай монгол популизм болон дэлгэрчээ. Панмонгол үзэл нь орчин үежээгүй, тархай бутархай, хэл соёл нэгтэй монгол овог аймгуудыг нэгтгэх, гэхдээ тэрхүү нэгдлийг орчин үеийн иргэншсэн гүрний ивээлээр гүйцэлдүүлэх учиртай хэмээн номлосон байна. 

Хаант Оросын зүгээс явуулсан панмонгол бодлого нь монголчуудтай хэл, шашин соёл нэгтэй боловч европ зүгийн сургуулиар боловсорч хүмүүжсэн, монголчуудыг бодвол илүү “иргэншсэн” буриад сэхээтнүүдээр дамжин хэрэгжжээ. Тэдний гол төлөөлөгчид нь Хаант Оросын харьяат Петр Бадмаев, Агваан Доржиев, Элбэгдорж Ринчино нарын сэхээтнүүд байв. Буриадууд хэл, шашин нэгт монголчуудтай ойр байдгийн хувиар Оросын эрх баригчдад Монгол, Түвдийн талаарх мэдээлэл зөвлөгөө өгч, гадаад харилцаа хийгээд Халх, Өвөр Монгол дахь угстаатан, газарзүйн судалгааны үйл ажиллагаанд биечлэн оролцох болжээ. Судлаачдын бичсэнээр, Хаант Оросын харьяат буриад сэхээтнүүд нь Оросыг монголчуудтай холбох чухал боловсон хүчин болсон байна.
      
Монгол хэлэнд “нийт”, “нармай” монгол үзэл хэмээн орчуулж буй “панмонголизм” хэмээх нэршил XIX зууны Оросын сэтгэгч В.Соловьёвын “Панмонголизм” (1894) хэмээх шүлгээс анх гарчээ. Гэхдээ тэрхүү шүлэг нь монголчуудын тухай бус, харин Европ, Оросын соёл иргэншлийг Дорно дахины шар арьстнуудын аюул царцааны нүүдэл мэт нөмрөх гэж буйг зөгнөн анхааруулсан утгатай аж. Гэтэл “панмонголизм” нь удалгүй Оросын эзэнт гүрний харъяат буриад сэхээтнүүдийн үзэл бодлоор дамжин Халх болон Өвөр Монголын аймгуудыг эзэнт гүрний ивээл дор нэгтгэх, нөлөөнд оруулах улс төрийн бодлогод үйлчилсэн үзэл суртлын туг болж хувирчээ.

XIX зууны сүүлчээр Оросын эрх баригчдад маш ойр байсан хоёр буриад сэхээтэн бол түвд эмнэлгийн эмч Петр Бадмаев, лам Агваан Доржиев нар юм. 1890-ээд онд засгийн газрын эрх баригчидтай ойр шадар болсон Петр Бадмаев Манжийн төр удахгүй болсон гэж үзээд, Сибириэс Монгол, Ганьсугаар дайруулан Түвд хүртэл төмөр зам тавих төлөвлөгөөг эрх баригчиддаа танилцуулж, Монгол, Хятад, Түвдийг Оросын эзэнт гүрэнд нэгтгэх санал гаргасан ба Орос нь Азийн овог аймгуудыг иргэншүүлэх үүрэг хүлээсэн улс юм гэж үзэж байжээ. М.Ларюэлийн бичсэнээр, Бадмаев Монгол, Түвд, Хятадыг Оросын бүрэлдэхүүнд нэгтэх өөрийн санаачилгыг “буриадын үндэсний үзэл”-тэй хослуулан Орос бол Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний шууд залгамж мөн гэсэн үзэл суртлаар зөвтгөж, монгол мэтийн буддын шашинт ард түмнүүд Оросын өгөөмөр ивээлийг хүртэх ёстой үзсэн бол Түвдэд XIII Далай ламд шадар байсан Агваан Доржиев нь “Буриад-Халимаг панмонгол үзэл”-ийг буддын шашины үзэл сурталтай хослуулан монгол мэтийн буддын шашинт ард түмнүүдийг Цагаан хааны ивээлд багтаах талаар номлож байжээ. 

Гэвч Алс Дорнодод Солонгосын хойг хүртэл өргөжин тэлэх гэсэн Хаант Оросын бодлого нь 1904-1905 оны Орос-Японы дайнд ялагдсанаар сүйрсэн байна. Уг үйл явдлаар хаант Оросын гадаад бодлого өөрчлөгдөж, нийт монгол овог аймгуудыг Цагаан хааны ивээл дор нэгтгэх гэсэн санаархал замхарчээ. Харин Европын хүчирхэг гүрнийг ялсан Япон Солонгосын хойг, Өмнөд Манжуур, Өвөр Монголын зүүн хэсэгт нөлөөний хүрээгээ өргөжүүлсэн төдийгүй өргөжин тэлэх санаархал нь улам хүчтэй болсон байна. Удалгүй 1914 онд Дэлхийн I дайн эхэлж Орос дайнд орсноор эзэнт гүрэнд бүр том өөрчлөлт гарсан. 1917 онд Орост хувьсгал гарч хаант засаг унасан ба улс төрийн хямрал даамжирсаар улмаар коммунистууд засгийн эрхэнд гарч, Зөвлөлт улс байгуулагджээ.

Зөвлөлт улс байгуулагдаж, Орост иргэний дайн дэгдсэнээр панмонгол үзэл нь Алс Дорнод дахь улс төрийн хүчнүүдийн тоглолтын үзэл суртлын зэвсэг болж хувирсан байна. 1918 онд цагаантны генерал, буриад цустай Г.М.Семёнов Байгалын чанадад өөрийн дэглэмийг тогтоосны дараа Японы тусламж дэмжлэгээр Зөвлөлтийн эсрэг тэмцэх, ингэхдээ панмонгол үзлийг ашиглан нийт монголчуудыг ашиглахын тулд Буриад, Барга, Халх, Өвөр Монголыг нэгтгэсэн “Их Монгол Улс”-ыг байгуулж буйгаа зарласан байна. 1919 оны 2 дугаар сард Г.М.Семёнов Читад Буриад, Барга, Өвөр Монголын төлөөлөгчдийг оролцуулсан монгол овогтны их хурал гэгчийг хийж, Буриад, Барга, Халх, Өвөр Монголыг тэгш эрхтэй нэгтгэсэн холбооны улсыг тунхаглаж, түүний засгийн газрыг Өвөр Монголын Нэйсэ гэгээн Мэндбаяраар толгойлуулан байгуулжээ. Гэвч Нармай Монгол улс байгуулах үйл ажиллагаанд Халх дахь Богд хаант засгийн газар оролцоогүйгээр барахгүй Халхын язгууртнууд түүнээс ихэд болгоомжилсон байна. 

Хожим Монгол дахь Коминтерний төлөөлөгчөөр ажилласан буриад сэхээтэн Э.Ринчино панмонгол үзэлт хөдөлгөөнд идэвхтэй оролцож, Нармай Монголын Засгийн газрын зөвлөхөөр ажиллажээ. Гэвч удалгүй цагаантнууд ялагдаж, Японы дэмжлэг үгүй болсноор Нармай Монгол улс байгуулах хөдөлгөөн сарнижээ. Э.Ринчино 1920 онд Монголын төлөөлөгчдийг Зөвлөлтийн эрх баригчдтай холбоход ихээхэн тус дэм болсныхоо ачаар Зөвлөлтийн бодлогыг Монголд хэрэгжүүлэх албан тушаалуудад томилогдсон байна. 

Э.Ринчино Хаант Оросын үеийн панмонгол популизмыг буриадуудын дотор идэвхтэй явуулж байсан бол Зөвлөлт засгийн үед түүнийгээ Зөвлөлтийн угсаатны бодлогод нийцүүлэх байдлаар тайлбарлаж эхэлсэн бололтой. Тэрбээр Монголыг “зөвлөлтжүүлэх”-ийн тулд Буриад, Монголыг ойртуулах замаар Монголыг Зөвлөлт улсад нэгтгэх саналыг дэвшүүлсэн байна. О.Батсайханы хэвлүүлсэн Оросын архивын баримтаас үзвэл, Э.Ринчино 1922 онд Оросын Коммунист Намын Буриадын хороонд Монголын талаар бичсэн илтгэлдээ “Монгол, Буриадын бүгд найрамдах улсын эдийн засгийг холбох замаар ойртуулах асуудлыг боловсруулж тавих цаг нэгэнт болжээ. Эдгээр асуудлуудыг цаг хугацааг нь тааруулж, тавьж шийдвэрлэх аваас одоогийн улс төр эдийн засгийн хөгжлийн үр дүнд Монгол зөвлөлтжих замд эргэлт буцалтгүй орох ёстой ба ойрын ирээдүйд ЗСНБХУ-ын шинэ гишүүн болох нь дамжиггүй” гэжээ.

Япон бүр XIX зууны сүүл үеэс Солонгосын хойгт чиглэсэн бодлого явуулахын зэрэгцээ Халх, Өвөр Монголыг ихээхэн сонирхон судалж байжээ. Япончууд 1904-1905 оны дайнаар Оросыг ялж, Өвөр Монголын зүүн хэсэгт нөлөөгөө тогтоосон ч дайны дараах Орос-Японы хэлэлцээрээр Халх нь Оросын нөлөөний хүрээнд үлдсэн аж. Гэвч Манжуур дахь Японы цэргийнхэн Халх дахь улс төрийн байдлыг маш анхааралтай ажиглаж байжээ. Л.Жамсрангийн судалгаагаар, 1919 онд Япон нь панмонгол хөдөлгөөнийг дэмжиж, Нармай Монголын Засгийн газарт зээл олгохоор амласан ч тус хөдөлгөөн амжилт олохгүй нь тодорхой болох үед амалсан зээлээс татгалзсан байна. 

Гэвч Япон Алс Дорнодод Зөвлөлт улстай сөргөлдөх хэрээр Монголын асуудлыг анхаарч байсан нь харагддаг. 1939 онд Японы судлаач Т.Асано “Манж, Ар Монголыг нэгтгэх нь: Түүх, газарзүйн судалгаа” өгүүлэлдээ газарзүйн хувьд Ар Монголыг Өвөр Монголоор дамжуулан нэгтгэхээс илүүтэй Манжго-той нэгтгэсэн нь хялбар болох тухай санал дэвшүүлж, “Ар Монгол нь говийн их элсэн цөлөөр зааглагдах тул Монголын хязгаарын засгийн газартай нэгдэхэд хялбар бус, харин Манжго болон Ар Монголыг нэгтгэх нь түүх, газарзүйн хувьд зохистой тул зүй ёсны болно” гэж бичиж байжээ (Японы Монгол судлалын түүх. 2015, 141. Япон хэлнээс орчуулсан О.Оюунжаргал). Үүнээс үзвэл, япончууд Ар Монголыг Өвөр Монголын Дэ вангийн (Н.Дэмчигдонров) тэргүүлсэн Монгол хязгаарын өөртөө засах холбоот засгийн газартай нэгтгэж, өөрийн эрхшээлд оруулах тухай сэдвийг хөнддөг байсан бололтой. Харин Т.Асано Ар Монголыг Манжго-той нэгтгэсэн нь газарзүйн хувьд илүү хялбар гэж үзжээ. 

Панмонголизм нь нэр томьёоны ч, утга агуулгын ч хувьд хилийн чанадад үүсэн боловсорч, их гүрнүүдийн зүгээс Монголыг эзлэх, эсвэл өөрийн нөлөөний хүрээнд оруулах гэсэн улс төрийн зорилго бүхий угсаатны үзэл суртлын хэрэгсэл болж байжээ. Ялангуяа тэрхүү үзэл суртал нь Орост монголчуудын түүхийг язгуур угсаатан бүхий ард түмний төр ёсны үзлээр бус, харин бүдүүлэг үедээ үлдсэн, эрт цагт ураг төрлүүдээс салбарласан хэл, шашин нэгтэй олон овог аймгууд гэх мөнөөх л дорно дахины талаарх Европын түүх, угсаатны үзлээр харж байсны илрэл бөгөөд тэднийг иргэншлийн дор хурааж өөрийн нөлөөнд оруулахад иргэншиж боловсорсон садан төрөл ард түмнийх нь хэлхээ холбоог ашиглах учиртай ажээ. Панмонголизм нь нийт монгол овог аймгуудыг эрхшээлдээ оруулж, өргөжин тэлэх гэсэн Орос, Японы санаархалд төдийлөн ач тусаа өгөөгүй боловч хожим Монголд том гүрнүүдийг буруутган гомдоллох “популизм” болж ул мөрөө үлдээсэн байна.

Угсаатны талаарх Зөвлөлтийн бодлого ба түүний үр дагавар

Монголын язгууртнууд Манжийн хаант төрийн харьяанд байх үед өнөөгийн Монгол улсын нутагт амьдарч байсан хүн өөрийгөө Манж улсын иргэн, эсвэл хоёрдмол утгагүйгээр монгол үндэстэн, эсвэл том гүрний харьяанд буй угсаатны цөөнхийн гишүүн гэж хэлэх боломжгүй байв. Иргэд нь эрх тэгш байх үзэл суртал бүхий төр тэр үед бүрэлдээгүй байсан бөгөөд өнөөгийн адил үндэстэн-улсын иргэн болсноор тэрхүү үндэстний гишүүн болох боломж тэр хүнд үгүй байжээ. Манжийн үед амьдарч байсан хүн өөрөө язгууртан биш л бол ямар нэг тайж, ноёны харьяат хамжлага байх ба тэр эзэн нь өөрөө засаг ноён бүхий хошуунд харьяалалтай байна. Тэр хүний эзэн ноён бас дээрээ эзэнтэй байх бөгөөд тэр нь Манжийн хаан байна. Монголчууд Манжийн харъяанд байсан гэдэг ч үнэндээ Монголын язгууртнууд Манжийн хааны харъяат байсан ажээ. Ингээд тэр хүний ижилсэл буюу “таних үнэмлэх” нь аль улсын иргэн, ямар үндэстэн бэ гэдгээр бус, харин аль хошуу, аль аймаг, чуулганы ноёны харьяат вэ гэдгээр тодорхойлогдож байв.  

XX зууны эхээр монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх явцад орчин цагийн үндэсний үзлийн асуудал шинээр тавигдсан байна. Ялангуяа, 1921 онд Монголд ардын засгийн газар байгуулагдсаны дараа Монгол улсын иргэн бүр нь тэгш эрхтэй гэх орчин цагийн үзлийг нэвтрүүлж, улмаар 1922 онд эзэн-харьяатын харилцааны хамжлагат ёсыг халснаар үндэстэн, угсаатны шинэ асуудал гарч ирсэн байна.   

Өгүүлэн буй цаг үед Монгол дахь орчин цагийн үндэсний үзлийн суурийг тавилцсан сэхээтэн бол Жамсрангийн Цэвээн юм. Д.Снийтийн тэмдэглэснээр, Ж.Цэвээн нь монгол үндэсний ойлголтыг шинээр бий болгохдоо шинэ тулгар улс нь нийтлэг хэл, угсаа, шашин, суртал, газар орон бүхий хүмүүсээс бүрэлддэг гэж үзээд, монголчуудын угсаа гарвалыг мөнөөх л хувьслын онолд суурилсан Европын үзлээр харжээ. Түүний тайлбарласнаар, энэ нь монгол язгууртны ураг төрлийг нийгмийн доод хэсэг рүү өргөжүүлж, язгууртнууд нь өөрсдөө нэг угсаа гарвалтай ард түмний улс төрийн категорын гишүүд болж хувирсан бөгөөд Монгол улсын доторх халх, дөрвөд гэх мэт хуучин язгууртан эзний харьяанд байсан улс төр захиргааны нэгжүүд нь цусан төрлийн хувьд нэг гарвалтай хүмүүсийн нэгдэл буюу ураг төрлөөрөө нэгдсэн төрийн өмнөх шатны “трайб”-уудтай адил утгаар ойлгогдох болсон байна. Улмаар “трайб” гэгдсэн тэдгээр нэгжүүд нь тус тусдаа өөрийн хэл аялга, соёл, зан бүхий “угсаатнууд” болж хувирсан байна. 

1920-иод онд Монголын хөгжлийн замыг Зөвлөлтийн загварт нийцүүлэх гэсэн улс төрийн бодлого улам хүчтэй хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ нь угсаатны бодлогод тусгалаа олжээ. Гэтэл Зөвлөлт нь өөрөө олон угсаатны улс байв. Гэвч “1920-иод оны сүүлээр шинэ эрх баригчдын зүгээс Коминтерн, Зөвлөлтийн бодлогыг дуурайн хэрэгжүүлсний нөлөөгөөр Монголыг олон угсаатантай болгох үзэл төрийн бодлого, эрдэм шинжилгээ, боловсролын системд нэвчиж, Монголчуудыг “угсаатанчлалын дурангаар” ангилах, ялгаварлах, хуваарилах, хүмүүжүүлэх бүхэл бүтэн “угсаатанчлалын парадигмийг“ бий болгож, Монголын эдүгээг нь төдийгүй өнгөрснийг нь “угсаатанчилсан”” хэмээн Л.Мөнх-Эрдэнэ бичжээ. 

Л.Мөнх-Эрдэнийн үзэж буйгаар, “Зөвлөлтөд бэлтгэгдсэн Б.Ринчен (1979), Ш.Лувсанвандан (1959) тэргүүтэй Монголын судлаачид Зөвлөлтийн угсаатны үзэл баримтлалыг улам төгөлдөршүүлж нэгэнтээ Монголд 30 шахам угсаатны бүлэг, хэдэн зуун овог, 304 зүйлийн нутгийн аялгуу (Болд 1993: 151) илрүүлэн байршил, нутагшил, тархацыг нь тогтоож нарийвчилсан атлас хүртэл гаргасан төдийгүй, зан заншил, хэл соёлынх нь ялгааг нэг бүрчлэн бүртгэж, олон боть ном, сурах бичиг, нэвтэрхий толь, музейн үзмэр бэлтгэсэн бол Монголын соёл урлаг, боловсролын байгууллагууд нь тэдгээр угсаатны, ястны хүн амыг хүмүүжүүлэн үйлдвэрлэх болсон байна”. Монгол дахь үндэстэн угсаатны асуудлыг ийнхүү олон угсаатны Зөвлөлтийн бодлогыг дуурайн шийдэж, Монгол нь өөрөө олон  угсаатны улс мэт болсон нь ноцтой үр дагавартай байжээ. 

1920-иод оны сүүлчээр МАХН-ын удирдах албанд байсан Ө.Бадрах, З.Шижээ нарын бүлэг хүмүүс холбогдсон, БНМАУ-аас Дөрвөдийг тусгаарлах гэсэн нэгэн хэргийг Дотоодыг хамгаалах газар шалгасан байдаг. Энэ асуудлыг нягтлан шинжилсэн Ж.Урангуагийн судалгаанд энэ хэргийн үзэл суртлын хөрс суурь нь В.И.Лениний онолд суурилсан Зөвлөлтийн угсаатны бодлогоос улбаатай байсан нь харагдаж байна. 1917 хувьсгалын дараа дэгдсэн иргэний дайн төгсөхөд Зөвлөлт нь Хаант Оросоос олон угсаатан бүхий асар том газар нутгийг өвлөн авсан бөгөөд өмнөө тулгарсан угсаатны асуудлыг дараах байдлаар шийдсэн ажээ. 

Ж.Урангуагийн өгүүлснээр, “Төр нийгмийн байгууллаа үндэстний-газар нутгийн зарчмаар зохион байгуулах замыг сонгосон Зөвлөлт улсын төрийн бодлого нь жижиг үндэстэн ястны хувьд маш хүнд асуудлуудтай тулгарахад хүрчээ. Тиймээс үндэстний цөөнхийн асуудал гэгч зүйл гарч ирж, түүнийг шийдэхийн тулд олон арга хэмжээ авахад хүрчээ. Тэдгээрийн нэг нь: 1930 онд Зөвлөлтийн удирдлага, хэрэв тухайн засаг захиргааны нэгжид нэгэн угсаатны хүмүүс тухайн бүс дэх янз бүрийн угсаатны хүн амын дотор 66 хүртэлх хувийг эзэлж байгаа бол тусгай засаг захиргаа-нутаг дэвсгэрийн нэгж болж болно гэсэн шийдвэр гаргажээ. Энэ нь Зөвлөлтөд угсаатны доторх нэгдлийг хангаж, нэгэн шинэлэг нийтлэг үүсгэхэд хүргэж, улмаар үндэстэн ястны хоорондох харилцаанд эерэг нөлөө үзүүлэхээс гадна тэдэнд чиглэсэн нийгэм-улс төр, эдийн засаг болон соёлын ялгааны асуудлуудыг шийдэх боломж олгон, мөн угсаатны улс төрийн байдлыг дээшлүүлэх системтэй арга хэмжээг явуулснаар угсаатныг улс төржүүлэх үйл хэргийг гүйцэлдүүлнэ хэмээн тооцож байжээ.”     

Дээрх судалгаанаас үзвэл, Дөрвөдийг салан тусгаарлах хэрэгт холбогдсон Л.Лааган мэдүүлэг өгөхдөө шар Санж, Ө.Бадрах нар нь Зөвлөлтийн угсаатны бодлого ба цөөнх ястан угсаатны эрхийг үндэс болгон ухуулга хийж байсан тухай ярьжээ. Түүний мэдүүлэгт (1928.09.17), “Бадрахаас надад ингэж хэлэв хэмээн дув дуугуй явж байтал Төгсбуянтын хошууны бөгөөд тус аймгийн Хянан байгцаагчийн төлөөлөгч Цэрэнжаваас ирсэн мэдээнд мөн хошууны шар Санжаас коммунизмын мөрийн хөтөлбөрт бага ястан улсыг тусгаар болгох хэмээсэн байдаг. Одоо манай дөрвөд тэр ёсоор тусгаар улс болбол зүгээр зүгээр гэх үгийг бусдад битүүхэн хэлж яваа хэмээсэн”, мөн “1928 оны хавар Ө.Бадрах ...Одоо манай аймаг автономит эрхтэй монголоор удирдуулсан тусгаар улс болбол СССР улстай адил болж юунд ингэж дарлагдах билээ” гэсэн  байна (Ж.Урангуа. “Шар Санжийн хэрэг: Дөрвөдийг тусгаарлах хэмээсэн хэргийг нэхэн шинжихгүй”, Монгол судлалын өгүүллүүд. 2019, 109-130). Үүнээс үзвэл, дөрвөдийн салан тусгаарлах гэсэн явуулгын үзэл суртлын сэдэл нь олон угсаатан бүхий Зөвлөлтийн угсаатны бодлого байсан нь харагдаж байна.  

XX зууны эхээр Монгол улс байгуулагдаж, тусгаар тогтнохын төлөөх тэмцлийн явцад тавигдсан үндэстний асуудал нь ийнхүү олон угсаатны улс болох Зөвлөлтийн бодлогыг хуулбарлах замаар шийдэгдэж, ноцтой үр дагаварт хүрсэн байна. Энэ нь Зөвлөлтийн судлаачид өөрийн харьяанд буй Азийн ард түмнүүд түүхийн хувьд бүдүүлэг нийгэмтэй гэж үзэж байсны адилаар монголчуудын нийгмийг төргүй, ураг төрлийн байгууллаар харсан мөнөөх л хувьслын онолд суурилсан түүх, угсаатны зүйн судалгаанд суурилж байжээ. 

Дарвинизмаас үүдэлтэй түүхэн эндүүрлийг залруулахуй 

Сүүлийн үед гадаадын ч, Монголын ч судлаачид хүннү, монгол зэрэг нүүдэлчид нь төргүй, ураг төрлийн нийгэмтэй байсан гэх үзлийг онолын хувьд ч, түүхэн эх сурвалжаар ч хүчтэй няцаах болсон байна. Д.Снийт Европын колоничлол хийгээд нийгэм-эдийн засгийн онолуудын үзэл суртлыг шингээсэн антропологийн хувьслын онол нь XX зууны сүүл үед өөрөө хүчтэй шүүмжлэгдэж, уг онолын хүрээнд хийгдсэн судалгаанууд няцаагдаж байгаа төдийгүй Төв Азийн нүүдэлчид, ялангуяа монголчуудын нийгмийг төргүй, ураг төрлийн байгуулалтай мэтээр үзэж байгаа нь түүхэн сурвалжийг ташаарч ойлгож, тайлбарласнаас үүдэлтэй эндүүрэл гэж үзжээ. П.Дэлгэржаргалын үзэж буйгаар, хятад сурвалжийн мэдээнд үндэслэвэл Хүннү эзэнт гүрэн нь ахлагч бүхий 24 овгийн холбоо бус, харин шаньюй хэмээх угсаа залгамжилсан эзэн хаанаар удирдуулсан, аравтын тогтолцоонд суурилсан 24 түмт бүхий засаг захиргааны нэгжээс бүрдсэн, олон зэрэг дэв бүхий түшмэд, хууль цааз, нийгмийн дээд хэсэгтээ сурвалжит овгууд бүхий хүчтэй төвлөрсөн төртэй байсан бөгөөд тус гүрний гадаад харилцаа нь хөрш улстайгаа хил тогтоох гэрээ байгуулж, түүнийгээ чанд сахиулах хэмжээнд боловсрон хөгжсөн улс байжээ. 

Д.Снийт монголчуудын нийгэмд ураг төрлийн нэгдэл, холбоо бус, харин нийгмийн эрх мэдэлтэй дээд хэсэг нь албат харвяатуудаа угсаа залгамжлан захирдаг “язгууртны дэглэмт” төр оршин байсан бөгөөд тэрхүү дэглэм нь захирах, захирагдах ёсны үзэл суртал, эзэн харвяатын ёс, хууль цааз, алба татвар, засаг захиргааны аппарат гээд төрт нийгмийн харилцааны бүхий л гол шинжүүдтэй байсан гэж үзсэн байна. Түүний тайлбарласнаар, тэрхүү язгууртны дэглэм нь төвлөрсөн төрийн засаг захиргааны тогтолцоо нуран унасан, тухайлбал Чингисийн байгуулсан эзэнт гүрэн задарсан үед ч, эсвэл монгол язгууртнууд Манж Чин улсын харьяанд орсон үед ч оршин байж, угсаа залгамжилсан язгууртнууд орон нутагт эрх мэдлээ тогтвортой хадгалж, албат харьяатуудаа хэвээр захирч байжээ. Д.Снийт орон нутгийн язгууртны дэглэм нь маш эрт, бүр Хүннүгийн үеэс оршин байсныг илтгэх арвин баримт нотолгоо байгаа талаар “Тэргүүнгүй төр” (2017) хэмээх бүтээлдээ өгүүлсэн байна (Энэ бүтээлийн талаар “Монголчууд төртэй байсан уу” нийтлэлд товч танилцуулсан болно: https://ikon.mn/n/238e).  

Д.Снийт монголчуудын тухай гол сурвалжуудад нийгмийн анги давхраа, язгууртны засаглал, угсаа залгамжлалтай холбоотойгоор гардаг нэршлүүдийг судлаачид нягтлалгүйгээр шууд “трайб” хэмээн ташаа хөрвүүлэн тайлбарлаж ирснийг залруусан байна. Тухайлбал, Монголын эзэнт гүрнээс өмнөх монголчуудын нийгмийн тухай гол сурвалж болох “Монголын нууц товчоо”-нд дурдагддаг “овог” хэмээх нэршил нь ураг төрлийн гишүүдийн  нэгдэл “трайб” бус, харин язгууртан эзэн-харьяатын харилцаанд суурилсан хүмүүсийн нэгдэл ажээ. Монголчууд хэрхэн овог үүсгэж байсны жишээ нь Жүрхин овог аж. Сурвалжид өгүүлснээр, Жүрхин овгийг Хамаг Монголын Хабул хан өөрийн ахмад хүү Охинбархагт зоригтой, хүч чадалтай эрсийг шилж өгснөөр үүсгэж байна. Д.Снийт улсын хан эзэн овог үүсгэж, түүндээ хүмүүсийг элсүүлж, язгуур угсаат хүүдээ өгч захируулж буй тус жишээгээр овог нь ураг төрлийн нэгдэл биш, харин эзэн-харьяатын харилцаанд суурилсан улс төрийн зохион байгуулалтын нэгж болохыг тайлбарлажээ.

Монголчуудын нийгмийг “язгууртны дэглэм”-ээр тайлбарласан Снийтийн санаа Монголын түүхийн хожмын үйл явдлуудыг ч тайлбарлахад тусалж байна. Үүгээр авч үзвэл, XX зууны эхээр Богд хаант Монгол улс байгуулагдсан нь Халхын ноёдын язгууртны дэглэмээ авч үлдэх гэсэн тэмцэл байсан ажээ. Түүнээс биш, 1911 оны сүүлээр Халхад Богд хаант улс байгуулагдаж, улмаар Өвөр Монголын олон хошуудыг өөртөө нэгтгэх гэсэн түүний бодлого “панмонгол” хөдөлгөөнөөс тусдаа үйл ажиллагаа байсан юм! Халхын язгууртнууд, дээд лам нар VIII Богд Жавзандамба хутагтыг эзэн хаанаар өргөмжилж Манж Чин улсаас салж, тусгаар тогтнолоо тунхагласан явдлыг гадаад хүчин зүйлсээр онцолж, тухайлбал дан Оросын нөлөө мэтээр туйлшруулж тайлбарлах нь алдаатай бөгөөд тэрхүү үйл явдлын дотоод хүчин зүйлсийг бас ойлгож байж Богд хаант улс байгуулагдсан шалтгааныг бүрэн мэдэж чадах юм. 

1911 оны 10 дугаар сард Манж Чин улсад Синьхайн (Цагаагчин гахай жилийн) хувьсгал гарснаар Манжийн төр унаж, Хятадын бүгд найрамдах улс байгуулагдах нь тэртэй тэргүй “шинэ засгийн бодлого”-ыг эсэргүүцэж, Манжийн хаант төрд эргэлзэж байсан Монголын язгууртнуудад нэгэнт ойлгомжтой болсон байна. Монгол язгууртнууд Манжийн хаант төрд нэгдэхдээ урьдаар харилцан болзол тавьж, гэрээ байгуулж, өөрийн эзэмшил дэх эзэн эрхээ баталгаажуулж, харьяат ардаа захирах эрх мэдлийг хадгалсан ажээ. Гэтэл Манж төр халагдаж, Хятадад Европын адил эрх тэгш ёс тунхагласан хятадуудын бүгд найрамдах төр байгуулагдах нь тэрхүү “язгууртны дэглэм”-д ноцтой аюул учруулах байв.   

Иймд Халхын язгууртнууд Хятадад хувьсгал ялахаас урьтан яаравчлан хөдөлж, 1911 оны 11 дүгээр сарын 30-нд Халхын Хүрээний түр засгийн газрыг байгуулж, улмаар VIII Богд Жавзандамба хутагтыг эзэн хаанаар өргөмжилсөн байна. Халхад Богд хаант улс байгуулагдсан явдал нь Халх, Өвөр Монголын чуулган, хошуудын язгууртнууд хамтдаа чуулж, шинэ төр байгуулсан хэрэг биш ажээ. М.Тачибанагийн судалгаанд дурдагдсанаар, 11 дүгээр сарын 30-нд Халхын Хүрээний түр засгийн газар байгуулагдахад Халхын баруун хоёр аймаг болох Засагт хан, Сайн ноён хан аймаг оролцоогүй бөгөөд зүүн гарын Түшээт хан, Сэцэн хан хоёр аймгийн цөөн ноёд түүнийг байгуулсан, мөн 12 дугаар сарын 29-нд VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд залж, таван яам бүхий Богд хаант засгийн газар байгуулагдахад засгийн газрын бүрэлдэхүүнд баруун 2 аймгийн ноёдоос нэг ч хүн оролцоогүй байна. Түүний үзэж буйгаар, эхний үед Монгол улсыг байгуулахад Халхын зүүн 2 аймаг л оролцож, харин баруун 2 аймаг нь байдлыг ажиглаж байжээ. Түүнийхээр, эхэн үедээ Богд хаант Монгол улсын эрх мэдэл зүүн гарын Түшээт хан, Сэцэн хан аймгуудаар хязгаарлагдаж байсан бөгөөд 1912 онд засгийн газрын бүтцэд Ерөнхий сайдын тушаалыг бий болгосноор Сайн ноён хан Т.Намнансүрэн энэ албанд томилогдож, шинэ засагт нэгджээ. 

Өвөр Монголын хошуудыг нэгтгэх гэсэн Богд хаант Монгол улсын бодлого гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалж тун амаргүй байжээ. Дээр дурдсанчлан, Богд хаант Монгол улсын Засгийн газрыг байгуулахад Халхын зүүн гарын 2 аймаг оролцож, дараа нь баруун гарын 2 аймаг нэгдсэн билээ. Харин Халхад төр байгуулахад Өвөр Монголын чуулгад, хошуудын оролцоо, харилцан болзол тохироо байгаагүй ажээ. М.Тачибанагийн үзэж буйгаар, Өвөр Монголын ноёдын эзэмшил нь Манжийн хаант төр мөхсний дараа шинээр байгуулагдсан Богд хаант Монгол улс ба Ар, Өвөр Монголын өөрийн нэг хэсэг гэж үздэг Дундад иргэн улс (ДИУ) гэсэн хоёр шинэ улсын хоорондох сул орон зай болж хувирчээ. Ингээд хоёр улсын зүгээс Өвөр Монголыг өөртөө нэгтгэх гэсэн сөргөлдөөн эхэлсэн байна.  

Богд хаант Монгол улс нь Халх, Өвөр Монголын язгууртнуудын харилцан гэрээ болзоогоор байгуулагдсан төр биш байсан учир тус улс нь Өвөр Монголын ноёдыг дагаар оруулж, харьяат болгох бодлогыг баримтлахаас өөр аргагүй болжээ. 1911 оны 12 дугаар сарын эхээр Хүрээний засгийн газраас Өвөр Монголын чуулгадад дагаар орохыг ятган ухуулах бичиг илгээсэн ба өвөр монгол ноёдыг дагаар орохыг ятган ухуулахдаа “монгол овогтон” нэгдэх ёстой гэсэн үзэл суртлыг ашигласан байна. “Монголын нууц товчоо” сурвалжид гарч буйгаар “овог” нь эзэн-харьяатын харилцаанд тулгуурласан язгууртанд захирагдсан хүмүүсийн бүлэг юм. Богд хаант Монгол улс Өвөр Монголын язгууртан ноёдыг ухуулахдаа “овогтон” гэдгийг МНТ-д дурдсантай адилаар язгууртан эзэн бүхий харьяатуудаас бүрдсэн нийгэмлэг гэсэн утгаар хэрэглэж, Өвөр Монголын язгууртнуудыг албат харьяатын хамтаар “үндэс язгуур”-аа бодож шинэ төрд дагахыг ятгасан гэж үзэж болох юм. 

Гэвч 1911 оны 12 сарын эхээр Өвөр Монголын ноёдод илгээсэн, шинэ төрд дагахыг ухуулсан бичгийн хариу ирсэнгүй, бүр 1912 оны намар хүрсэн байна. Энэ асуудалтай холбогдуулан М.Тачибана Богд хаант Монгол улс ба  Өвөр Монголын ноёдын харилцааг нарийвчлан судалжээ. Түүний судалгаанд дурдагдсанаар, 1912 оны 4 дүгээр сард Өвөр Монголын Их Зуугийн чуулганы ноёдоос Монгол улсад 13 зүйлийн асуулга хүргүүлсэн бөгөөд түүнд VIII Богд Жавзандамба хаан суух нь хэр зөв болохыг, Юань улсын Юлю Чуцай, Го Юйбао нар шиг эрдэмт түшмэл бий эсэх, улсын төсөв санхүүг хаанаас гаргах, улсын нийслэл хаана байхыг лавласан байна. Энэ асуулгаас үзвэл Их Зуу чуулганы ноёд шашны хэрэг эрхэлсэн VIII Богд Жавзандамба лам нь хаан суух хууль ёсны эрхтэй эсэхэд төдийгүй ерөнхийдөө Богд хаант Монгол улсын оршин тогтнох чадавхид эргэлзэж байсныг илтгэж байна.

М.Тачибанагийн өгүүлснээр, Өвөр Монголын ноёд дагаар орохыг ухуулсан бичигт хариу ирүүлэлгүй олон сар болсон тул Богд хаант засгийн газраас цэрэг илгээж Шилийн голын чуулганы дарга Янсанг баривчлан Хүрээнд ирүүлсэн ба энэ явдлаас хойш Өвөр Монголын ноёдод ухуулах бус, харин “үндэс язгуураа бодохгүй” гэх зэргээр зэмлэж тулган шаардах арга зам руу орсон ажээ.  Энэ ажиллагааны үр дүнд Өвөр Монголын 49 хошууны 35 нь ямар нэг байдлаар дагаар орох бичиг ирүүлсэн байна. Гэвч ДИУ-ын Засгийн газар Өвөр Монголд өөрийн мөн л бодлогыг хүчтэй явуулж, өвөр монгол ноёдын цол, зэрэг, эрх мэдлийг хэвээр үлдээж, эд мөнгө шагнал амлаж аргадахын зэрэгцээ сүрдүүлэх, тулган шаардах бодлогыг хослуулан явуулж байжээ. М.Тачибанагийн үзэж буйгаар, Өвөр Монголд хоёр талаас явуулсан бодлого нь 1913 онд “Таван замын байлдаан” гэгдсэн зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн байна. 

М.Тачибана судалгаандаа шинэ байгуулагдсан Богд хаант Монгол улсын хүч нөлөөг дутуу үнэлж болохгүй юм гэж дүгнэжээ. Үнэхээр ч түүний дүгнэлт үндэслэлтэй юм. 1919 онд Монгол улс 1915 оны Хиагтын гэрээгээр олж авсан автономит эрхээ Хятадын цэргийн эрхтнүүдэд хураалгасны гол шалтгаан нь үнэн хэрэгтээ Монголын эрх баригчид ДИУ-аас айж сүрдсэн гэхээс илүүтэй 1917 онд Орост гарсан коммунист хувьсгалаас айн болгоомжилж байсанд оршино. Хэрэв Оросын хувьсгалын нөлөө Монголд орж ирвэл олон зуун жил оршин тогтносон “язгууртны дэглэм” нь мөхнө гэдгийг Халхын язгууртан ноёд сайн ойлгож байжээ. 1911 онд монгол язгууртнууд Богд хаант Монгол улсаа байгуулж, тусгаар тогтнолын төлөө тэмцсэнээр төрөө Хятадаас хамгаалсан боловч 1917 оны Оросын хувьсгалаас язгууртны дэглэмээ аврахаар улсын автономит эрхээрээ оролдсон нь өөр нэг том үйл явдал болох 1921 оны хувьсгалд хүргэж, “үндэстэн, угсаатны асуудал” шинээр тавигдсан билээ.        

Угсаатан “төрийн бүтээл” болох нь  

Угсаатнууд нь хэл аялга, бэлгэдэл, зан заншил гэх мэт соёлын нийтлэг, шашины итгэл үнэмшлээрээ ижилссэн шинжтэй байх нь түгээмэл билээ. Тэгвэл энэ ижилсэл юунаас бий болов оо? Аяндаа цаг хугацааны явцад бий болов уу, эсвэл дээрээс зориуд бий болгосон уу? Ер нь угсаатнууд биологийн төрөл зүйл адил салбарлан өсөж үрждэг юм уу, эсвэл дээрээс угсаатныг бүтээж, салбарлуулдаг юм уу?

Хэрэв Монголын нийгэм нь орчин үежилтээс өмнөх түүхийнхээ туршид “трайбализм”-д суурилсан төргүй, ураг төрлийн байгуулалтай байсан гэж ойлговол, Монгол дахь угсаатанууд нь тус тусдаа өөрийн нийтлэг ураг төрлөөс салбарласан, өсөж үржсээр өнөө үе хүрсэн биологийн төрөл зүйл адил хүн амын бүлгүүд болох ажээ. Нийгмийн дарвинизм дахь “трайбализм”-ын нүдээр харвал ийм угсаатнуудыг төр засаг, нийгэм, соёлын дэвшлийн хүрээнд харахад нэн хэцүү бөгөөд тэдний үндсэн түүх нь овог аймгууд нь төрөл зүйл шиг салж нийлсэн, салбарласан, шинэ нутагт суурьшсан, мөхсөн үйл явц байх аж. Хэрэв эрт үедээ цаг хугацаа зогссон тэдний нийгэмд төр засгийн аппарат үүсэж, нийгэм, соёлын дэвшил гарсан бол тэр нь гадаад ертөнцөөс зээлдмэл байх учиртай. Бид өнгөрсөн дэх нийгмээ “трайбализм”-аар харвал бидний нүдэнд ийм л ерөнхий дүр зураг харагдна.  

Гэвч сүүлийн үед судлаачид гадныхан ч, монголчууд өөрсдөө ч дарвинизм, трайбализмаар нийгмээ ойлгож ирсэн нь алдаа болохыг судалгаагаар илрүүлж байна. Монгол нутагт Хүннүгийн үед төрт нийгэм оршиж байсан ирсэн бөгөөд тэр цагаас хойш тус нутагт аж төрж ирсэн хүмүүсийн зан заншил, шашины итгэл үнэмшил гэх мэт соёлын нийтлэгүүдийн өөрчлөлт, залгамж нь төрөөс хамаарч иржээ. Тухайлбал, XVI, XVII зууны үеэс монголчууд нийтээрээ Түвдийн бурханы шашинд орж, шашины итгэл үнэмшлийн нийтлэг үүссэн нь хар аяндаа бий болоогүй, харин төрийн бодлогоос шалтгаалжээ. Хожим социализмын үед шашиныг хавчсан, 1990 оны дараа шашины нөхцөл байдал өөрчлөгдсөн нь мөн л төрийн бодлого байлаа.  

Д.Снийт нүүдэлчдийн нийгэм дэх угсаатны нэгдлийн асуудлыг төрийн уламжлал, засаг захиргааны зохион байгуулалтаас холдуулах боломжгүй гэж өгүүлсэн байна. Үнэн хэрэгтээ халх, буриад, дөрвөд, баяд, захчин, торгууд, дарьганга, урианхай зэрэг нийтлэгүүд нь түүхийн явцад дээрээсээ зохион байгуулагдаж, язгууртан эздийн харьяат буюу төрийн засаг захиргааны хуваариас үүсэлтэй хүн амын нийтлэгүүд ажээ. 

Тухайлбал, Халх нь засаг захиргааны хуваарь нэгжийн хувиар Монголын 6 түмний нэг болж байсан бөгөөд XVI зуунд Даян хааны отгон хүү Гэрсэнзийн харьяат болсон хүн амын нийтлэг нь өнөөгийн Монгол улс дахь халх нар юм. Д.Снийтийн бичсэнээр, Ховд аймгийн өмнө талын Захчин нь хилийн харуулын албанд томилогдсон өөр өөр харьяатуудаас бүрдсэн Зүүнгарын засаг захиргааны нэгж (отог) байжээ. Тэгвэл Сүхбаатар аймгийн Дарьганга нь XVII зуунд Манжийн хааны мал сүргийг хариулах алба бүхий захиргааны нэгжийг өөр өөр газраас ирүүлсэн албатуудаар байгуулснаар үүссэн байна. Иймээс Монгол дахь угсаатны бүлэг гэх нийтлэгүүд нь өөр өөр цаг үед төрийн бодлого, ажил үүргийн хуваарь бүхий засаг захиргааны хуваарийн өөрчлөлт шинэчлэлтээр үүсэн бүрэлдсэн ажээ. Өөрөөр хэлбэл, халх, буриад, дөрвөд, баяд, захчин, торгууд, дарьганга, урианхайн нийтлэгүүд нь “бидний өнгөрсөнд ямар төр байсны тусгал” юм.  

1921 онд Ардын засгийн газар байгуулагдсанаар Монголд хувьсгалт өөрчлөлт эхэлсэн байна. Шинэ засгийн газар 1922 онд хамжлагын ёсыг халснаар Монголд эзэн-харьяатын ёс үгүй болжээ. Тэр цагаас хойших төрийн бодлого, засаг захиргааны хуваарийн шинэчлэл нь Монгол дахь орчин цагийн үндэстний нийтлэгийг бий болгосон нь ойлгомжтой юм. Өнөөдөр Монгол улсад жирийн иргэдийн хувьд бодит амьдрал дээр халх, дөрвөд, баяд, захчин, торгууд, дарьганга, урианхай гэх хуучны нийтлэгээс илүүтэй, аймаг, сумаараа ижилссэн ялгарал бий болсон байна. Гэхдээ энэ нь харьяат бүхий эзэн ноёдын эзэмшил, эсвэл харуулын, сүргийн гэх мэт тусгай алба үүрэг хүлээсэн захиргааны нэгж бус, харин үндсэн хуульдаа бүх иргэнийхээ эрх тэгш ёсыг тунхагласан бүгд найрамдах улсын засаг захиргааны зохион байгуулалт юм. 

Хэрэв би өнөөдөр Улаанбаатар хотод Бат, Буд, Цэдэн, эсвэл Дамдин гэх нэртэй хүнтэй таарвал тэр хүн халх, буриад, урианхай, дөрвөд үү гэдгийг нь шууд таних магадлал маш бага болов уу. Ер нь тэр хүнийг “монгол” л гэж бодохоос биш, халх, буриад, урианхай юу гэдгийг нь мэдэх ч шаардлага үгүй биз. Харин Батуев, Будаев, Цэдинов, эсвэл Дамдинов гэх нэртэй хүнтэй таарвал тэр хүн “Оросоос ирсэн буриад” байна гэдгийг ядах юмгүй ойлгоно. “Төр” ингэж ялгаа бий болгодог аж. Хэл аялга ч биш, бүр хүмүүсийн нэрийг хүртэл шүү.  


МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш П.Мягмар