Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өчигдөр төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн төлөөлөлтэй цахим болон зайн сургалт, чанар, үр дүн, сургалтын төлбөрийн асуудлаар уулзлаа.
Яамнаас зохион байгуулж байгаа теле, цахим, зайн, холимог сургалтын талаар болон оюутны сургалтын төлбөрийн зээл, тусламжтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уулзалтын эхэнд товч танилцуулан, сургуулиудын энэ талаар хийж байгаа ажлын мэдээлэл сонслоо.
“Этүгэн” их сургуулийн ТУЗ-ийн дарга академич С.Нямзагд “Сургуулиуд асар их зардал гаргаж, өөрийн программтай, системтэй, хүн хүчтэй цахим сургалтыг босгож ирж байна. Анх цахим сургалт эхэлж байсантай харьцуулахын аргагүй том алхам хийж чадлаа. Манай оюутнуудын 80 хувь нь цахим сургалтад сэтгэл хангалуун байгаа” гэсэн. Тодорхой хувийн шүүмжлэлийг нийт оюутны асуудал болгон дэвэргэж, улстөржүүлж, оюутнуудыг турхирах нь зохисгүй гэдгийг хэд хэдэн захирал нэмж хэллээ.
МУБИС-ийн захирал Д.Мандах “Манай сургуулийн хувьд 2019-2020 оны хичээлийн жилд хамаарах зээлтэй холбоотой асуудал байхгүй. Энэ хичээлийн жилийн хувьд сая гарсан Засгийн газрын шийдвэрийн дагуу зээлд хамрагдах оюутнууд бий. Сургууль бүр удирдах зөвлөлтэй, өөрсдөө төлбөрөө тогтоож, оюутнуудаа элсүүлсэн. Тиймээс төлбөртэй холбоотой асуудлыг сургуулиуд өөрсдөө шийдэх нь зөв” гэсэн байр суурьтай байв.
Санхүү, эдийн засгийн их сургуулийн ректор Б.Мөнхбаяр цаашид оюутны зээлийг улсын төсвөөс санхүүжүүлээд байх нь хүндрэлтэй. Тиймээс зах зээлийнх нь зарчмаар арилжааны банкаар дамжуулах нь урт хугацаандаа зөв гарц болно гэсэн санал хэлэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн уулзалтын төгсгөлд захирлуудад дараах үүрэг, чиглэл өглөө.
Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх, Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд зэрэг албаны хүмүүс оролцож, захирлуудын асуултад хариулав.
Эх сурвалж: БШУЯ